Шүд ба эрүү нүүр орчмыг хамарсан гурвалсан мэдэрлийн өвдөлтийг намжаах эмчилгээний шинэ аргачлал хөгжүүлж байна
2017.03.06 5.0 0

ZURICH, Switzerland: Гурвалсан мэдрэлийн өвдөлт гэдэг нь шүд болон нүүрний орчмыг хамарсан маш хурц, хүчтэй өвдөлт учруулдаг. Мэдрэлийн шалтгаантай энэхүү архаг хэлбэрийн эмгэгийг эмчлэх стандарт эмчилгээний аргачлал нь хүний биед нэлээд олон төрлийн сөрөг нөлөөтэй байдаг. Тэгвэл Швейцарийн судлаачид мэдрэлийн өвдөлтийг маш үр дүнтэй саармагжуулах хүний биед дасан зохицол сайтай нэгэн бодисыг гарган авсанаа зарлалаа.

Эрүү нүүрний орчим шүдрүү хурц зүйлээр хатгах мэт огцом, хүчтэй гурвалсан мэдрэлийн өвдөлт нь энэ эмгэгээр өвчилсөн хэн бүхнийг маш ихээр зовоож, бие организмын таагүй байдал үүсгэдэг. Иймдээ ч гурвалсан мэдрэлийн өвдөлт нь хүний биед тохиолддог хамгийн хэцүү архаг хэлбэрийн өвдөлтөнд тооцогдог. Энэ өвдөлт нь нүүрний орчим үл мэдэг шүргэлцэх ямар ч зүйлд тухайлбал сахлаа хусах, нүүрэндээ оо энгэсэг түрхэх, нүүрээ угаах, шүдээ угаах төдийгүй салхины үл мэдэг сэвшээнээс ч шалтгаалан сэдрэх нь бий. Ийнхүү хүчтэй өвдөх шалтгаан нь тархины эрүү нүүр орчмын эдүүдийг мэдрэлжүүлэх зориулалттай гурвалсан мэдрэл цочирсонтой холбоотой.

Тэгвэл энэ чиглэлээр хийгдсэн саяхны нэгэн судалгааны үр дүн энэ эмгэгт өртөн зовж шаналж буй хүмүүст итгэл найдварын гал төрүүлж өгөхүйц үйл явдал боллоо. Олон улсын судлаачдын хамтарсан багийн гаргасан нэгэн бодис нь мэдрэлийн өвдөлтийг хангалттай хэмжээнд багасгаж өгч байгаа нь туршилт судалгаагаар баталгаажсан ба одоо Швейцарийн Цюрих Их Сургуул(University of Zurich)-ийн Нүүр Ам Судлалын төвд уг материалын эмнэлзүйн туршилт судалгааны хоёрдугаар үе шат явагдаж байна.

Өвдөлтийн мэдээлэл нь тархинд мэдрэлийн эсийн гадна бүрхэвчийн натрийн сувгийн идэвхжлийн улмаас дамждаг. Nav1.7 натрийн суваг нь ихэвчлэн өвдөлт дамжуулах мэдрэлүүдэд илрэх бөгөөд энэ сувгийн идэвхжил нь хүчтэй өвдөлт үүсэхтэй нэг шижмээр холбогддог. Натрийн сувгийг хэсгийн мэдээ алдуулагч зэрэг бодисуудын тусламжтайгаар хориг тавьсанаар өвдөлт намжаах аргачлалыг өргөн ашигладаг ч гурвалсан мэдрэлийн эмгэгийн хувьд гэмтлийн гол төв нь гавлын суурь хэсэгт байдаг тул тэр хэсэгт тариа болон мэдээ алдуулагч нэвчүүлэхэд бэрхшээлтэй тул зайлшгүй эмийн эмчилгээ шаардлагатай болдог.

Гурвалсан мэдрэлийг саатуулах чиглэлээр  BIIB074 нэршил бүхий бодисыг туршиж үзэхэд эсийн Nav1.7 сувгийг төлөв байдлаас шалтгаалахгүйгээр маш сайн блоклож чадаж байсан байна. Энэ нь тухайн суваг хэдий чинээ өндөр идэвхтэй байна BIIB074 бодисоор төдий чинээ үр дүнтэй блок үүсгэх боломжтой гэсэн үг юм. Харин өнөө үед мэдрэлийн өвдөлтийн стандарт эмчилгээ болгон ашиглаж буй эмийн бодисын тусламжтайгаар Nav1.7 сувгийг блоклох аргачлал нь мэдрэлийн сувгийн идэвхжилтэй хамааралгүй тул тэр хэрээрээ сөрөг нөлөө учруулдаг. “Өнөө үед ашиглаж буй эмийн бодисуудаас BIIB074-ын гол ялгаа нь эмийн бодисууд нь ихэвчлэн түүний концентрациас шалтгаалсан асуудлууд үүсгэдэг бол шинэ бодисын хувьд ийм асуудалгүй бөгөөд хүний биед маш сайн нийцэж чаддагт оршино” гэж Цюрих Их Сургуулийн судлаач Dr Dominik Ettlin тайлбарлаж байна. “Судалгааны дараагийн үе шатанд бид гарган авсан энхүү бодисоо олон зориулалтаар туршиж үзэх бөгөөд үүний үр дүнд өвдөлтийг илүү сайн намжаах арга замыг олж илрүүлэх болно гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

Энэхүү судалгаа нь “Safety and efficacy of a Nav1.7 selective sodium channel blocker in patients with trigeminal neuralgia: A double-blind, placebo-controlled, randomised withdrawal phase 2a trial” гарчигтайгаар Lancet Neurology сэтгүүлийн 2-р сарын 16-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:Science, судалгааны тойм, Research
Бусад






avatar