International Dental Show (IDS)-ын нээлтийн ажиллагаа боллоо
2017.03.22 0.0 0

COLOGNE, Germany: Шүдний салбарын олон улсын болон орон нутгийн хэвлэлийн байгууллагуудын төлөөлөл, үзэсгэлэн яармагийн Koelnmesse төвийн удирдлагууд, Германы Шүдний Үйлдвэрлэгчдийн Холбооны төлөөлөл болон бусад эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцсон 37 дахь удаагийн International Dental Show (IDS)-ын нээлтийн ажиллагааг Герман улсын Эрүүл Мэндийн сайд Hermann Gröhe нээж тууз хайчиллаа. 5 хоног үргэлжилэх шүдний салбарын дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 2300 гаран компани хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн ба инновациа дэлгэн үзүүлж 140 000 гаран оролцогчид оролцохоор одоогоор мэдүүлгээ өгөөд байна.

1992 оноос Герман улсын Кёлн хотын Koelnmesse үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдах болсон цагаас IDS нь олон улсын шүдний салбарын мэргэжилтнүүдийн бизнес хамтын ажиллагааны тэргүүлэгч платформ болон өргөжин хөгжсөн юм.

Koelnmesse яармагийн төвийн CEO Katharina C. Hamma үзэсгэлэн яармагт оролцогч пүүс компаниудын 70-аас илүү хувь нь Герман улсын биш гадаадын компаниуд байгаа болохыг мэдэгдлээ. Энэ удаа үзэсгэлэн яармагийн талбай нэмэгдэн 160 000 м2 болсон байна. Урьдын адил дийлэнх гадаадын компаниуд нь АНУ, БНСУ, БНХАУ, Францаас оролцож байгаа юм байна.

“Маш олон тооны гадаадын компаниуд оролцож байгаа нь IDS бол олон улсын үйл явдал гэдгийг дахин батлаж өгч байна. Энэхүү Кёлн хотод болж байгаа үйл явдал шиг өргөн хүрээний, инноваци дэлгэн үзүүлсэн өөр үзэсгэлэн яармаг одоогоор алга” гэж Германы Шүдний салбарын үйлдвэрлэгчдийн холбооны дарга Dr Martin Rickert хэллээ.

Германы Шүдний эмч Нарын Холбооны Ерөнхийлөгч Dr Peter Engel энэ удаагийн үзэсгэлэн яармагт өнгөрсөн үзэсгэлэнгийн адил тоон технологийн үзүүлбэрүүд давамгайлж байгааг онцоллоо. Тоон технологийн сүлжээнд тулгуурласан компьютерийн оношлогоо эмчилгээ нь шүдний салбарын орчин үеийн технологийн нүүр царай болоод зогсохгүй эмч болон өвчтөнүүдэд хэн хэнд нь ашиг тусаа үзүүлж байгааг тэрээр цохон тэмдэглэлээ.

Өнөөдөр Trade Dealers’ Day арга хэмжээгээр нээлтээ хийж буй International Dental Show (IDS)-нь энэ долоо хоногийн Бямба гариг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн яармаг худалдааны зэрэгцээгээр уг арга хэмжээнд оролцогчид үзэсгэлэнгийн дагалдах хөтөлбөрүүд болох Speakers’ Corner, Career Day, Know-How Tours арга хэмжээнүүдэд хамрагдах боломжтой гэнэ.

 

 

Эх сурвалж: dental-tribune.com


Tag:IDS, International Dental Show, гадаад үйл явдал
Бусад






avatar