Орос ба Шведийн судлаачдын хамтарсан баг хүний хөгшрөлтийн процессийг удаашруулах нөлөөтэй шинэ арга замыг олж илрүүлсэнээ зарлалаа
2017.02.23 0.0 0

Өнөө үед хөгшрөлтийг өвчинтэй адилтгаж үздэг судлаачид улам олон болсоор байгаа ба түүнийг өвчний адил таслан зогсоох, үгүйдээ удаашруулах боломжтой гэдэг дээр бүгд санал нэгддэг. Тэгвэл ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль ба Шведийн Стокгольм Их Сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хөгшрөлтийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажил тун саяхан  Journal Aging сэтгүүлд хэвлэгдлээ. Энэхүү судалгаа нь бие организмын хөгшрөлтөнд эсийн митохондрийн үүрэг дээр онцгойлон анхаарлаа хандуулсанаараа бусдаас онцлог байлаа.

Оросын биологич Владимир Скулачевийн удирдлаган дор энэхүү судалгааны төсөл хэрэгжсэн бөгөөд туршилт судалгаа нь генийн мутацид оруулан генийн өгөгдөлийг нь өөрчлөн бэлтгэсэн тусгай зориулалтын хулгана дээр хийгдсэн байна. Хулганы генийн мутацийг Швед улсад гүйцэтгэн энэхүү судалгааны туршилтын материал болгон ашиглажээ. Энэхүү мутац өөрчлөлт нь хулганы эсийн митохондрын амьдралын үйл явцыг илүү түргэсгэж өгдөг шинж чанартай байлаа. Хэдийгээр туршилтын хулгана нь хоёр жил гаран амьдрах чадвартай ч мутацид оруулсаны дараа жил ч хүрэхгүй хугацаанд амьдардаг болсон төдийгүй хөгшрөлтөөс шалтгаалах төрөл бүрийн өвчин ба эмгэг үүсч байгаа нь тогтоогдсон нь эсийн митохондри эрхтэнцэр нь бие организмын хөгшрөлтөнд чухал үүрэгтэй болохыг тодорхой харуулж байна.

Тэгвэл судлаачид 100 орчим хоногийн настай генийн мутацид оруулсан туршилтын хулганд  SkQ1 хэмээн нэрлэдэг митохондрид тусгайлан зориулан бүтээсэн хиймэл антиоксидантаар хөгшрөлтийн эсрэг эмчилгээний туршилт хийжээ. SkQ1 нь Москвагийн Их Сургуулийн Владимир Скулачевийн лабораторид гарган авсан бүтээгдэхүүн юм байна. Судлаачид SkQ1 антиоксидантыг хулганы уудаг усанд найруулан уулгасан ба хяналтын бүлгээр авсан мөн адил мутац хийсэн хулганад зүгээр цэвэр ус өгч байсан байна. Үүний үр дүнд туршилтанд авсан генийн мутацитай хулгануудын амьдрах хугацаа уртасч 200-250 хоног насалсан бол хяналтын бүлгээр авсан зүгээр ус ууж байсан хулганууд түргэн хугацаанд хөгшрөн, биеийн жингээ алдаж ясны сийрэгжилт болон бусад хөгшрөлтийн шалтгаант өөрчлөлтүүдэд өртсөн байна. Мөн эдгээр хяналтын бүлгийн хулгануудын хөдөлгөөн удааширч, хүчилтөрөгчийн хэрэглээ багасах зэргээр хөгширөлтийн бүх шинж тэмдэгүүд илэрч байлаа.

Энэхүү судалгааны үр дүнд эсийн митохондри нь организмын хөгшрөлтөнд чухал үүрэгтэй болох нь нэгэнт тодорхой боллоо. “Бидний энэхүү судалгааны ажил нь онолын төдийгүй практикын хувьд чухал ач холбогдолтой. Анх удаа энэ нь сүүн тэжээлтэн амьтадын хөгшрөлтөнд митохондрийн боловсруулсан химийн идэвхтэй хүчилтөрөгчийн нэгдэл онцгой үүрэгтэй болохыг маш тодорхой батлан харууллаа” гэж Владимир Скулачев өөрийн судалгааны үр дүнг тайлбарлаж байна. “Үүний зэрэгцээгээр бидний судалгаа нь митохондрид чиглэгдсэн антиоксидантын тусламжтайгаар хөгшрөлтийн эсрэг эмчилгээ хийх арга замыг нээлээ” гэж тэрээр нэмж хэллээ.

Судалгааны энэхүү үр дүн дээр үндэслэн Владимир Скулачевийн баг аль хэдийнээ SkQ1 тулгуурласан эмийн бодис бүтээхээр ажиллаж байна. SkQ1 агуулсан Visomitin хэмээх нүдний дусаалга энэ хугацаанд хэдийнээ ОХУ-ын хэмжээнд ашиглах зөвшөөрлөө авсан төвийгүй АНУ-ын хэмжээнд хоёр удаагийн эмнэлзүйн туршилт судалгааг даваад байна. SkQ1-ыг амаар ууж хэрэглэх бас нэг эмийн төсөл хөгжүүлэлтийн үе шатандаа явж байгаа ба ОХУ-ын хэмжээнд эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байна. Хэрэв асуудал төсөөлж байгаа шиг сайнаар үргэлжлэх юм бол хөгшрөлтийн эсрэг ууж хэрэглэх өндөр үр дүнтэй митохондрийн үйл ажиллагааг дэмжих шинэ төрлийн эмийг ойрын 2-3 жилийн дотор дэлхийн хэмжээгээр худалдаанд гаргана гэж судлаачид төлөвлөж байна.

 

Эх сурвалж: futurism.com

 

 

 

 

 

 


Tag:Science, судалгааны тойм, Aging, Research
Бусад






avatar