Хүний нүүрийг шүд, эрүү болон бусад эрхтнүүдийн хамт бүхлээр нь шилжүүлэн суулгах face transplant мэс засал амжилттай хийгдлээ
2017.02.21 3.0 0

2006 онд Andy Sandness хэмээх АНУ-ын 21 настай залуу амиа хорлох бүтэлгүй оролдлого хийсний улмаас нүүрэндээ томоохон хэмжээний гэмтэл авсан байна. Түүний эрүүрүү буудсан бууны сумны улмаас нүүрний доод хэсэг тэр чигтээ гэмтэж, хүнд хэлбэрийн гэмтэл үүссэн бөгөөд Minnesota мужийн Rochester-т байрлах Mayo Clinic-т хүргэгдэн ирсэнээр амь нас нь аврагдсан боловч эрүү, шүд, хамарыг сэргээх ямар ч боломжгүй болсон байлаа.

Гэвч 2012 онд тус эмнэлгийн зүгээс Andy Sandness-д түүний нүүрэнд өөр хүний нүүр иж бүрнээр нь шилжүүлэн суулгах face transplant мэс заслыг санал болгосон байна. Энэ төрлийн мэс засал нь маш олон төрлийн эрсдэлтэй тулгарч болзошгүй төдийгүй хагалгааны дараа хүндрэл үүсэх өндөр магадлалтай. Хэдийгээр ийм олон эрсдэлт хүчин зүйлс байгаа ч Sandness энэ бүхнийг хүлээн зөвшөөрч мэс засал хийлгэхийг зөвшөөрсөн байна.

Andy Sandness-ын нүүр шилжүүлсэн суулгах мэс засалд эмч нар бараг гурван жилийн турш бэлтгэл хийсэн бөгөөд нийтдээ 50 Бямба гаригийн үйл ажиллагааг энэхүү мэс заслын бэлтгэлд зориулсан байна. 2016 онд түүнийг эрхтэн шилжүүлэн суулгах донорын захиалгад бүртгүүлсэн ба үүнээс дөнгөж 5 сарын дараа нүүрний донорын хариуг хүлээн авсан байна.

Andy Sandness-т нүүр шилжүүлэн суулгах мэс засал нийтдээ 56 цаг үргэлжилж 60 төрлийн тусгай мэргэжилтэн мэс заслын үйл ажиллагаанд оролцсон байна. Үүний үр дүнд Mayo Clinic эрхтэн шилжүүлэх анагаах ухааны түүхэнд анх удаа хүний нүүрийг хамар, хацар, ам, хоншоор, уруул, шүд, эрүүний хамт иж бүрнээр нь амжилттай шилжүүлэн суулгалаа.

Мэс заслын дараа тэрээр үнэр, амт зэргийг дахин мэдэрч байгаагаа илэрхийлж буй бөгөөд амьсгалах үйл ажиллагаа нь илүү сайжирсан байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухааны салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт судлаачид туршилтыг хулгана дээр нүдний солонгон бүрхэвч шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ мэс засал тун удахгүй хүн дээр хийгдэх талаар төлөвлөгдөж байна. 2016 оны төгсгөлд Leeds Teaching Hospital NHS Trust эмнэлэг хүний гарыг бүхлээр нь шилжүүлэн суулгах боломжтой болсон талаар зарласан байдаг.

 

Эх сурвалж: futurism.com


Tag:гадаад үйл явдал, face transplant, эрхтэн шилжүүлэн суулгах
Бусад






avatar