Dr.Philip Marsh: Амны хөндийн гаралтай хэвийн бичил биетнүүд буюу microbiome нь шүдний өвчнүүдтэй хамааралгүй
2017.05.19 0.0 0

Philip Marsh бол Их Британийн Leeds Их Сургуулийн амны хөндийн бичил амь судлалын тэнхмийн профессор бөгөөд судалгааны энэ чиглэлээрээ үндэсний болон олон улсын хэмжээний томоохон шагналуудыг хүртсэн, олон улсын чанартай их хурал, конференцүүдэд байнга урилгаар оролцож илтгэл тавьдаг шилдэг эрдэмтдийн нэг юм. Тэрээр энэ удаа Австрали улсын Мельбурн хотод шүдний биофильм ба амны хөндийн бичил биетнүүдийн экологийн талаар лекц уншихаар хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Dental Tribune Online сонинд өгсөн ярилцлагыг орчуулан нийтлэж байна.

 

Dental tribune online: Амны хөндийн бичил биетнүүдийн тэнцвэрт байдал нь шүдний эрүүл мэндэд (биеийн ерөнхий эрүүл мэндэд бас) нэн чухал зүйл юм. Та энэ харилцан үйлчлэлийн талаар товч байдлаар таницуулж өгөөч.

Philip Marsh: Хүн ба бичил биетнүүд нь өөр хоорондоо маш нягт байдлаар бие биенээ дэмжсэн харилцаан дор оршдог бөгөөд бидний биеийн бараг 50% нь бичил биетнүүд юм. Эдгээр бичил биетнүүд нь хүний биеийн хувьд байх ёстой л хэвийн зүйл бөгөөд эрүүл мэндийн хувьд онцгой чухал ач холбогдолтой. Амны хөндийн хувьд амны хөндийн өөрийн гаралтай бичил биетнүүд нь гаднаас орж ирсэн бичил биетнүүдийг олшрон үржиж колони үүсгэхээс сэргийлж байдаг. Эдгээр гадаад эх үүсвэрээс орж ирсэн бичил биетнүүдийн зарим нь онцгой гэж болох эмгэг төрөгч шинж чанартай тул биеийн дархлааны урвалын хөгжил болон зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчний шалтгаан болж байдаг. Энэ утгаараа амны хөндийн өөрийнх нь бичил биетнүүд амны хөндийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой зүйл бөгөөд эдгээр нь амны хөндийн өвчин эмгэгтэй аль ч талаараа холбоогүй байдаг.

 

Амны хөндийн хэвийн бичил биетнүүд (microbiota) нь амьдралын хэв маягийн болон орчны өөрчлөлтөнд эмзэг мэдрэмтгий байдаг. Ямар зүйл нь эдгээр бичил биетнүүдийн өөрчлөлтийн шалтгаан болдог вэ? Үр дагаварын тухайд тайлбар өгөөч

Амны хөндийн хэвийн бичил биетнүүд болон орчны эдийн бие биенээ дэмжих харилцан үйлчлэл нь амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс шалтгаалсан орчны хүчин зүйлийн өөрчлөлтийг даган хувьсдаг. Маш тодорхой жишээ нь чихэр агуулсан ундаа ба хоол хүнс байнга хэрэглэх үед эсвэл шүлсний ялгаралт багассан үед ажиглагддаг. Энэ үед шүдний өнгөр, биофильм илүү хүчиллэг орчинтой болдог.

Хүчиллэг бүтээгдэхүүн аманд ихээр ялгарсаны улмаас эмгэг төрүүлэгч нян бактериуд амны хөндийн ашиг тустай бичил биетнүүдийг давамгайлах нь шүд цооролд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Үүнтэй нэгэн зэрэг буйлны орчимд их хэмжээний өнгөр хуримтлагдвал орчны эдийн зүгээс үрэвсэлийн хариу урвал үзүүлнэ. Протейноор баялаг буйлны шүүрэл нь буйлан доорх байрлалтай агааргүйтэн нянгуудын шимт тэжээл болон хувирах ба эдгээр эмгэг төрөгч нянгууд үржин олширсоноор орчны эдийн хамгаалах хариу урвал даамжирч буйлны эдүүдийг гэмтээн илүү хүнд хэлбэрийн үрэвсэлрүү шилжинэ.

 

Амны хөндийн хэвийн бичил биетнүүдийн төрөл зүйл нь ихэнхдээ удамшлаас хамаарсан байдаг. Тэгвэл үүнийг гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр зохицуулах боломж байх уу?  

