Хоол боловсруулах замд байрлах мөөгөнцөр ба нянгийн харилцан үйлчлэлийг таслан зогсоосноор хүүхдийн эрт үеийн шүдний цоорлоос сэргийлэх боломжтой
2017.06.29 0.0 0
Хүний хоол боловсруулах замд байрладаг Candida albicans мөөгөнцөр нь Streptococcus mutans нянгийн боловсруулдаг нэгэн төрлийн ферментийн дэмжлэгтэйгээр шүдний гадаргууд салгахад хэцүү цавуулаг биофильм үүсгэснээр хүүхэд насны эрт үеийн шүд цоорох өвчин (early childhood caries)-ий шалтгаан болдог нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Тэгвэл саяхан АНУ-ын Пенсильваны Их Сургуулийн судлаачид мөөгөнцөр болон нянгийн хооронд харилцан үйлчлэл үүсэхэд нөлөөлдөг гадаргуугийн молекулыг олж илрүүлсэн байна. Энэ молекулд блок тавьсанаар мөөгөнцөр ба нянгийн харилцан үйлчлэлд саад тотгор үүсч шүдний гадаргууд нянгийн хальсан бүрхүүл үүсэх механизм алдагдан, өнгөр тогтолт арилж, хүүхдийн эрт үеийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой болно гэж судлаачид үзэж байна.

“Хүүхдийн шүдний эрт үеийн цоорлын урьдчилан сэргийлэлтэнд ихэвчлэн нянгийн асуудал дээр голлон анхаарлаа хандуулдаг бол бид нян ба мөөгөнцөрийн асуудал дээр зэрэг анхаарал хандуулан ажиллаж байна” гэж Пенсильваны Их Сургуулийн Хүүхдийн Шүдний Эмчилгээний салбарын профессор, судалгааны багийн ахлагч Hyun (Michel) Koo, DDS, MS, PhD хэлж байна. “Бидний судалгааны өгөгдөлөөс харахад мөөгөнцөрийн фермент болон эсийн хананд харилцан үйлчилсэнээр нянгийн хальсан бүрхүүл үүсэх явдлыг таслан зогсоох боломжтой болох нь батлагдаж байна” гэж тэрээр нэмж хэллээ.

Candida albicans нь хэрэв Streptococcus mutans нян ба сахар байхгүй нөхцөлд дангаараа шүдний гадаргууд холбогдон өнгөр үүсгэх чадваргүй. Тэгвэл судлаачид S mutans нянгийн ялгаруулдаг GftB ферментийг олж илрүүлсэн бол энэхүү ферментийг боловсруулахын тулд S mutans нь чихэрлэг хоол хүнсний найрлаганд байх цавуулаг глюкан (glucan) полимер нэгдлийг ашигладаг байна. Иймд эндээс чихэр, болон чихрээр баялаг хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдний цоорол үүсгэх шалтгаан болдог нь харагдаж байна.

Судлаачдын олж илрүүлсэн судалгааны баримт нотолгоон дээр тулгуурлан хүүхдийн эрт үеийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд зарим нэг өөрчлөлт гарч болзошгүй болоод байна. Одоогийн ашиглаж байгаа эмчилгээний удирдамж нь шүдний цоорол үүсгэгч нянгийн гаралтай шалтгаан дээр голлон төвлөрч байгаа бол судлаачид өөрсдийн судалгааны баримтад тулгуурлан нянгийн гаралтай болон мөөгөнцөрийн гаралтай шалтгааныг таслан зогсоох эмчилгээний шинэчилсэн удирдамж боловсруулахаар ажиллаж байна. Мөн ойрын үед эмнэлзүйн зорилгоор ашиглаж болох шинэ төрлийн эм, материал гарган авахаар ажиллаж байгаагаа Hyun Koo профессор мэдэгдлээ





Tag:шүд цоорох өвчин, Research, судалгааны тойм, early childhood caries
Бусад






avatar