Нүүр амны согог заслын практикт Facebow буюу нүүрнум зэмсэгийн ашиглалтын талаар товчхон
2017.04.27 5.0 0

Нүүрнум буюу facebow зэмсэгийг нүүр амны согог заслын практикт эрүү ба эрүү чамархайн үений харьцааг эргэлтийн тогтсон тэнхлэгт тулгуурлан хэмжилт хийхэд ашигладаг. Үндсэн зорилго нь эрүү ба эрүү чамархайн үений бодит харьцааг артикулятор буюу үелүүр зэмсэг дээр нягт нямбай буулгахад оршино. Ингэснээр эрүү нүүрний зэмсэг нь тухайн хүний эрхтэн тогтолцооны анатомын бүтцийн онцлогийг тусгаж өгөх тул үйл зүйн хувьд илүү үр ашигтай, гоо сайханд нийцтэй болдог.

Нүүрнумын практик хэрэглээний ач тус нь хүний толгойн хяналтын гурван цэгийн байршилд үндэслэн эрүү чамархайн үений харьцааг гурван хэмжээст төлөв байдалд гаргадаг. Энэхүү гурван хэмжээст төлөв байдалд буулган авсан хэмжигдэхүүнийг үелэхүйн зэмсэг өөртөө хуулбарлаж анатомын бүтцүүдийн өөр хоорондын харилцан үйлчлэлийг илүү тод  томруун сэргээж өгнө.

 

Үүний зэрэгцээгээр нүүрнумыг үелүүр зэмсгийн хамт

1.Эрүүний саадгүй хөдөлгөөн хийхэд саад болж буй хоршихуйн контактуудыг илрүүлэх

2. Өвчтөний өөрийн гавлын ясны анатомын бүтцэд тохируулан эмчилгээг хийснээр үйл зүйн хувьд илүү өндөр чадамжтай, ашиглахад эвтэйхэн шүдэлбэр, амны хөндийн зэмсэг бэлтгэх

3. Үйл зүйн зарим асуудлыг эмнэлэг ба лабораторийн хооронд дамжуулахад стандарчлал үүсгэх

4. Суурь шугамуудын байршлыг буулгаж авах зэрэгт ашиглана

 

Нүүрнумын бүрэлдэхүүн хэсгүүд

1. U буюу тах хэлбэрийн рам – нүүрнумын бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг өөр хооронд нь холбож өгнө

2. Үений толгойн байршлыг тэмдэглэгч ба чихний бэхэлгээ – нугасан тэнхлэг дээр бэхлэх зориулалттай

3. Хазалтын сэрээ – аманд байрлуулдаг тах хэлбэрийн төмөр

4. Түгжигч – Гол рам ба хазалтын сэрээний байршлыг хэмжилтийн дараа бэхлэж түгжих зориулалттай

5. Хяналтын гуравдахь цэг – үений толгойн хяналтын цэгтэй нэг түвшинд байрлах нүүрэн дээрх хяналтын цэг

Нүүрнумын хэмжилтэнд хамгийн чухал үзүүлэлтүүд нь хяналтын цэгүүд, үений толгой хоорондын зай, терминал тэнхлэг, үений толгойн зам

Хяналтын гурван цэгийн хоёр нь хоншоорын шүдний эгнээний ар талд байрлах бол нэг цэг нь урд талд байрлана. Энэ гурван хяналтын цэгт үндэслэн хоншоорын байршлыг маш хялбарханаар буулган авна. Терминал тэнхлэг нь нүүрний хоёр талд арын байршилтай цэг болно. Терминал тэнхлэг гэдэг нь ам ангайх үед эрүү түүнийг тойрч нугасан хөдөлгөөн хийдэг бодит бус төсөөллийн шугам юм. Урд талын хяналтын цэгээр nasion эсвэл orbital цэгийг авна.

 

Эдгээртэй ач холбогдолын хувьд чухал хэмжигдэхүүн нь эрүүний толгойн хөдөлгөөний зам ба эрүүний үений толгой хоорондын зай юм. Эрүүний толгойн хөдөлгөөний зам гэдэг нь эрүү хөдөлгөөн хийх үед эрүүний толгойн хөдөлгөөнийг даган үүсдэг нум хэлбэрийн дүрслэл юм. Энэхүү зам нь үений толгойн хэлбэр ба эрүү чамархайн үений хонхор  (glenoid fossa)-оос шалтгаална. Эрүүний үений толгой хоорондын зай гэдэг нь эрүүний хоёр талын үений толгой хооронд үүссэн зай бөгөөд энэ нь үений хөдөлгөөний радиус болон эрүүний шилжих хөдөлгөөний үед шүдний төвгөрүүдийн үүсгэх нуман дүрслэл зэрэгт нөлөө учруулна.

 

 

 

 


Tag:эмнэлзүйн практик, facebow, нүүрнум
Бусад






avatar