Амны хөндийн хэвийн бичил биетнүүдийг зохицуулдаг зарим нэг хүчин зүйл нь удамшлаас шалтгаалсан байх нь бий. Гэхдээ амны хөндийн бичил биетнүүд нь дийлэнхдээ амны хөндийн эрүүл ахуй ба амьдралын хэв маягаас шалтгаалан өөрчлөгдөж зохицуулагдаж байдаг. Тухайлбал хоол хүнсэндээ ферментлэгдсэн сахарын хэрэглээг багасгах тамхи татахаас татгалзах зэргээр эдгээрийг зохицуулж болно. Зарим нэг эмийн бодисын гаж үр нөлөөний улмаас шүлсний ялгаралт багасдаг нь амны хөндийн хэвийн бичил биетнүүдийн тэнцвэрт байдал алдагдаж шүд цоорох өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

 

Амны эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүд нь амны эмгэг төрөгч нян бактериудыг багасгаж хэвийн бичил биетнүүдийг дэмжихэд чиглэгддэг. Гэвч эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг хэт их хэрэглэх нь амны хэвийн бичил биетнүүдийг устгах аюултай юу?

Амны хөндийн хэвийн бичил биетнүүд нь байх ёстой бөгөөд ашиг тустай зүйл тул тэдгээрийг амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалахад шаардлагатай хэмжээнд зохицуулж, арчилж байх шаардлагатай. Амны эрүүл ахуйн бүтээгдэхүүн нь хэвийн бичил биетнүүдийг зүй зохистой хэмжээнд барьж зохицуулж байхаар бүтээгдсэн байдаг ч түүнийг зохист хэмжээнд бус ашиглах нь амны хөндийн хэвийн бичил биетнүүдэд бага зэрэг аюултай ба сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнтэй нэгэн адил өргөн хүрээний антибиотикийг удаан хугацаагаар ууж хэрэглэх нь амны хөндийн ашигтай бичил биетнүүдийг ноцтой хэмжээнд дарангуйлсаны улмаас бичил биетнүүдийн хэмжээ хязгааргүй өсөж үржих, орчныг өөрчлөлтийн шалтгаан болно.

 

Амны хөндийн нянгууд нь шүдний тулгуур эдийн өвчин ба шүд цоорох өвчин үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Амны эрүүл ахуйн дэглэм сахихаас өөр энэхүү хөнөөлт нянг зохицуулах өөр арга ойрын ирээдүйд байна уу? Тухайлбал вакцин ашигладаг ч юмуу?

Сүүлийн үед хөгжүүлж байгаа шинэ төрлийн стратеги нь амны хөндийн ашиг тустай бичил биетнүүдийг дэмжих замаар өвчин үүсэхийг дарангуйлах явдал юм. Энэ стратегийн хүрээнд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой пробиотикуудыг хөгжүүлэх, амны хөндийн ашиг тустай бичил биетнүүдийн өсөлтийг дэмжих үйлчилэлтэй пребиотикийг ашиглах зэрэг зүйлсийг хийж гүйцэтгэж байна. Буйлан доорх өнгөрөөс шалтгаалсан орчны дархлааны урвалаас болж үүсэх эдийн гэмтлийг бууруулах, шархны эдгэрэлтийг дэмжих шинэ төрлийн гайхамшигтай үрэвсэлийн эсрэг бодис бүтээж байна. Биофильм үүсэлтийг саармагжуулдаг молекулын туршилт судалгаа идэвхтэй явагдаж байна. Зарим ундаа болон хүнсний зүйлд амны бичил биетнүүдийн нөлөөгөөр задарч хүчил болж хувирдаггүй амт оруулагчдыг ашиглаж байна.

 

Өнөөгийн цаг үед шүдний эмчилгээний салбар урьд өмнө байгаагүйгээр биофильм ба нян бактерийн хувьсал өөрчлөлтийн асуудалтай тулгараад байна. Яагаад энэ байдалтай тулгарчихав аа?

Өнгөрсөн үеэс ялгаатай нь өнөөдөр бидний эргэн тойронд чихэрлэг ундаа амттаны хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр ихсээд байна. Мөн хүмүүсийн нас уртасч байгаагийн хэрээр шүдээ хөгшин болтлоо хадгалан авч үлдэх боломжтой болоод байгаа нь хүмүүс урт удаан хугацааны турш шүдний өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлээд байна. Үүний зэрэгцээгээр ахмад настай хүмүүсийн хэрэглэж буй эмийн бодисын сөрөг нөлөөний улмаас шүлс ялгаралт багасч байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

 

Ямар стратеги баримталвал амны хөндийн хэвийн тэнцвэрт байдлыг хангах вэ? Шүдний эмч нар энэ талаар өвчтөнүүдэд хэрхэн зөвлөх ёстой вэ?

Хамгийн гол стратеги бол шүдэнд өнгөр хуримтлагдахаас урьдчилан сэргийлж хэрхэн амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих талаар дадлага туршлага олгох хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр хоол хүнсээр авах сахар нь шүд цоорох өвчний шалтгаан болдог гэдгийг сайтар ойлгуулах. Хэрэв өвчтөн өөрийн амьдралын хэв маяг ба амны хөндийн бичил биетний орчин, амны хөндийн эрүүл мэнд ба биеийн ерөнхий эрүүл мэнд, энх тунх амьдралын хооронд харилцан хамааралтай шууд холбоо байгааг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж чадвал хамгийн чухал зүйл болно. 

 

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

 

 


Tag:Ярилцлага, microbiota, microbiome, бичил биетнүүд
Бусад






avatar