Агт араа авах мэс ажилбарын өмнө дексаметазон тариагаар хэрэглэх нь хагалгааны дараах өвдөлтийн эрчмийг сулруулдаг
2017.04.28 4.5 0

Шүдний эмч нар мэс ажилбарын дараа өвчтөний өвдөлтийг намжаах тайван амгалан байлгах бүхий л арга замыг эрэлхийлж байдаг. Тэгвэл саяхан хийгдсэн нэгэн эмнэлзүйн туршилт судалгаагаар дексаметазон хэрэглэх нь агт араа шүд авсаны дараах өвдөлтийг маш сайн намжаадаг болохыг тогтоогоод байна.

Агт араа шүдийг авхуулахаас өмнө дексметозон тариулсан өвчтөнүүдэд хяналтын бүлэгтэй харьцуулахад шүд авсаны дараах өвдөлт бага илэрч, өвчин намдаагч эм цөөн хэрэглэж байгаа тухай судалгааны өгүүлэл  Journal of Dental Anesthesia and Pain Medicine сэтгүүлийн 3-р сарын дугаарт нийтлэгдсэн нь сонирхол татаж байна.

“Судалгааны үр дүнгээс харахад мэс заслын өмнө хэлэн доорх орон зайд дексметазон тариулсан өвчтөнүүдийн шүд авалтын дараах байдал мэдэгдэхүйц өөр байна” гэж  Mahidol University-н эрүү нүүрний мэс заслын тасгийн судлаач Peiter Gozali хэлж байна.

Агт араа шүд авах мэс засал нь шүдний эмчилгээний салбарт өдөр бүр хийгдэж байдаг түгээмэл ажилбаруудын нэг боловч мэс ажилбарын дараа өвчтөн удаан хугацааны хүчтэй өвдөлтийг мэдэрдэг. Энэхүү өвчинг намжаахын тулд өнөө үед эмч нар голдуу өвчин намдаах эм бүр хүнд тохиолдолд опойд төрлийн өвчин намдаагч ч хэрэглэх нь бий.

Тэгвэл энэхүү эмнэлзүйн туршилт судалгаан дээр үндэслэн судлаачид агт араа авах мэс заслын өмнө хэрэглэх дексметазон нь идеаль гэж хэлж болохуйц уусмал бөгөөд учир нь энэ нь өөрөө үрэвслийн эсрэг ба орчны дархлал дарангуйлах үйлчлэлтэй байдагт оршино гэсэн байна.

Эмнэлзүйн туршилт судалгаа 18-30 насны 48 өвчтөн дээр санамсаргүй түүврийн double-blind аргачлалын дагуу хийгдсэн ба өвчтөнд эхлээд мэдээ алдуулагч тариа хийгээд дараа нь туршилтын бүлэг хүмүүст 2 мл физиологийн уусмал ба 8 мг дексаметазоны холимог, хяналтын бүлэг болгосон хүмүүст 2 мл дан ганц физиологийн уусмал тарьсан байна. Тарилгыг хэлний доорх орон зайд хийсэн нь судлаачдынхаар цусны судасаар баялаг нөхцөл байдал гэнэ. Уусмалыг тарьсанаас нэг цагийн дараа агт арааг авах мэс заслыг хийжээ.

Дексаметазоны уусмал тариулсан хүмүүс дан ганц физиологийн уусмал тариулсан хүмүүсээс өвдөлт үүсэх нь хамаагүй бага байгааг график дээр харуулсан байна. Үүний зэрэгцээгээр дексаметазон тариулсан хүмүүс өвчин намдаах эм цөөн хэрэглэсэн байна.

Судлаачид дексаметазон хэрэглэх нь мэс заслын дараах өвдөлтийг хангалттай хэмжээнд намжаадаг болохыг цохон тэмдэглээд ийнхүү өвдөлтийг бууруулж байгаа нь тариа хийсэн газар буюу хэлний доорх орон зайн онцлогт байж болзошгүй гэсэн байна.

Хэдийгээр судалгааны үр дүнгийн үзүүлэлт маш сайн байгаа ч судлаачид энэ туршилтыг зөвхөн хүн амын ганцхан бүлэгт насны хувьд ойролцоо хүмүүст хийснийг анхааруулж байна. Иймд өөр төрлийн хүн амд, өөр насны бүлэгт өөр үзүүлэлт гарахыг үгүйсгэхгүй гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Гэхдээ л “8 мг дексаметазоныг хэлний доорх орон зайд тарих нь эрүүний агт араа авах мэс ажилбарын дараах өвдөлтийг маш сайн намжаадаг болох нь тогтоогдлоо” гэж судлаачид дүгнэлтэндээ бичсэн байлаа.

 

Эх сурвалж:  Journal of Dental Anesthesia and Pain Medicine

 

 

 

 

 


Tag:агт араа, Anesthesia, мэдээ алдуулах тариа, мэдээ алдуулалт, эмнэлзүйн практик
Бусад






avatar