Ц.Базаррагчаа: Шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, технологи, инноваци бол бид бүгдийн анхаарлаа хандуулах хамгийн гол зүйл
2017.03.08 0.0 2

Shud Magazine: Сайн байна уу Ц.Базаррагчаа эмчээ, таныг НАС-ын салбараас Япон улсад докторын зэрэг хамгаалсан анхны мэргэжилтнүүдийн нэг, бас өнөөг хүртэл судалгаа шинжилгээний ажлаа орхилгүй буйлны үрэвслийн чиглэлээр Монголын гэж нэрлэгдэх бүтээгдэхүүн гаргаж авсан судлаач гэдэг утгаар нь ярилцлага авья гэж эртнээс бодоод л явлаа. Таны явуулж байгаа сургалт, өгч байгаа мэдээллийг ажиглаад л явлаа. Манай сайтын хувьд Нүүр ам судлалын салбарт он удаан жил ажилласан мэргэжилтнүүдийнхээ санаа бодлыг цаашид салбарын хамт олонд цувралаар хүргэх зорилготой байгаа юм. Ярилцлагын эхэнд та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу.

Ц.Б: Сайн байна уу Shud Magazine, баярлалаа. Би 1993 онд АУДэС-ийг нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн, төгсөөд сургуульдаа хэсэг хугацаанд согог заслын багшаар ажиллаж байлаа.Япон улсын Окаяамгийн Шүдний Их сургуульд 1993 онд шүдний эрүүл ахуй, 1994 онд шүдний эмчилгээ, 1995 онд хүүхдийн шүдний эмчилгээ, 1996 онд хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээгээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Үүний дараа 2001-2003 онд тэр сургуульдаа микробиологийн лабораторийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч хийж байгаад 2004 оноос “Танадент” шүдний эмнэлгийн эмч, ерөнхий эмчээр ажиллаж байна.Сүүлийн хэдэн жил хийсэн судалгааны ажлууд маань дуусгавар болж  шүдний эмч нарт сургалт явуулахаас гадна зүгээр байж чадахгүй 2-3 судалгааны  ажил эхлүүлээд явж байна даа.

 

Shud Magazine:Та ямар чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм бэ.Таны мэдээллүүдтэй танилцаж байхад  эмчилгээнээс гадна гажиг, согог, эрүүл ахуйн чиглэлээр ажилласан харагдаад байдаг.

Ц.Б: 2000 онд шүд цоорол, амны хөндийн нян судлалын чиглэлээр “The differences of acid producing ability dextranase protein of S.Sobrinus” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.Шүд цооруулагч олон төрөл зүйл нян бактериудын цоорол үүсгэх эмгэг жам, механизм, тэдний ялгаатай байдал, хүчил үүсгэх чадвар, хоруу чанар зэргийг энэ ажлыг хамгаалахаар 2 жил гаруй хийсэн микробиологийн судалгааны ажлаараа таньж мэдсэн. Миний хувьд шүд цооруулагч нянгийн асуудал хэдийн танин тогтоогдсон, энэ чиглэлийн асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. Өөрийн тань хэлснээр залуу байхдаа дан ганц эмчилгээ гэлгүй, мэс заслаас бусад нүүр амны согог засал, гажиг засал, хүүхдийн шүдний эмчилгээ, эрүүл ахуй гээд бүгдэн рүү нь орж ажиллаж байсан. Сүүлийн 10-аад жил харин эмнэлзүй болон амны хөндийн микробиологийн судалгаагаар дагнан ажиллалаа. Оюуны өмчийн патент, зохиогчийн эрх, бүтээл 20 гаруй болсон байх, хэдий олон чиглэлээр боловч энэ бүхэн маань явж явж нэг зүйл дээр л нэгддэг. ”Шүд цоорол, цоорлоос улбаатай элдэв хүндрэлээс  урьдчилан сэргийлэх, эрт үед нь зөв оношилж, хөнгөн үед нь эмчлэх” тухай асуудал л юм.

 

Shud Magazine: Шүд цоорлын талаархи  өөрийн тань дэвшүүлсэн онолын  талаар асуух ёстой гэж бодлоо.

