Судлаачид шүдний тулгуур эдийн өвчний хүндрэл ба элэгний циррозооос шалтгаалсан нас баралтын хооронд хамаарал байгааг тогтоолоо
2017.05.23 0.0 0

Шүдний тулгуур эдийн үрэвсэл нь биеийн ерөнхий эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлдэг нь нэгэнт тогтоогдсон. Шүдний тулгуур эдийн өвчний улмаас зөвхөн түүшин яс, холбоос, буйлны зөөлөн эдэд асуудал үүсээд зогсохгүй биеийн эрүүл мэндийн томоохон асуудлуудтай ч энэ өвчин холбогддог.

Тухайлбал 2016 онд Хятадын судлаачид шүдний тулгуур эдийн өвчинтэй хүмүүс уушигны хорт хавдарт өртөх нь энгийн хүмүүсээс илүү эрсдэл өндөр байгааг тогтоосон байдаг. Мөн University of Southampton ба King’s College London-ы хамтарсан судалгаагаар буйлны үрэвсэл ба Алцгеймер өвчний эрт үе шатанд илрэх оюун ухааны самууралтын хооронд хамаарал байгааг тогтоосон байна.

Тэгвэл өнгөрсөн сард Амстердам хотод болсон International Liver Congress 2017 их хурал дээр элэгний цироз болон элэгний эргэшгүй сорвижилт бүхий хүмүүсийн нас баралт нь шүдний тулгуур эдийн өвчний хүндрэлтэй хамааралтай байгааг тогтоосон проспектив судалгааны үр дүнг танилцууллаа.

Уг судалгаанд элэгний цироз бүхий 184 өвчтөнийг хамруулсан ба бүх хүний амны хөндийн ерөнхий байдлыг үнэлсэн байна. Судалгаа эхлэл үед эдгээр өвчтөнүүдийн 44 хувь нь хүндэрсэн хэлбэрийн тулгуур эдийн өвчинтэй байсан бол судалгааны эцсийн үр дүнгээс харахад судалгааны явцад эдгээр өвчтөнүүдийн бараг тал хувь нь нас барсан байна. Иймд шүдний тулгуур эдийн өвчин нь элэгний цирозын хүндрэлээс шалтгаалсан нас баралтын хооронд хүчтэй хамаарал байна гэж үзэх үндэслэл байна.

“Бидний судалгаанаас шүдний тулгуур эдийн хүндрэл нь элэгний циррозоос шалтгаалсан нас баралтыг урьдчилан таамаглаж болох өндөр магадлалтай болох нь харагдлаа” гэж энэхүү судалгааг ахалсан Данийн  Aarhus University Hospital-ын эмч Lea Ladegaard Grønkjaer, PhD хэлж байна. Шүдний тулгуур эдийн өвчин нь нян бактерийн томоохон хэмжээний голомтот эх үүсвэр тул энэ утгаараа элэгний цирозод нөлөөлж үрэвсэлийг хүндрүүлэн хүнд хэлбэрт шилжүүлдэг гэж таамаглаж байна. “Шүдний тулгуур эдийн өвчнийг амжилттай эмчлэх боломжтой тул ингэсний дараа ямар өөрчлөлт гарах вэ гэдэг нь биднийг энэ чиглэлээр дараагийн судалгааг хийх сэдэл төрүүлж өгч байна” гэж тэрээр нэмж хэллээ.

Америкийн Шүдний Тулгуур Эдийн Холбоо (American Academy of Periodontology)-ны ерөнхийлөгч Terrence J. Griffin, DMD-ы үзэж байгаагаар энэхүү судалгааны үр дүн нь тийм ч гайхмаар зүйл биш бөгөөд шүдний тулгуур эдийн өвчин ба биеийн бусад эрхтэн тогтолцооны өвчнүүдийн хамаарлын тухай шинжлэх ухааны нотолгоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ тохиолдолд өвчтөнд ямар үр нөлөө учруулж байгааг илүү сайн ойлгож авахын тулд судлаачдад нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгаа гэдэгт тэрээр итгэлтэй байна.

“Өвчтөнүүдийн шүдний болон биеийн ерөнхий эрүүл мэндийн талаарх мэдлэг нь шүдний тулгуур эдийн эмч ба ерөнхий мэргэжлийн эмч нарт хэн хэнд нь чухал зүйл” гэж Terrence J. Griffin, DMD хэллээ. “Би олон жилийн турш биеийн эрхтэн тогтолцооны эмгэгийн эмчилгээ хийлгэж буй хүмүүст үүссэн шүдний тулгуур эдийн өвчнийг олон эмч нарын хамт багаар тусламж үзүүлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээр хамгаалан зогсож байна. Иймд бид одоо элэгний өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний чиглэлээр ч илүү их зүйл суралцах хэрэгтэй байна. Бид шүдний салбарын болон анагаахын мэргэжилтнүүдэд өвчтөнд дээд зэргийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд өвчтөнөөсөө биеийн бүх эрүүл мэндийг хамарсан асуултуудыг асууж байх нь зүйтэй гэж зөвлөдөг” гэж тэрээр хэллээ.

 

 

 

 

 

 

 


Tag:элэгний цироз, тулгуур эдийн өвчин, судалгааны тойм
Бусад






avatar