European Gum Health Day: Буйл эрүүл байх нь бидний амьдралыг илүү сайн сайхан байх нөхцлийг бүрдүүлдэг
2017.05.15 0.0 0

Европын Шүдний Тулгуур Эдийн Холбоо (European Federation of Periodontology) санаачлан 5-р сарын 12-ы өдөр Европын Буйлны Эрүүл Мэндийн Өдөр (European Gum Health Day)-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн өдөрлөг арга хэмжээний уриа “Шүдний тулгуур эдийн өвчинтэй хамтдаа тэмцэцгээе” байсан ба өдөрлөг арга хэмжээний зорилго нь буйлны эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд шүдний эмч нар ба өвчтөнүүдийн хамтын ажиллагааг дэмжих байсан юм. Тэгвэл энэ арга хэмжээний хүрээнд Dental Tribune Online сонин Европын Шүдний Тулгуур эдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн  Prof. Filippo Graziani-тэй уулзаж уг арга хэмжээний төлөвлөгөө ба ерөнхий зорилгын талаар ярилцсаныг орчуулан хүргэж байна.

 

Профессор Graziani,  Европын Шүдний Тулгуур Эдийн Холбоо Европын Буйлны Эрүүл Мэндийн Өдөр арга хэмжээг зохион байгуулсанаар ямар үр дүнд хүрнэ гэж хүлээж байгаа вэ?

Гол зорилго бол бид буйлны эрүүл мэнд ба шүдний тулгуур эдийн өвчний талаар олон нийтийн дунд анхаарлыг дээшлүүлэхэд энэ арга хэмжээ чиглэгдэж байна. Ихэнх хүмүүс тэр тусмаа шүдний эрүүл мэндийн салбар ч адил зөвхөн шүдэн дээр л голлон анхаарлаа хандуулаад байдаг. Гэтэл буйлнаас цус гарах зэрэг зүйлсийг тийм ч ач холбогдолтой биш аюулын хонх дэлдэхээр зүйл биш гэж үздэг тал бий. Ийм хоёр буруу ойлголт хавсран өргөн хүрээнд тархаад байгаа нь үнэндээ бол хүн ардын эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад байна. Европын буйлны эрүүл мэндийн өдөр арга хэмжээ бол энэхүү буруу ойлголтыг засаж залруулах, буйлны эрүүл мэндийн ач тусыг хүмүүст ойлгуулах, эрүүл мэндэд хор хөнөөлтэй буйлны үрэвсэл ба тулгуур эдийн өвчин байдаг гэдгийг таниулахад чиглэгдэж байна.

Европын Буйлны Эрүүл Мэндийн Өдөрлөг арга хэмжээний хүрээнд Европыг улсуудыг хамарсан үндэсний хэмжээний 30 нийгэмлэг, холбоод оролцож байгаа тул шүдний эмч нар болон олон нийтэд буйл эрүүл байх нь биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлсөнөөр бидний амьдралыг илүү сайхан болгодог гэсэн мессежийг илүү хүчтэйгээр түгээхэд чиглэгдэж байна.

Хэрэв бид шүдний салбарын мэргэжилтнүүдэд өвчтөнийхөө буйлны эрүүл мэндийн байдалд сайтар хяналт тавьж чадвал чихрийн шижин зэрэг архаг өвчнүүдээс сэргийлэх боломжтой гэдгийг баримтаар дэлгэн үзүүлж чадвал тулгуур эдийн өвчин судлал тэдний өдөр тутмын практик үйл ажиллагаанд нэгэн чухал зүйл болно гэж үзэж байна. Хэрэв бид олон нийтэд буйлны эрүүл мэнд нь амны хөндийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгуулж чадвал олон нийт үүн дээр илүү анхаарлаа хандуулж өөрсдийнхөө буйлны эрүүл мэндэд анхаарал тавих болно гэдэгт итгэлтэй байна.

 

Амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалахад  хувь хүний оролцоо хэр чухал вэ? Үүний тулд тэд ямар алхам хийж эхлэх нь зүйтэй вэ?