Ц.Б: Амны хөндийн микробиологиор мэргэшиж нянгийн талаархи нарийн судалгааны ажил руу орж  шүд цоорлын нянгуудыг судалж танин тогтоосонтой маань холбоотой Тооноос чанарт шилжих “Behavioral Bacterial Theory“ гэсэн шүд цоорох өвчний эмгэг жам, механизмыг тайлбарлах, танин тогтоох  онолын болон эмнэлзүйн ач холбогдолтой ийм ажил л даа. Шүд цоорох өвчний онолоор ...хүний аманд S.Mutans нян байгаа л бол шүд цоорно... гэдэг нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байна. Амьдрал дээр  шүд нь цоордоггүй ч хүн байдаг,  аманд нь  S.Mutans нян байсаар байхад шүү дээ.Энийг л би  нянгийн судалгаа хийхдээ олж тогтоосон юм.Ямар ч зүйл өөрийн хугацаатай, таньж мэдэгдээгүй зүй тогтлыг таньж мэдэх хүртэл ямар ч онол, аргачлал, цаг хугацаа, ШУ-ны шалгуураар хувьсан өөрчлөгдөж байдаг. Эерэг таамаглал батлагдана, сөрөг таамаглал үгүй болдог нь байгалийн хууль юм даа. Энэ онолын асуудлаар тухайн үед Бостон болон хэдэн хэдэн газраас урилга ирж сургуульдаа асистент профессороор ажилуулах гээд хийсэн бүтээсний маань үнэлсэн санал, боломжууд нэг дор гэнэт буугаад ирж билээ. Толгойд байгаа юмаа нутагтаа л очиж хийе  гэдэг бодол дийлээд эх орондоо ирээд шүдний эмч, судалгаа хоёроо хийсээр  өнөөдрийг хүрсэн байна. Сургууль төгсөхийн үед яригдаж бичигдсэнийг эс тооцвол энэ ажлаа ийш тийш  илгээж  хэвлүүлэх талаар хөөцөлдөж ч явсангүй. 

 

Shud Magazine: Шүд цоорох өвчний идэвхийг  олон улсын SIC  индексийн аргаар тодорхойлох гм маш олон, сонирхолтой судалгааны ажлууд хийжээ та. Энэ удаа  буйлны үрэвслийн нянгийн эсрэг “Жинжита” бэлдмэл гарган авсан судалгааны ажлынхаа талаар  тодруулж ярихгүй юу.

Ц.Б: Энэ ажил бол миний хийсэн 10 гаруй  судалгааны ажлуудаас хамгийн чухал нь юм.

Манай улсын хувьд буйлны үрэвслийн асуудлаар дагнан судалгаа, шинжилгээ хийдэг газар байхгүй, энэ өвчинтэй судалгаа шинжилгээ хийгдээгүй, спиртэн суурьтай, ариутгах үйлчилгээтэй, нянгийн эсрэг ямар ч үйлчлэлгүй бэлдмэлээр шүд, амыг зайлахыг зөвлөх  буюу эмнэлэг дээр хөвөнд шингээж тавих гэсэн ямар ч үр дүнгүй аргаар “ажиллаж” ирлээ. Энэ  аргын “үр дүнд” нянд идэгдэж ясгүй болсон шүд өөрөө унах эсвэл авахуулахаас өөр аргагүйдэж шүдгүйдэлд хүрэх, шүдгүйдэлд хүрэх хүртэл өвчилсөн тохиолдолд асуудал шүд, буйлнаас

хэдийн хальж эрхтэн систем өвчлөлд өртөх гэсэн илүү аюултай байдалд хүргэдэгт буйлны  үрэвслийн аюул оршиж байдаг.Буйлны үрэвсэлтэй хүн 120 төрлийн өвчин тусах нь “баттай” гэдгийг дагнасан судалгаа шинжилгээ хийдэг өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн тогтоочихоод байна шүү дээ.

100% эмийн ургамлын эфирийн тосны найрлагатай “Жинжита” бэлдмэл маань буйлны үрэвсэл үүсгэгч, шүд цооруулагч  нянгийн эсрэг өндөр үйлчлэл үзүүлсэн.Үүнээс гадна  шарх, үрэвслийн эсрэг болон нөхөн төлжүүлэх чадварын үйлчлэл мөн адил сайн,  фармакологийн судалгаагаар  хоруу чанар болон гаж нөлөөгүй гарсан нь нянгийн эсрэг бэлдмэлийн хувьд гайхалтай үзүүлэлт юм. Дэлхийн шүдний салбарын Golden Product –ын шагналыг 3 жил дараалж хүртсэн, АНУ-ын  бэлдмэлтэй харьцуулсан нянгийн эсрэг идэвхжил тодорхойлох судалгаагаар “Жинжита” бэлдмэлийн  үйлчлэл, үр дүн илүү гарсан. Бэлдмэлийн стандартад баригдалгүй эм гарган авахад тавигддаг чухал шаардлага болох хоруу чанар, шархны судалгаа хийгдсэнээрээ дээрх бэлдмэлээс давж гарсан гэдгийг заавал хэлэх ёстой болов уу. Харьцуулсан судалгаануудын тоймийг сургалтан дээр шүдний эмч нарт нарийн тодорхой танилцуулж байгаа.

Буйлны үрэвслийн эсрэг энэ бэлдмэл маань шүдний эмчилгээний салбарын толгойны өвчин болсон эмчлэх арга технологи байгаагүй зэрэг бэрхшээлтэй асуудлыг шийдсэн. Эмч нар маань буйлны үрэвслийг эмчлэх шинэ арга, технологитой болсон. Буйлны үрэвслийг эмчилснээрээ хүн амыг нийтээр нь эрүүлжүүлэх ажлыг гардан хийж байгаа төдийгүй  “эмчлэх” үндсэн үүргээ  нэр төртэй биелүүлж “хүнийг өөрийн төрмөл шүдтэй байлгах, шүд эмчлэх”-ийг шүдний эмчилгээний нэн тэргүүний зорилгоо болгосон  тэргүүлэгч улс орнуудын орчин үеийн  чиг хандлагыг  Монгол улсад хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах юм.

