Сурвалжийн нөхөн төлжилтийг дэмжих Apexogenesis ба apexification эмчилгээний аргачлалуудын тухай
2017.03.07 5.0 0

Шүд солигдлын насан дээрээ байгаа бага насны хүүхэд, залуучуудад шүд цоорох өвчний улмаас шүдний зөөлцөд халдвар дамжих эсвэл гадаад хүчин зүйлсийн улмаас зөөлц гэмтэх зэрэг нь шүдний өөрийн хэвийн хөгжилд нөлөөлж, эмнэлзүйн тулгамдсан асуудлуудыг үүсгэдэг. Шүдний зөөлцөд асуудал үүссэн бол шүдний хөгжил бүрэн явагдаж дуусахгүй бөгөөд шүдний сурвалжийн хөгжил дутуу байх шалтгаан болно. Шүд буйлнаас цухуйж урган гарч ирэх үед шүдний сурвалжийн дөнгөж гуравны хоёр хэсэг нь л хэлбэржсэн байдаг. Энэ үед шүдний зөөлөн эд, зөөлцөд ямар нэгэн эмгэг өөрчлөлт байх л юм бол шүдний тугалмайн эдийн нийлэгжил зогсож улмаар сурвалжийн хэлбэржилт зогсдог. Дутуу хэлбэржсэн сурвалж нь хэлбэр дүрсийн хувьд бүрэн гүйцэд хөгжөөгүйгээс ердийн сурвалжаас эсрэг хэлбэр дүрстэй эсвэл доошоогоо өргөссөн конус хэлбэртэй болж оройн нүх нь онгорхой үлдэнэ. Яг ингэж дутуу хэлбэржсэн сурвалж нь хожуу хойно шүдэнд асуудал үүсэх үед сурвалжийн оройг битүүлэхэд бэрхшээлтэйгээсээ шалтгаалан сурвалжийн сувгийн эмчилгээ амжилтгүй болох сул тал болно. Үүний зэрэгцээгээр дутуу хөгжсөн тугалмайн эдийн нимгэн хана нь шүдний ёзоорын хугарал үүсэх шалтгаан болно. Эмнэлзүйн энэ нөхцөл байдалд Apexogenesis эсвэл Apexification эмчилгээний аргачлалын аль нэгийг сонгон хэрэглэдэг.

Apexogenesis

Apexogenesis төрлийн эмчилгээний аргачлалыг зөөлцийн дахин сэргэх боломжтой бага хэмжээний үрэвслийн үед зөөлц амьд байгаа тохиолдолд ашиглана. Энгийнээр тайлбарлах юм бол энэ аргачлал нь шүдний физиологийн нөхөн төлжилтийг дэмжиж өгөх аргачлал юм. Энэ эмчилгээ нь зөвхөн хүүхэд болон залуу хүмүүст л амжилттай болдог нь энэ насан дээр шүдний цусан хангамж насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад илүү сайн байдагтай холбоотой. Эмчилгээний зорилго нь шүдний зөөлцийг амьдаар нь хадгалах, сурвалжийн ургалтыг дэмжиж өгөх, улмаар сурвалжийн оройн нүхийг битүүмжилэх зориулалттай. Энэ чиглэлээр олон төрлийн эмчилгээний аргачлалуудыг ашигладаг бөгөөд indirect pulp treatment, direct capping ба зөөлцийг хэсэгчилэн тайрах зэрэг хамаарна.

Apexification

Apexification төрлийн эмчилгээний аргачлалыг зөөлц нэгэнт эргэн сэргэх боломжгүй болж үхэжсэн үед ашиглана. Эмчилгээ нь сурвалжийн нээлттэй орой хэсгийг орчны эдийн эрдэсжилтийг дэмжих замаар битүүмжлэл, хориг үүсгэхэд чиглэгднэ. Эдгээр орчны эдүүдэд osteodentin, osteocementum, ясны эд эсвэл энэ гурван эдийн нийлэмж зэрэг байж болно. Энэ аргачлалыг мөн root-end closure гэх нь бий.

Apexification эмчилгээний аргачлал нь үхэжсэн зөөлцийг авч цэвэрлэх, тэр хэсэгт эмийн бодис тавьж эдийн нөхөн төлжилтийг дэмжих замаар оройн нүхийг битүүмжлэхэд чиглэгднэ. Хэрэв шүдний сурвалжийн хөгжил зогсох л юм бол сурвалжийн хугарал болон сурвалжаас шалтгаалсан шүдний эмгэг үүсэх нөхцөл байдал бүрэлдэнэ. Иймд тухайн шүдэнд ямар ч эмчилгээ хийх байсан тэр нь Apexification-ы амжилтан дээр л тулгуурлах болно.

Apexogenesis ба Apexification эмчилгээний аль алиных нь амжилттай болж буй эсэхийг эмчилгээ эхэлсэнээс гурван сарын дараа хяналт шинжилгээ хийж тодруулна. Хэрэв эмчилгээ амжилттай болж шүдний сурвалж хэвийн нөхөн төлжих юм бол тухайн шүдэнд уламжилалт сувгийн эмчилгээний арга ашиглан сувгийн орой, сувгийг битүүмжлэн ломбодно.

Apexogenesis ба Apexification эмчилгээний хоорондын ялгаа

Энэ эмчилгээний аргачлал нь хоёулаа бүрэн ургаж хэлбэржиж гүйцээгүй залуу хүмүүсийн шүдэнд хийгддэгээрээ адил боловч өөр хоорондоо зарчмын том ялгаатай. Apexogenesis эмчилгээний үндсэн зорилго нь шүдний зөөлцийг амьдаар нь хадгалж шүд цаашдаа өөрөө нөхөн төлжих боломжийг олгох явдал бол Apexification эмчилгээ нь шүдний зөөлц үхэжсэн, шүд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх боломжгүй болсон үед хийгддэг. Эмчилгээний зорилго нь сурвалжийн орой орчимд кальцийн хуримтлал үүсгэж оройн нүхийг битүүмжлэхэд чиглэгднэ. Иймд дээрх эмчилгээний аргуудыг зөв сонгохын тулд шүдний зөөлц амьд байгаа эсэхийг сайтар шалган магадлах нь зүйтэй.

 

 

Эх сурвалж: dentagama.com


Tag:сувгийн эмчилгээ, Apexification, эмнэлзүйн практик, Apexogenesis
Бусад






avatar