Шүд хоорондын завсарын цоорлыг өрөмдөлтгүйгээр ломбодох шинэ төрлийн эмчилгээний аргачлал хөгжүүлж байна
2017.02.16 4.3 0

BIRMINGHAM, Ala., USA: АНУ-ын Албама Их Сургуулийн Шүдний салбарын судлаачид шүдний эгнээний завсрын цоорлын үед ашиглахад зориулагдсан эмчилгээний нэгэн шинэ аргачлалыг өөрсдийн гүйцэтгэж буй эмнэлзүйн туршилт судалгааны хүрээнд олон нийтэд танилцууллаа. Энэхүү эмчилгээний шинэ аргачлал нь шүд хоорондын завсрын цоорлын үед шингэн гель хэлбэрийн хуванцар материалыг шүд хооронд хавчуулсан нүхжилт бүхий тусгай зориулалтын хуванцар ялтсаар дамжуулан цоорлын хөндийд нэвчүүлэхэд үндэслэгдсэн бөгөөд ингэснээрээ шүд ломбодоход зайлшгүй шаардлагатай байсан уламжлалт аргачлалуудын өвчтөнүүдийг хамгийн их түгшээдэг шүд өрөмдөх, мэдээ алдуулах тариа хийх зэрэг ажилбаруудаас зайлсхийх боломж олгож байна.

Хэдийгээр энэхүү шингэн хэлбэрийн хуванцар материал нь Герман улсад үйлдвэрлэгдэж АНУ-ын Хоол хүнс, Эмийн бодисын Хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрлөө авсан зах зээлд худалдаалагдаж байгаа материал боловч АНУ-ын хэмжээнд ихэнхдээ зөвхөн эмнэлзүйн туршилт судалгааны зорилгоор ашиглагдаж байна. Албама Их Сургуулийн судалгааны баг энэ материалын судалгааны хүрээнд 150 хүнийг хамруулсан АНУ-ын хэмжээнд томоохонд тооцогдох эмнэлзүйн туршилт судалгааг эхлүүлээд байна.

“Шүд завсарын цоорлын хөндийг хэлбэржүүлэх явцад заримдаа шүдний өрөм халтиран тухайн шүдний хөрш эрүүл шүдийг гэмтээх тохиолдол гардаг” гэж Албама Их Сургуулийн эмнэлзүйн судалгааны төвийн профессор Dr. Augusto Robles хэлээд “Харин энэ шинэ төрлийн аргачлал нь шүдийг заавал өрөмдөх шаардлагагүй тул эрүүл шүдийг гэмтээхээс сэргийлж байгаа юм” гэж шинэ материалын давуу талыг тайлбарлалаа.

Шинэ материалын зааврын дагуу эхлээд цоорлын хөндийрүү зориулалтын гел шахаж хөндийг цэвэрлэж шингэн хуванцар нэвтрэхэд зориулан бэлтгэнэ. Үүний дараа шүд хоорондын завсар хавчуулсан нүхтэй тусгай зориулалтын ялтсын хоорондуур шингэн хуванцараа шахаж цоорлын хөндийд нэвчүүлнэ. Эцэст нь материалыг шүдний материалын зориулалтын ердийн гэрлийн аппаратаар шарж хатууруулна.

Хэдийгээр энэхүү аргачлал нь ашиглахад маш хялбархан боловч зориулалт нь зөвхөн шүд хоорондын шүдний цоорол эсвэл гөлгөр гадаргуутай жижиг хэмжээний шүдний цоорлын хүрээнд л хязгаарлагдна. Шүдний хоршихуйн гадаргуу дээрх томоохон хэмжээний шүдний цооролд энэ аргачлал нь тохирможгүй бөгөөд учир нь шингэн хуванцарт хэлбэр гаргах боломжгүй. Иймд энэхүү аргачлал нь маш өвөрмөц гэж Dr. Augusto Robles онцлон анхаарууллаа.

АНУ-ын эмч нарын хувьд хэрэв хүсвэл өөрийн өвчтөнүүдийг энэхүү эмнэлзүйн туршилтад хамруулж болох гэнэ.

 

Эх сурвалж: dental-tribune.com

 

 

 


Tag:Ломбоны материал, технологийн мэдээлэл
Бусад






avatar