Энэ бэлдмэлийн зохиогч нь  хэдийгээр би боловч  миний нэрээр биш  МУ-ын НАС-ын салбар  хөгжлийнхөө түүхэнд өөрсдөө хийж бүтээж гаргаж авсан бүтээлтэй болсон гэдгээр үлдэх юм шүү дээ.

 

Shud Magazine: Та бол нүүр ам судлалын салбарт 23 жилийн хүч хөдөлмөрөө зориулж буй эмч, эрдэмтэн судлаач хүний хувьд, таны бодлоор бид цаашид юун дээр илүү их анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?

Ц.Б: Сайхан асуулт  байна. Аливаа онол,  арга технологийн амьдрах нас олон арван жил оршин тогтноод байж байдаг тэр үе аль эрт ард хоцорсон. Дэлхий ертөнц дээр өдөр бүр шинэ зүйл, шинэ бүтээл гарч  түүнийг нь  нь олж ойлгож амжаа ч үгүй байхад эхнээсээ  хуучирч байдаг  ийм  цаг үед бид амьдарч байна. Ганц бид ч биш дэлхий ертөнц нийтээрээ энэ хурдыг гүйцэж зэрэгцэж явна гэдэг нь  эргэлзээтэй  байна. Тэхээр  “харьцангуй” шинэ мэдлэг, шинэ арга технологиос  боломжийн хэрээр зуурч байж л “харьцангуй” оршин тогтнох боломжтой гэж би боддог. Өөрийгөө хуурч болдоггүй,  бизнесийхээ эзэн нь өөрөө  байдаг гэдгээрээ байнга түрүүнд явдаг  хувийн секторт ажиллаж байгаа бидний хувьд ч бас адил байна. Өнөөгийн байдлаар хувийн сектор  улсыхаас алхам урд  байна. Гэвч хурдаа илүү нэммээр байна, байнга хөгжиж дэвшмээр байна. ШУ технологийн дэвшил, эмчилгээний шинэ арга, шинэ технологиийг маш хурдан  нэвтрүүлж   аль болох  их хүртэхийн төлөө эрмэлзэх хэрэгтэй  гэж хэлье. Миний анзаарсан нэг юм бол шинэ гарч байгаа технологийг  их үнэтэй гэж бодоод  дотор нь орж сонирхож үзэхийг ч хүсэхгүй өнгөрөөгөөд байдаг  юм шиг санагдсан. Гэвч тэр бүр  хүмүүсийн боддог шиг бүгд тийм айхтар давж дийлшгүй үнэтэй байхгүй байх нь ч бий.

Шинэ технологи, шинэ арга гэдэг бол байнга  шинэ, сайн юм эрэлхийлж шаардаж байдаг нийгмийн хэрэгцээнд таарч тохирсон ганц зүйл бөгөөд  оршин тогтнох эсэхийг маань  шалгаж буй шалгуур юм шүү дээ. Шинэ зүйл хэрэгжүүлээд алдсан гэж хэзээ ч сонсож байгаагүй, харин шинэ юм хийж үзээгүй шинэ арга технологи хэрэгжүүлж үзээгүйгээс   хэтэрхий хол хоцрогдсон тухай л мэдэх юм. Анагаахын салбарын  хувьд  олж авах мэдлэг, арга, технологи нь шинжлэх ухаанаар нотлогдсон байх,  энэ бол  гол шалгуур. Энэ бүхнийг базаад өөрийн тань асуултанд шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, шинэ технологи, инноваци гэдэг бол бид бүгдийн анхаарлаа хандуулах хамгийн гол зүйл гэж хэлье.

 

Shud Magazine: Бидний урилгыг хүлээн авч салбарын хамт олонд өөрийн санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Амны хөндийн эрүүл ахуй, буйлны үрэвсэл, тулгуур эдийн чиглэлээр цаашид гүнзгийрсэн ярилцлагад урьвал татгалзахгүй биз дээ.

Ц.Б: Өөрийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд салбарын хамт олон болон олон нийттэй өөрийн мэдлэг мэдээлийг хуваалцахад хэзээ ч татгалзахгүй. Дараа илүү дэлгэрэнгүй ярилцацгаая.

 

 

Ярилцлага өгсөн явдалд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

 

 

 

 

 

 


Tag:Ц.Базаррагчаа, Ярилцлага
Бусад






avatar
ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ УНШМААР БАЙНА, НАД ШИГ ОЛОН ХҮН УНШИХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ЯАЖ УНШИХ УУ
avatar
ene yriltslagiig yaj unshih ve orohgui bnaa adminuda anhaarch uzeerei
avatar