Шүлсний дээжээр амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянадаг төхөөрөмж худалдаанд гарлаа
2017.06.15 0.0 0

KYOTO, Japan: Японы ARKRAY компани шүлсний дээжээр 5 –хан минутын дотор амны хөндийн эрүүл мэндийн нэлээд олон үзүүлэлтүүдийг тодорхойлох чадвартай шүлсний сорилын шинэ төрлийн төхөөрөмж бүтээснээ олон нийтэд танилцууллаа. ST Check шүлсний сорилын иж бүрдлээр цэнэглэгдсэн уг төхөөрөмж олон улсын хэмжээнд худалдаанд гарч байгааг ARKRAY компаний маркетингийн төлөөлөгч Aiko Hitomi  танилцууллаа.

Багахаан зэрэг шүлсний дээжнээс SPOTCHEM ST ST-4910 төхөөрөмж хяналтын дэлгэц дээрээ шүд цоорох өвчний нянгийн түвшин, шүлсний хүчиллэг байдал, буфер шинж чанар, цусны цагаан эсийн тоо, цусны төлөв байдал, уургийн түвшин, аммоны хэмжээг маш түргэн хугацаанд дэлгэн харуулах чадвартай гэнэ. Өвчтөн болгоны шинжилгээний үр дүнг анализ хийхэд хялбар байдлаар график дүрслэлд оруулаад шүлсний дээж шинжилгээнд оруулсанаас 5 –хан минутын дотор принтерээр хэвлэн гаргаж өгдөг байна.

Өвчтөн бүрийн өвөрмөц шинжилгээний үр дүнд тулгуурлан шүдний эмч нар шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эдийн өвчний шинж тэмдэгийг эрт илрүүлэн оношлох боломжтой гэж тус компаний мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Тухайлбал буйлны үрэвслийн үед шүлсэн дэх цусны цагаан эсүүдийн тоо олширдог. Иймд шүлсэн дэх цусны цагаан эсүүдийн тоо өндөр байх нь хэдийгээр тухайн өвчтөнд нүдэнд харагдах, мэдрэгдэх буйлны үрэвслийн шинж тэмдэг байхгүй байгаа ч буйлны үрэвсэл эхэлж байгааг тодорхойлж өгнө.

Энэхүү алганы хэмжээтэй төхөөрөмж танилцуулагдсан цагаасаа зах зээлд олон нийтийн сонирхлыг маш ихээр татаад байгаа гэнэ. Нэлээд олон үзэсгэлэн яармагуудад өнөөг хүртэл таницуулагдаж дэлгэн үзүүлээд байгаа ба бүс нутгийн болон олон улсын түвшинд эмч мэргэжилтнүүдийн санал сэтгэгдэл ч эерэг хандлагатай байна. Иймд уг төхөөрөмж нь олон улсын түвшинд амжилттай худалдаалагдна гэдэгт итгэлтэй байгаагаа Aiko Hitomi хэллээ.

Өнөөгийн байдлаар  SPOTCHEM ST ST-4910 төхөөрөмжтэй ижил шүлсний шинжилгээний төхөөрөмжүүд нь олон улсын хэмжээнд стандартчилагдаж амжаагүй байгаа тул уг төхөөрөмж дээр өөр компаний шүлсний сорилын иж бүрдэл ашиглах хараахан боломжгүй байгаа юм байна. Одоогоор энэ төхөөрөмж нь Европ болон Азийн зарим орнуудад худалдаанд гараад байна.

 

 

 


Tag:урьдчилан сэргийлэлт, технологийн мэдээлэл, шүлсний сорил
Бусад






avatar