Амны хөндийн эрүүл мэндэд хувь хүний үүрэг хариуцлага маш чухал түлхүүр хүчин зүйл юм. Гэхдээ шүдний салбарын мэргэжилтнүүд, эрүүл ахуйчид, хэвлэн нийтлэгчид өвчтөнүүдээ энэ чиглэлд идэвхжүүлэх, мэдээллээр хангах нь чухал гэдгийг орхигдуулж болохгүй.

Амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах зөв дадал хэвшил нь үүнийг хялбараар хэрэгжүүлэх боломж олгох тул эртнээс хүн бүрийн өдөр тутмын заавал хийж хэвшүүлэх зүйлсийн нэг болгох хэрэгтэй. Хүн шүдээ өдөрт дор хаяж хоёр удаа угаахын зэрэгцээгээр шүдний сойзны үс хүрэхгүй завсар хэсгүүдээ утсаар цэвэрлэж байх нь эрүүл мэндээ сахин хамгаалахад маш чухал зүйл юм.

Миний ойлгож байгаагаар буйлны эрүүл мэндийг сахин хамгаалахад шүдний мэргэжилтнүүд өвчтөнүүдтэйгээ энэ үйл ажиллагааны хүрээнд нягт хамтран ажиллах нь илүү үр дүнтэй. Өчвтөнүүдээ ойрхон давтамжтай хяналтын үзлэг хийж, өвчний талаар сайтар, ойлгомжтой тайлбарлаж өгөх нь чухал.

 

Буйлны эрүүл мэнд биеийн ерөнхий эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Одоо байгаа шинжлэх ухааны хангалтай хэмжээний баримт нотолгоогоор буйлны үрэвсэл ба шүдний тулгуур эдийн өвчин нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, бие эрхтэн тогтолцоог хамарсан бусад төрлийн эмгэгүүдтэй холбоотой болох нь тогтоогдоод байна. Зарим нэг харилцан үйлчлэл нь тодорхой бус байгаа ч байнгын судалгаа туршилтын үр дүнд энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл тасралтгүй сайжирч, өсөн нэмэгдсээр байна. Хамгийн тодорхой байгаа зүйл нь буйлны эрүүл мэндийг сахин хамгаалах нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг нь баримтаар нотлогдсон.

Испани улсын Мадрид хотод болсон Европын Шүдний Тулгуур Эдийн Холбоо болон Олон Улсын Чихрийн Шижингийн Холбоо (International Diabetes Federation)-ны хамтарсан Perio-Diabetes Workshop их хурлаар бид нэгэн шинэ шинжлэх ухаанаар нотлогдсон харилцан ойлголцолд хүрсэн нь: тулгуур эдийн өвчтэй хүмүүст чихрийн шижингийн урьдал нөхцөл байдал ба 2-р төрлийн чихрийн шижин үүсэх өндөр магадлалтай, чихрийн шижин ба тулгуур эдийн өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарыг хянах чихрийн шижинтэй ч тулгуур эдийн өвчингүй хүнээс илүү бэрхшээлтэй

Тулгуур эдийн өвчний эмчилгээ хийснээр дээрх хоёр эмгэг хавсарсан хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар хангалттай нотлогдсон байгаа. Цаашилбал, чихрийн шижинтэй хүмүүс нь мөн шүдний тулгуур эдийн өвчинд өртөх өндөр эрсдэлтэй, үүнийг эмчлэлгүй орхигдуулсанаар бодисын солилцооны үйл ажиллагаанд нөлөөлж зүрх судасны өвчин ба бөөрний өвчин зэрэг бусад хүндрэлүүдээр хавсран хүндрэх шалтгаан болно. Харин энэ тохиолдолд цаг алдалгүй тулгуур эдийн эмчилгээ хийлгэснээр бодисын солилцооны хямралыг таслан зогсоох ба бусад эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Иймд амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь чихрийн шижин ба бусад эрхтэн тогтолцооны өвчтөнүүдтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа

 

 

 

 


Tag:тулгуур эдийн өвчин, гадаад үйл явдал, буйлны үрэвсэл
Бусад






avatar