Шүдний тулгуур эдийн өвчин үүсгэгч бактери нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үр тогтолтыг удаашруулдаг байж болзошгүй
2017.06.22 0.0 0

HELSINKI, Finland: Финлянд улсын Хельсинк Их Сургуулийн судлаачдын саяхан хийсэн нэгэн судалгаагаар шүдний тулгуур эдийн өвчин үүсгэгч Porphyromonas gingivalis нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үр тогтолтын процессийг удаашруулдаг байж магадгүй болох нь тогтоогдлоо. Global Burden of Disease Study олон улсын судалгаагаар архаг хэлбэрийн шүдний тулгуур эдийн өвчин нь дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан өвчин эмгэгүүдийн зургадугаар байрт ордог байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл шүдний тулгуур эдийн өвчин ба үр тогтолтын хамаарлыг харуулсан судалгааны баримт хараахан байхгүй байсан юм.

Энэхүү судалгаанд жирэмсэн болох зорилгоор ерөндөг болон бусад жирэмсэнээс хамгаалах хэрэгсэлээ зогсоосон 19-42 насны нийт 256 эмэгтэйчүүдийг хамруулж шүдний тулгуур эдийн өвчин ба үр тогтолтын хамааралтай микробиологийн болон серологийн маркеруудад шинжилгээ хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс эхлээд асуумжийн аргаар өвчний түүх, тамхи татдаг эсэх, амны эрүүл ахуйн дадал зуршил, шүдний эмнэлэгт хандсан байдал, нийгмийн байдал амьжиргааны нөхцлийн талаар мэдээлэл цуглуулжээ. Үүний дараа амны хөндийн үзлэг хийж, шүд цоорох өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний (буйлны ховилын гүн, өнгөр, сэтгэхэд цус гарч байгаа эсэх, шүдний холбоос эд алдагдсан эсэх) байдлыг шалгасан байна. Шүдний тулгуур эдийн өвчин үүсгэх эмгэгийг илрүүлэхийн тулд өвчтөнүүдээс ийлдэс ба идэвхжүүлсэн шүлсний дээж авчээ. Үтрээний гаралтай эмгэгүүдийг илрүүлэхийн тулд мөн үтрээний арчидас авсан байна. Ингээд судалгаанд оролцогчдыг жирэмсэн болсон эсэхийг үл харгалзан 12 сарын хугацаанд мөшгөн, тандан судалжээ.  

Судалгааны үр дүнгээр шүлсэн дэх P. gingivalis-ын агууламж үр тогтсон эмэгтэйчүүдээс үр тогтохгүй байгаа эмэгтэйчүүдэд статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц хэмжээнд өндөр (үр тогтоогүйд 8.3% бол үр тогтсон эмэгтэйчүүдэд 2.1%) байсан байна. Мөн шүлсэнд болон цусны ийлдсэнд уг эмгэг нянгийн эсрэг эсэг биет үр тогтоогүй эмэгтэйчүүдэд мөн өндөр хувьтай байлаа. Судалагааны үр дүнд статистикийн боловсруулалт хийж үзэхэд үр тогтолтын эсрэг бусад үл хамаарах эрсдэлт хүчин зүйлсэд нас, нийгэм, амьжиргааны байдал, үтрээний нянгийн үрэвсэл, өмнөх төрөлтийн байдал болон тулгуур эдийн өвчин хамаарч байна.

“Бидний судалгаа хэдийгээр үр тогтолтын талаарх томоохон асуудалд хариу өгөх хэмжээний байж чадахгүй ч шүдний тулгуур эдийн нянгууд нь бага хэмжээтэй байсан ч эрхтэн тогтолцооны хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлж болох нь харагдаж байна” Хельсинкийн Их Сургуулийн судалгааны багийн ахлагч шүдний тулгуур эдийн эмгэг судлаач  Dr Susanna Paju хэлж байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн амьжиргааны байдал болон эрүүл мэндийн төлөв байдал өөр хоорондоо эрс адилхан хангалттай нэгэн түвшинд байж чадсан ч судалгаанд жирэмслэлтийн эсрэг аргаа таслан зогсоосон яг тодорхой хугацаа, жирэмслэлтийн эсрэг ямар аргыг хэр хугацаанд хэрэглэсэн зэрэг мэдээлэл дутмаг байсан байна. Мөн хосуудын хэн нэгэнийх нь нөхцөл байдал ч үр тогтолт удааширахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.

“P. gingivalis болон үр тогтолтын удаашрах байдлын хоорондын хамаарлыг илүү тодорхой болгохын тулд илүү өргөн хүрээний судалгааны материалын хүрээнд өөр аргачлалаар бас тогтоож үзэх шаардлагатай байна. Гэсэн хэдий ч  бидэнд одоо байгаа мэдээллийн хүрээнд нөхөн үржлийн насны эмэгтэйчүүд амны эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах, шүдний эмч дээр байнга очиж шүдний тулгуур эдийн өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэснээр  жирэмсэн болох үр тогтох магадлал нь илүү сайжирна гэж ойлгож болно” гэж судлаачид судалгааны өгүүлэлдээ цохон тэмдэглэсэн байлаа.

 

Энэхүү судалгаа нь “Porphyromonas gingivalis may interfere with conception in women” гарчигтайгаар Journal of Oral Microbiology сэтгүүлийн 6-р сарын 12-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

 

 

 


Tag:жирэмслэлт, тулгуур эдийн өвчин, судалгааны тойм, Research
Бусад






avatar