Шүдний тулгуур эдийн өвчин үүсэхэд өнгөрийн учруулах нөлөөлөл
2017.05.17 0.0 0

1965 онд Loë et al нарын судлаачид туршилтын аргаар буйлны үрэвсэл үүсгэж чадсанаар шүдний өнгөр бол буйлны үрэвсэл үүсэх гол түлхүүр хүчин зүйл болох ойлголтыг онолын үндэслэлтэйгээр батлаж чадсан. Өнөө үед шүдний өнгөрийг биофильмийн тодорхой жишээ гэж авч үзэх болсон ба (Marsh, 2005) түүний тулгуур эдийн өвчин үүсэхэд гүйцэтгэх үүрэг ролийг өөр хоорондоо ялгаатай боловч зарим талаар хамааралтай гэж үзэж болох гурван өөр таамаглалаар тайлбарлаж байна. (Loesche, 1976, 1979; Theilade, 1986; Marsh, 1991, 1994)

Шүдний өнгөр нь биофильм болох нь

Шүдний өнгөр нь маш олон төрлийн бичил биетнүүдээс бүрдэх боловч шүдний гадаргууд матрикс үүсгэн тухайн орчны гаралтай нян бичил биетүүдийг агуулдаг нь биофильм гэж үзэх шалтгаан болно. Биофильм гэдэг нь матрикс үүсгэн өөр хоорондоо болон гадаргуу, интерфэйстэйгээ хэлхээ үүсгэсэн төрөл бүрийн бичил биетнүүдийг агуулах нэгдэл юм. (Marsh, 2005) Эсийн гаднах полимер нэгдлүүд нь матриксыг үүсгэдэг.

 

Биофильмын үүсэл ба шинж чанар

Биофильм үүсэх үйл явц нь нэлээд хэдэн үе шатыг дамжина. (Хүснэгт 4.1) Колони үүсэлтийн эсрэг орчины зүгээс ирэх дайралтаас хамгаалахад бичил бетнүүдийн homeostasis маш чухал үүрэгтэй. Гэвч биофильм үүсэлт нь орчны хамгаалах урвал ба бусад эрхтэн тогтолцооны хүчин зүйлсээс шалтгаалан уналтанд орж сүйрэх нь ч бас тохиолдоно.

 

Биофильм үүсэх үе шатууд

  1. Pellicle нимгэн хальс үүсэх үе: Бактерийн молекул, орчны эд  ба шүлсний гликопротейн шүдний гадаргууд наалдаж Pellicle нимгэн хальс үүсгэнэ.
  2. Зөөвөрлөгдөн ирэх үе: Амны хөндийн бактериуд шүлсний урсгалаар, Brownian- хөдөлгөөнөөр эсвэл хемотаксис хийж pellicle хальсан зээр ирж суурьшина. Pellicle халсанд бактериудын холбогдох хугацаа 2 цаг орчим бөгөөд хамгийн эхлээд Neisseria, Streptococcus sanguis, S. oralis and S. mitis грамм эерэг савханцар голдуу  Actinomyces холбогдоно
  3. Удаан хугацааны харилцан үйлчлэл: Микробын эсийн хана болон pellicle хальсны хооронд өргөн хүрээний гүн гүнзгий физик химийн харилцан үйлчлэл болно.
  4. Богино хугацааны харилцан үйлчлэл: Микробын эсийн хана болон pellicle хальсан дээр үүссэн рецепторын хооронд богино хугацааны стереохимийн харилцан үйлчлэл болно.
  5. Бие биенээ дэмжсэн бөөгнөрөл үүсэх үе: Өмнө нь хуримтлагдсан бичил биетнүүд дараагийн ирэх бичил биетнүүдийг холбоо үүсгэхэд туслана. Үүний улмаас бичил биетнүүдийн төрөл зүйл өсөн нэмэгдэнэ.
  6. Үржин олшрох үе: Бичил биетнүүд өөр хоорондоо нэгдэн өсөж үржин биофильм үүсгэнэ. Наалдамхай нянгууд нь эсийн гадаад ханын бүтцэд ордог полимерүүдийг нийлэгжүүлэн матрикс үүсгэнэ.
  7. Биофильмээс тасрах: Биофильмээс зарим бичил биетнүүд нь тасран салж шинэ гадаргуу дээр шинээр колони үүсгэнэ.

