Таараагүй, нухаж холгодог хиймэл шүдэлбэр нь амны хөндийн хорт хавдарын шалтгаан болдог
2017.04.13 0.0 0

MUMBAI, India: Энэтхэг улсын Мумбай хотын Толгой хүзүүний хавдар судлалын төвийн судалгаагаар амны салстыг байнга цочроодог таараагүй хиймэл шүдэлбэр нь амны хөндийн хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс байж болзошгүй нь тогтоогдсон байна.

Амны хөндийн хорт хавдар нь Энэтхэг улсын хувьд хамгийн их тохиолддог хорт хавдарын төрөл бөгөөд үүнээс шалтгаалан жилд 50 000 хүн амь насаа алддаг. Амны хөндийн хорт хавдарын шалтгаан нь маш олон зүйлсээс тухайлбал архи тамхины хэрэглээ, хүний папиллома вирусын халдвар, амны хөндийн эрүүл ахуй хангалтгүй байх, амны салстын архаг хэлбэрийн гэмтэл зэргээс шалтгаалдаг. Тэгвэл амны хөндийн салстыг цочроогч архаг гэмтэл үүсгэгч таараагүй шүдэлбэр нь хорт хавдарын эрсдэлт хүчин зүйл болж байгаа уялдаа холбоог олж илрүүлсэн байна.

Судлаачид амны салстын архаг гэмтэл ба хорт хавдарын хамаарлыг тусгасан 22 шинжлэх ухааны өгүүллийг тоймлон уг судалгааг хийсэн байна. Судалгааны үр дүнгээс амны хөндийн салстыг гэмтээдэг таараагүй шүдэлбэрийг амны хорт хавдарын эрсдэлт хүчин зүйлээр тооцож болох боломжтой нь тогтоогдсон байна. Гэхдээ шүдэлбэрийн ашиглалтын хугацаа ба хорт хавдар үүсэх хоёрын хоорондох хамаарал одоогоор тодорхой бус байна.

Судлаачид удаан хугацааны архаг гэмтэл салстад учруулах нь аажимаар тухайн салстын эсүүдийн ДНХ-г өөрчилсөнөөр хорт хавдарт шилждэг гэж таамаглаж байна. Бас өөр нэг таамаглал нь салстын гэмтлийн улмаас үүсэх үрэвсэл нь цитокин, простгландин, TNF зэрэг химийн медиаторуудыг ялгаруулсанаар хорт хавдар үүсэх шалтгаан болдог байж болзошгүй.

 

Энэхүү судалгаа нь “The role of chronic mucosal trauma in oral cancer: A review of literature” гарчигтайгаар Indian Journal of Medical and Paediatric Oncology сэтгүүлийн 3 сарын 30 өдрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.

 

 

 

 

 

 

 


Tag:авагддаг шүдэлбэр, судалгааны тойм
Бусад






avatar