Үүдэл эс(stem cell)-ийн идэвхжүүлэлт бүхий ломбоны материал нь шүд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх боломж олгоно
2017.02.13 0.0 0

Хүмүүс шүдний эмчид очихдоо хэзээ нэгэн цагт шүд яагаад өөрийгөө нөхөн сэргээж чаддаггүй юм болоо гэж бодож байсан байж болох юм. Тэгвэл шүд өөрийгөө нөхөн сэргээж, эдгээж чаддаг болж чадах нэгэн төслийг University of Nottingham ба Harvard University хамтран эхлүүлээд байна. Эдгээр их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд гарган авах шүдний ломбоны материал нь шүдийг өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломж олгох гэнэ.

Энэхүү шүдний шинэ материал нь үүдэл эсийг идэвхжүүлэх замаар тугалмайн эдийн нөхөн төлжилтийг дэмжиж өгнө. Хүний ястай төстэй ломбоны материал нь шүд цоорох өвчний улмаас бүтцээ алдаж гэмтсэн шүдний хатуу эдүүдийг түргэн хугацаанд нөхөн төлжүүлэх гэнэ. Өнөө үед ашиглаж байгаа шүдний эмчилгээний аргачлалтай харьцуулахад ийм төрлийн ломбоны материал ашиглах нь шүдний эмчилгээ хийлгэхээс айдаг хүмүүст илүү тааламжтай байх гэнэ.

Энэ төрлийн ломбоны материалд мөн олон төрлийн давуу тал байх бөгөөд “Одоо ашиглаж байгаа ломбоны материалууд нь биеийн эд эсэд хоруу чанартай тул шүдний доторх зөөлцийн эд эсэд нийцэл муутай байдаг” гэж   University of Nottingham-ын судалгааны багийн гишүүн Adam Celiz хэлж байна. “Ийм зөөлцийн үрэвслийн үед болон сувгийн оройн үрэвсэлийн үед шүдний доторх бүх зөөлөн эдийг авч цэвэрлэх шаардлагатай болдог” гэж тэрээр нэмж хэллээ.

Adam Celiz  шинэ төрлийн материалын тухай “Харин бидний хөгжүүлж байгаа шинэ төрлийн нийлэг биоматериал нь шүдний зөөлцийн эдүүдтэй шууд харьцаж зөөлцөд агуулагдах төрөлхийн гаралтай үүдэл эсүүдийг идэвхжүүлж өгсөнөөр зөөлцийн эдүүдийг нөхөн сэргээж орчны тугалмай эдүүдийн ургалтыг нэмэгдүүлж шүд өөрийгөө нөхөн төлжүүлэх боломж олгоно” гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр энэ шинэ төрлийн материал худалдаанд гарах хараахан болоогүй байгаа ч шүдний салбарын судлаачид энэхүү шинэ төрлийн материалыг тун удахгүй зах зээлд нийлүүлж уламжлалт ломбоны материалыг халах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

Эх сурвалж: futurism.com

 

 


Tag:судалгааны тойм, Reseach
Бусад






avatar