 

 

Шүдний өнгөр нь биофильм болохын хувьд дараах шинж чанаруудтай:

  • Энэ нь өөртөө нүх сүв ба суваг агуулсан гурван хэмжээст орон зайн бүтэц үүсгэнэ (Зураг 44)
  • Биофильмын архитектур бүтэц нь түүнийг хатаах болон фагоцитозын нөлөөнөөс хамгаална
  • Энэ нь буйлны шингэнд агуулагдах βlactamase зэрэг ферментийн нөлөөгөөр антибиотикийг идэвхгүйжүүлдэг тул антибиотикийн нөлөөнд өртөх нь бага
  • Өөрийн гэсэн өвөрмөц ген ба өвөрмөц протейн ялгаруулдаг. Биофильмийн хэмжээ өсөж томрох нь генийн төрөлжилтөнд нөлөө үзүүлнэ. Өөр хоорондоо фенотипийн хувьд ялгаатай маш олон төрлийн бичил биетэн гадаргуу болон орчны рецепторуудад холбогдно. Мөн генийн ялгаралтанд шууд бусаар орчны хүчин зүйлийн нөлөөллөөр (pH, сахарын концентраци) нөлөөлнө. Генийн бүтэц өөрчлөгдөх нь биофильмын антибиотикт мэдрэг чанарыг улам сулруулна.
  • Эсээс эсэд Cell–cell communication үүсгэнэ.
  • Өөр хоорондоо физиологийн ялгаатай байдал. Энэ нь хэдийгээр нэг төрлийн бичил биетнүүд ч биофильмд байхаараа өөр хоорондоо ялгаатай физиологийн шинж чанар үзүүлэх боломжтой болно.
  • Орон зайн ба хүрээлэн буй орчны ялгаатай байдал үүсгэх. Бичил биетнүүдийн бодисын солилцооны бүтээгдэхүүн нь нян бактерийн үржин олшроход нөлөөлдөг бөгөөд орчны pHын төлөв байдал, хүчилтөрөгчийн харилцан үйлчлэл зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг.
  • Бөөнөөрөө бүлгэрхэн орших бичил биетнүүдийн амьдралын хэв маяг нь тэдгээрийг хэмжээ хязгааргүй өсөж үржих боломж олгохын зэрэгцээ нэг нэгийнхээ үйл ажиллагааг дэмжих, нэгдмэл хавсарсан шинж чанарыг олгоно. Эхний үеийн колонжилт нь тухайн орчиндоо дасан зохицож хувирсанаар цааш цаашдаа бусад колониуд өөр хоорондоо холбогдон нэгдэл үүсгэх илүү сайн боломж олгоно. Бичил биетнүүдийн орчны эсүүд нь   βlactamase саармагжуулах ферментийг ялгаруулсанаар бичил биетнүүд нянгийн эсрэг бэлдмэл ба орчны хүчин зүйлсийн нөлөөнөөс хамгаалагдана. Ийнхүү олон төрлийн бичил биетнүүд бие биенийхээ үйл ажиллагааг дэмжин хамтарсанаар өнгөрийн биофильмийн шинж чанар нь биофильмийг бүрдүүлэгч хэсэг тус бүрийн хувийн шинж чанараас илүү давуу үйлчлэлтэй шинж чанарыг олж авдаг.
  • Эмгэг үүсгэгчдийн бие биенээ дэмжих шинж чанар. Биофильмд хуримтлагдсан бичил биетнүүдийн хөнөөлт чанар нь орчны эдийг гэмтээж эмгэг үүсгэх бөгөөд  энэ нь буйлан дор байрлах ердийн нянгууд биофильмын хүрээнд бие биенээ дэмжих харилцан үйлчлэлийн нөлөөгөөр хөнөөлт хүч нь улам нэмэгдсэний үр дүн юм.  

