АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Шүд, Эрүү Нүүрний Эмнэлгийн байрны өргөтгөлийн нээлт боллоо
2017.04.21 0.0 0

Монголын анагаахын салбарт нэгэн түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Шүд, эрүү нүүрний эмнэлгийн нээлт өчигдөр болов. Тус эмнэлэг нь нийт 40-50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтойгоороо онцлогтой аж. Энэхүү эмнэлгийн нээлтэд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БСШУСЯ- ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон тус сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус оролцлоо.

Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагааг нээж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар “Манай сургуулийн Нүүр ам судлалын сургууль 55 жилийн түүхтэй. Нүүр ам судлалын сургууль 2011 онд хичээлийн байртай болсон. Бид жил хүрэхгүй хугацаанд өөрсдийн хичээл зүтгэлээр энэхүү эмнэлгийг барилаа. Энэ эмнэлэг бол Монгол Улсын хэмжээнд шүдний салбартаа хамгийн том эмнэлэг болж байна” гэв.

Нийт 40-50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай уг эмнэлэг нь 1,650 мкв бүхий зургаан давхар эмнэлэг юм. Мөн энэхүү эмнэлэгт хиймэл шүд суулгах, мэс ажилбарууд, хэл ярианы заслууд эрүү, нүүр ам, шүдний бүх төрлийн өвчнийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн эмчлэх, оношлох боломжтой гэнэ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Төрөөс баримтлах бодлогод энэ чиглэлийн нэг заалт орсон байдаг. Төрөөс 10 жилд баримтлах бодлогод нүүр, ам судлал, шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой үе шаттай хийж, хэрэгжүүлэх талаар тусгасан. Тухайлбал, урьдчилан сэргийлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх шатанд хөгжүүлэх хэрэгтэй. Мөн насных нь онцлогоос хамаарч ямар оношилгоо, эмчилгээ хийх вэ гэдгийг гаргасан” гэсэн юм.

Одоогийн байдлаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд нийт 500 гаруй оюутан суралцдаг байна. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор тус сургуулийн оюутнууд мэдлэг ур чадвараа сайжруулахаас гадна сургалтын томоохон баазтай болж байгаа аж. Гэхдээ тус эмнэлэгт төгсөлтийн дараах буюу резидент эмч нар болон доктор, профессорууд ажиллана гэдгийг онцолж байлаа. Мөн энэхүү эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр иргэдийг үзэх юм байна.

 

Энэ үеэр Анагаах ухааны доктор, профессор Н.Пүрэвжавтай цөөн хором ярилцлаа.

 

-Монгол Улсын иргэдийн дунд шүдний өвчлөл хэр байна вэ?

-Манай улсын нийт хүн амын 97 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Энэ бол тахал шиг тархсан. Хүүхэд, ахмад, залуучуудын дунд хэр их хувийг эзэлж байна гэдгийг гаргасан маш олон судалгаа бий. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн нэг том хариуцаж хийдэг ажил нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил юм. Бид судалгааны ажил хийж, өнөөгийн нөхцөл байдлыг гаргаж өгсөн ч шүдний өвчлөл буурахгүй байна.

 

-Ямар шалтгааны улмаас буурахгүй байна вэ?

-Шүдний өвчлөл буурахгүй байгаа нэг шалтгаан нь Эрүүл мэндийн яамнаас явуулж байгаа Эрүү нүүрний тусламж үйлчилгээний бодлогыг эрс өөрчлөх шаардлагатай болсон. Үүнийг өөрчлөөгүй нөхцөлд шүдний өвчлөл буурахгүй. Шүдний өвчнийг бууруулах зорилгоор АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн дэргэд 30-40 хүний суудалтай Шүд эрүү нүүрний эмнэлэг барьж, нээлтээ хийлээ. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Монгол Улс түүхэндээ хоёр шүдний эмнэлэг байгуулж байна. Анх Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг 1986 онд хуучин хүүхдийн поликлиникийн эмнэлгийг түшиглэж байгуулсан. Тэр эмнэлэг ачаалал маш ихтэй. Одоо байргүй болсон. Байрнаас нь хөөж гаргаад түрээсийн байранд оруулсан. Энэ бодох ёстой л зүйлийн нэг. Хоёр дахь нь АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн дэргэдэх Шүд эрүү нүүрний эмнэлэг болж байна.

 

-Шүд олон өвчний эхлэл гэдэг. Шүдний өвчин хүндрэхээрээ ямар өвчнийг бий болгодог юм бэ?

-Шүд олон төрлийн өвчний эх үндэс болдог. Хамгийн наад зах нь гэхэд шүд дутуу хүний оюун ухааны IQ-гийн чадвар сул байдаг. Зүрх, бөөр, дэлүү, ходоод гэдэс, үе мөч, мэдрэл, сэтгэц гээд нөлөөлөхгүй эрхтэн байхгүй. Судсаар дамжин бүх эрхтэнд нөлөөлдөг.

 

 

Эх сурвалж: ikon.mn

 

Фото зураг Н.Цэнгэлсайхан

 

 

 


Tag:НАСС, дотоод үйл явдал
Бусад






avatar