Шүдний хөндийд хиймэл аргаар судасжилт үүсгэж эс нөхөн төлжүүлэх аргачлал нь шүдийг дахин амьдруулах боломжийг нээж өгч байна
2017.06.21 0.0 0

PORTLAND, Ore., USA: АНУ-ын Орегон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн судлаачид шүдний сувгийн эмчилгээнд хувьсгал авчирах нэгэн шинэ төрлийн аргачлал хөгжүүлж байгаа нь урьдчилан судасжилт үүсгэсэн шүдний эд төст бүтцэд эдийн инженерчлэлийн аргаар шинээр цусны судас төлжүүлэх ажилбар юм. Энэ аргачлалыг ашиглан шүдний сувгийн эмчилгээг уламжлалт аргачлалаас илүү үр дүнтэйгээр удаан хугацаанд чанартай эмчлэх боломжтой болно гэж судлаачид урьдчилан таамаглаж байна.

Америкийн Эндодонтын Холбооны мэдээллээр жил бүр тус улсын хэмжээнд 15 сая сувгийн эмчилгээ хийгддэг. Шүдний сувгийн эмчилгээ гэдэг нь халдвар орсон, үрэвссэн, шүдний зөөлөн эд үхэжсэн шүдийг аврах цорын ганц аргад тооцогддог боловч уламжлалт аргаар хийсэн сувгийн эмчилгээний дараа шүд хэврэг болж улмаар цаг хугацааны эрхээр хугарал, гэмтэлд өртөх магадлал нэмэгддэг.

“Шүдний сувгийн эмчилгээний улмаас цусны судас, мэдрэлийн багцыг нэлэнхүйд нь авдаг учир шүд амьгүй болж биологийн хариу урвал болон шүдний өөрийн төрөлхийн хамгаалах чадвараа алдагддаг. Эдгээр амин чухал үйл ажиллагаанууд алдагдсанаар насанд хүрэгчдийн шүд илүү амархан амьдрах чадвараа алдаж шүдгүйдэлд өртөх боломжтой болж түүнийг ямар нэгэн аргаар тухайлбал хиймэл шүдэлбэр юмуу имплантаар орлуулах хэрэгтэй болдог” гэж Орегон Их Сургуулийн Шүдний Сургуулийн багш, судалгааны багийн ахлагч Dr. Luiz E. Bertassoni тайлбарлаж байна.

Тэгвэл энэ асуудал дээр Bertassoni болон түүний хамтрагчид 3D хэвлэгчтэй төстэйгээр цусны судсыг лабораторийн нөхцөлд ургуулах аргачлалыг хөгжүүлж байна. Энэ аргачлалын хувьд нүүрс усны молекулаас бүтээсэн шиллэг биетийг шүдний сувгийн ханын дагуу байрлуулаад түүндээ шүдний зөөлцийн эс агуулсан, хүний биеийн протейнтэй төстэй найрлага бүхий гель хэлбэртэй материал шахдаг байна. Уг материал нь шүдний хөндийд цусны судас шинээр үүсгэн, зөөлцийн эсүүдийг ялгаран хөгжих боломж олгодог. Судлаачдын олж илрүүлсэнээр шүдний хөндийд материал шахсанаас долоо хоногийн дараа шүдний тугалмайн эсүүд шинээр ялгаран хөгжиж, шүдний хөндийд цусны судсууд үүсэн хэлбэржиж эхэлсэн байна.

“Энэхүү судалгааны үр дүн нь хиймэл аргаар судсыг төлжүүлэх боломжтойг батлаж өгсөнөөр шүдний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нөхөн сэргээх өндөр үр дүнтэй эмчилгээний аргачлал гарган авах боломжтойг харууллаа” гэж судалгааны багийн ахлагч Luiz E. Bertassoni хэлж байна. “Бидний судлагааны энэхүү нээлт нь шүдний сувгийн эмчилгээ хийх аргачлалыг ирээдүйд өөрчилж чадна гэж бид найдаж байна” гэж тэрээр нэмж хэллээ.

Энэхүү судалгаа нь “A novel strategy to engineer pre-vascularized full-length dental pulp-like tissue constructs,” гарчигтайгаар Scientific Reports сэтгүүлийн 6-р сарын 12-ы өдрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна. Энэхүү судалгааны төслийг Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH)-ын салбар National Institute of Dental and Craniofacial Research байгуулага ба OHSU Medical Research Foundation хамтран санхүүжүүлсэн байна.

 

 

 

 

 

 


Tag:сувгийн эмчилгээ, судалгааны тойм, шүд нөхөн сэргээх материал
Бусад






avatar