Сувгийн эмчилгээний никель титан зэмсэгүүд нь тугалмайн эдэд бичил ан цав, гэмтэл үүсгэдэггүй
2017.06.28 0.0 0
Сүүлийн жилүүдэд сувгийн хэлбэржүүлэлтийн зориулалтаар төрөл бүрийн шинэ төрлийн механик зэмсэгүүд болон аргачлалууд нэмэгдсээр байна. Тэдгээрийн төлөөлөл нь WaveOne Gold төрлийн сувгийн эмчилгээний зэмсэг бөгөөд энэ төрлийн файлууд нь дулааны боловсруулалтаар гарган авсан шинэ төрлийн гадаргуутай төрөл бүрийн хэмжээ, диаметр бүхий холхиулах (reciprocation) хэлбэрээр ажилбар гүйцэтгэдэг зориулалт бүхий зэмсгүүд юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ийм төрлийн шинэ технологиуд нэвтрэхийн хэрээр никель титан хайлшаар хийгдсэн холхиулах ба өрөмдөх (rotary) үйлчлэл бүхий зэмсэгүүд нь сувгийн тугалмайн эдэд бичил гэмтэл үүсгэснээр сурвалжийн хугаралд нөлөөлдөг гэх ойлголт, цуу яриа нэмэгдэх хандлагатай байгаа юм. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнгүүд ч өөр хоорондоо харилцан адилгүй байна.

Тэгвэл энэ асуултанд хариу өгөх чиглэлээр бичил компьютер томограф ашиглан сувгийн ханыг судалсан судалгаа BMC Oral Health сэтгүүлийн 2017 оны 6-р сарын 2-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна. Судлаачид судалгаандаа сувгийн эмчилгээнд өргөн ашигладаг дэвшилтэт технолгиудыг агуулсан ProTaper Next (Dentsply Sirona), K3XF (Kerr Dental), ба WaveOne Gold (Dentsply Sirona) зэмсгүүдийг хамруулсан байна.

Судлаачид 30-50 насны, ямар нэгэн шүд хавирах зэрэг гаж зуршилгүй, тулгуур эдийн эмгэггүй эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн эмчилгээний заалтаар авхуулсан сурвалжийн суваг нь шулуун (тахир нь 50-аас бага) эрүүний 82 үүдэн шүдэн дээр туршилт судалгааг гүйцэтгэжээ. Шүд тус бүрийг 0.1%-ын тимолын уусмалд 24 цаг байлгаж халдваргүйжүүлээд дараа нь нэрмэл усанд туршилтын явцад 30 хүртэл хоног хадгалсан байна.

Шүдэн дээр үүссэн бичил ан цавыг илрүүлэхэд стереомикроскоп ашиглан x15 өсгөлтөөр дүрсийг буулган авсан байна. Шүд болгоны цөгцний хэсгийг ёзоорын урт бүгд 13 мм байхаар хэмжээнд тасдан тайрч аваад No. 10 K-file (Dentsply Sirona) ашиглан сурвалжийн сувгийн урт ба орон зайн хэмжээг багцаалдан хэмжжээ. Үүний дараа шүд болгоныг XT H 225 ST industrial CT system (Nikon) –ээр скан хийж ажилбар гүйцэтгэхийн өмнөх сувгийн ханын байдлыг буулган авсан байна. Сувгийн зэмсэг тус бүрээр 20, 20 шүд, нийт 60 шүдэнд ажилбар гүйцэтгэсний дараа шүд тус бүрийн ханыг мөн CT сканнераар дахин нягталж үзжээ.

Нийт скан хийсэн зургийн бараг тэн хагас буюу 45,720 слайдад тугалмайн сувгийн бичил ан цав, гэмтэл илрүүлсэн бол эдгээр нь ажилбар гүйцэтгэхийн өмнөх ба дараах зурганд ижил хэмжээтэй байсан байна. “Ажилбар гүйцэтгэсний дараа шинээр бичил ан цав үүссэн тохиолдол илрээгүй” гэж судлаачид тэмдэглэсэн байлаа. Энэ нь WaveOne Gold буюу холхиулах үйлдэлтэй зэмсэг, ProTaper Next, K3XF өрөмдөх үйлчлэлтэй зэмсэг аль алинд нь адилхан байлаа.

Судлаачид зарим төрлийн судалгаанууд дээр сувгийн зэмсгийн улмаас бичил ан цав үүссэн тухай баримт байдаг нь сурвалжийн сувгийн тахир муруйн өнцгөөс хамаардаг байж болох талаар өөрсдийн таамгийг дэвшүүлсэн байна.

Судлаачид судалгааныхаа өгүүлэл дээр энэхүү судалгааг in vitro орчинд явуулсан болохыг сануулаад энэхүү үр дүн нь эмнэлзүйн тохиолдол дээр шууд нийцэхгүй байж ч болзошгүйг анхааруулсан байна. Судлаачид судалгааныхаа дараагийн хэсгийг цогцсон дээр буюу in situ орчинд гүйцэтгэж micro-CT analysis хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Өгүүллийн дүгнэлт хэсэгт “Бидний судалгааны үр дүнгээс харахад ProTaper Next, K3XF, ба WaveOne Gold зэмсэгүүд нь шүдний тугалмайн бичил ан цав, гэмтэл үүсгэдэггүй болох нь тогтоогдлоо” гэсэн байна.





Tag:Endodontic insight, эмнэлзүйн практик, сувгийн эмчилгээ
Бусад






avatar