 

Өнгөрийн тулгуур эдийн өвчин үүсэхэд нөлөөлөх нөлөөллийн талаарх таамаглалууд

 

Өвөрмөц бус өнгөрийн таамаглал (Non-specific plaque hypothesis)

Энэ таамаглалын дагуу бол (Theilade, 1986) шүдний өнгөрийг оролдолгүйгээр тэр чигт нь орхивол өнгөр нь эхлээд хэмжээний хувьд ихсэж байснаа аажимдаа найрлагын хувьд өөрчлөгднө. Энэ нь буйлнаас дээш байрлалтай агаартан грамм эерэг кокк болон савханцарууд нь буйлан дорхтой ижил агааргүйтэн болж грамм сөрөг кокк, савханцарууд болон хувирсантай холбоотой. Түүнчилэн өнгөрт филамент, фузобактори, спирохет, сприлл зэрэг өнгөрт нэмэгдэнэ. Ийнхүү өнгөрийн нянгуудын хоруу чанар исэссэнээр тэдгээрийн ялгаруулах хорт бодисууд нь орчны эдийг гэмтээж, устган үрэвсэл үүсгэх шалтгаан болно. Хэрэв амны эрүүл ахуйн зааврын дагуу өнгөрийг сойзоор цэвэрлэх болон ямар нэгэн эмийн бодисоор үйлчилвэл эмгэг төрөгч нянгууд устгагдсанаар буйлны дээрх байрлалтай хэвийн бактериуд нөхөн сэргэж энэ нь буйлан дор байрлалтай бактерийн төлөв байдалд ч нөлөөлсөнөөр буйл эрүүл хэвийн хадгалагдах нөхцөл боломж бүрдэнэ.

 

Өвөрмөц өнгөрийн таамаглал (Specific plaque hypothesis)

Энэ төрлийн таамаглал нь (Loesche, 1976, 1979) тулгуур эдийн өвчнийг тухайлбал буйлны үхжилт үрэвсэл, хэсэг газрын түргэн явцтай тулгуур эдийн өвчин (localised aggressive periodontitis) зэргийг өнгөрт байрладаг өвөрмөц нянгийн колониуд үүсгэдэг асуудал дээр голлон анхаардаг. Иймд өвчний шалтгаан болж буй өвөрмөц нянгуудын эсрэг системийн үйлчлэлтэй антибиотикуудыг сонгомолоор ашиглаж устгахыг зөвлөдөг.

 

Өнгөрийн экологи орчны нөлөөллийн таамаглал (Ecological plaque hypothesis)

Өнөө үед амны хөндийн өөр хоорондоо ялгаатай нян бактерийн 700 гаран төрлийг олж нээгээд байна. Өвчин үүсгэхийн тулд эдгээр нян, бичил биетнүүд нь орчны эдийг гэмтээж чадах хэмжээнд эхлээд өсөж үржих ёстой. Энэ таамаглалын  (Marsh, 1991, 1994) дагуу бол буйлны үрэвсэл нь өнгөрийн хуримтлалаас болон үүсэх ба үүссэн үрэвсэлт өвчин нь орчны нөхцөл байдлыг өөрчилсөнөөр нян бичил биетнүүдийн амьдрах экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж бүр ихээр үрэвсэл өдөөгдөх нөхцөлрүү оруулдаг. Энэ онолын философиор бол өвчнийг түүний гол шалтгаан болж буй хүчин зүйлд нөлөөлсөнөөр таслан зогсоож, урьдчилан сэргийлж болно гэж үздэг. Буйлны үрэвсэлийг ийнхүү цаг хугацаанд нь таслан зогсоож чадахгүй бол тулгуур эдийн өвчин үүсдэг.

 

 

 

 

 

 

 


Tag:тулгуур эдийн өвчин, эмнэлзүйн практик, biofilm, биофильм
Бусад






avatar