Жирэмсэн үедээ тамхи татах нь хүүхдийн шүдний хөгжлийг ургийн шатанд нь зогсоож hypodontia эмгэг үүсгэдэг
2017.06.13 0.0 0

OTAGO, New Zealand: Шинэ Зеландын Отаго Их Сургуулийн судлаачид жирэмсэний явцадаа өдөрт 10-аас илүү тамхи татаж байгаа жирэмсэн эхчүүд хүүхдийнхээ шүдний хөгжилд маш муу зүйл хийж байгааг баримтаар тогтоолоо.

Судлаачид шүдний хөгжлийн дутмагшлын улмаас 5 хүртэлх тооны шүд нь ургаагүй, төрөлхийн шүдний дутмагшил hypodontia эмгэг бүхий 83 хүүхдийн нөхцөл байдлыг hypodontia эмгэггүй эрүүл 253 хүүхдүүдтэй харьцуулан судалсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдийн эхчүүд жирэмсэний явцдаа идэвхтэй болон идэвхгүй дам хэлбэрээр хэр их тамхи таталтанд өртөж байсан болон кафейн болон спиртийн төрлийн ундааны хэрэглээний талаар бэлтгэсэн асуумж бөглөжээ.

Судалгааны багийн ахлагч проф Mauro Farella-ын хэлж байгаагаар hypodontia эмгэг болон тамхи таталтын хооронд шууд эерэг хамаарал байна гэнэ. Харин кафейн болон спиртийн төрлийн ундаа болон уг эмгэгийн хооронд шууд хамаарал байхгүй байсан байна.

“Жирэмсэний явцдаа эхчүүд хэдий их тамхи хэрэглэнэ төдий чинээ хүүхдүүд нь шүдгүйдэлд өртөж hypodontia эмгэгтэй болох нь их байна” гэж Отаго Их Сургуулийн Шүдний Гажиг заслын салбарын профессор Mauro Farella хэлж байна.

“Хэдийгээр эхчүүдийн тамхи таталт болон hypodontia эмгэгийн хоорондын хамаарлыг тайлбарлахад илүү судалгаа хийх хэрэгтэй байгаа ч одоогийн байдлаар тамхи нь ургийн хөгжлийн явцад мэдрэлийн эсүүдийг гэмтээж шүдний хөгжлийг зогсоодог болох нь тодорхой байна” гэж тэрээр хэллээ.

Энэхүү судалгааны үр дүн нь урьд өмнөх судалгаануудаас гарсан жирэмсэний үед тамхи таталт нь ургийн хөгжилд нөлөөлж хүүхдийг хэвлийн дотроо амьгүй болоход хүргэдэг гэсэн мэдээлэлтэй дүйцэж байна. Мөн тамхи таталт ба жирэмсэн эмэгтэйчүүдийн талаарх олон судалгаануудад тамхи таталт нь үр зулбалт болон жингийн алдагдалтай хүүхэд төрөхөд нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.

 

Энэхүү судалгаа нь   “Maternal smoking during pregnancy is associated with offspring hypodontia” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 5-р сарын 23 өдрийн дугаарт онлайнаар нийтлэгджээ.


Tag:тамхи таталт, судалгааны тойм, жирэмслэлт ба шүд цоорох өвчин
Бусад






avatar