Чихрийн шижин өвчин нь амны хөндийн бичил биетнүүдийн орчныг өөрчилсөнөөр шүдний тулгуур эдийн өвчин (Periodontitis) үүсэх шалтгаан болдог
2017.07.14 0.0 0

Дөрөвхөн жилийн өмнө Шүдний тулгуур эдийн өвчний судалгаагаар хамгийн нэр хүндтэй Европын Шүдний Тулгуур Эдийн Холбоо (European Federation of Periodontology) болон Америкийн Шүдний Тулгуур Эдийн Холбоо (American Academy of Periodontology) байгууллагуудын тайлан мэдээлэлд чихрийн шижин амны хөндийн бичил биетгүүдийн орчныг өөрчилдөг гэсэн хангалттай хэмжээний нотолгоо байхгүй байгааг тэмдэглэсэн байдаг. Тэгвэл олон улсын судлаачдын хамтарч хийсэн саяхны судалгаагаар чихрийн шижин өвчин нь амны хөндийн бичил биетнүүдийг илүү эмгэг төрөгч шинж чанартай болоход нь нөлөөлсөнөөр үрэвсэл болон ясны эдийн алдагдалд илүү ихээр өртөх нөхцлийг бүрдүүлдэг болохыг тогтоогоод байна.

“Өнөөг хүртэл чихрийн шижин өвчин амны  хөндийн бичил биетнүүдийн орчинд нөлөөлдөг тухай хангалттай хэмжээний нотолгоо байхгүй байлаа” гэж Пеннсилваны Их Сургуулийн Шүдний Сургуулийн судалгаа эрхэлсэн декан, судалгааны багийн ахлагч Dana Graves, DMSc, DDS хэлж байна.

Судлаачид туршилтаа амьтан дээр хийсэн ба чихрийн шижин үүсгэсэн туршилтын хулганы амны хөндийн бичил биетнүүдийн орчныг эрүүл хулганы амны хөндийн бичил биетнүүдийн орчинтой харьцуулан судалсан байна. Туршилтын хулганы амны хөндийн бичил биений орчин чихрийн шижин үүсгэх туршилтын явцад эрүүл хулганыхтай адил байснаа цусан дахь сахарын хэмжээ ихсэж чихрийн шижин үүссэний дараа амны хөндийн бичил биетний орчинд өөрчлөлт гарсан байна. Ингэхдээ эрүүл хулганы амны орчноос эрс өөрчлөгдсөн ба нянгийн төрөл зүйл нь цөөрч байсан байна.

Чихрийн шижин бүхий хулганад мөн шүдний тулгуур эдийн үрэвсэл үүссэн ба шүдний тулгуур эд бас ясны эдийн алдагдал үүсч дархлалын систем ба үрэвсэлийн хариу урвалд чухал үүрэгтэй IL-17 цитокины хэмжээ нэмэгдсэн байна. IL-17 цитокины хэмжээ ихсэх нь хүний тулгуур эдийн өвчний үед мөн ажиглагддаг. Dana Graves, DMSc-ын ажигласнаар удамшлын хүчин зүйлсээс шалтгаалсан шүдний тулгуур эдийн өвчин үүсэх, IL-17 ихсэх зэрэг нь чихрийн шижин бүхий хулгана дээр хүнтэй адил төстэй байсан байна.

Амны хөндийн бичил биетнүүдийн орчны өөрчлөлт ба тулгуур эдийн өвчний хоорондын хамаарлыг тогтоож чадсан ч амны хөндийн бичил биетний орчны өөрчлөлт нь өвчин үүсэхэд шууд нөлөөтэй эсэхийг өнөөг хүртэл хараахан нотлож чадаагүй байсан юм. Судлаачид энэ холбоог тогтоох үүднээс чихрийн шижин бүхий туршилтын хулганы амны хөндийн нянгуудыг эрүүл хулганад шилжүүлж суурьшуулан туршихад нянгийн клоныг хүлээн авсан хулганад мөн ясны эдийн алдагдал үүссэн байна. micro-CT scan шинжилгээ хийж үзэхэд нянгийн шилжүүлэлт хийсэн хулганы ясны эдийн алдагдал эрүүл хулганаас 42%-аар илүү байжээ. Мөн хүлээн авсан хулганы үрэвсэлийг тодорхойлогч маркер үзүүлэлтүүд дээшилжээ. Үүнээс үндэслэн судлаачид амны хөндийн бичил биетнүүдийн орчин нь шүдний тулгуур эдийн өвчин үүсэхэд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Судлаачид олон удаагийн нян шилжүүлэн суулгах туршилтын үндсэн дээр үрэвсэлийн цитокин нэн ялангуяа IL-17 тулгуур эдийн үрэвсэлд голлох үүрэгтэй байна гэж үзсэний үндсэн дээр түүнийг тодруулах зорилгоор нян шилжүүлэн суулгахын өмнө туршилтын хулганад IL-17-ын эсрэг бэлдмэл хэрэглээд шилжүүлжээ. Ингэхэд IL-17-ын эсрэг эмчилгээ хийлгэсэн хулгануудад эмчилгээ хийлгээгүй хулгануудаас ясын эдийн алдагдал бага үүссэн байна.

Энэ бүгдэд тулгуурлан судлаачид чихрийн шижин өвчин нь амны хөндийн нянгийн орчныг өөрчилсөнөөр үрэсвэлийг сэдрээдэг ба улмаар шүдний тулгуур эдийн өвчин, ясны эдийн алдагдалд хүргэдэг. Туршилтын хулгана дээр IL-17-ын эсрэг эмчилгээ нь ясны эдийн алдагдал үүсгэхгүй байхад сайнаар нөлөөлж байгаа ч үүнийг хүн дээр шууд ашиглах боломжгүй. Иймд  Dana Graves, DMSc, DDS эмчийн үзэж байгаагаар цусны сахарыг байнга хянах, амны эрүүл ахуйг дээд зэргээр сахих нь илүү үр дүнтэй гэнэ.

Энэхүү судалгаа “Diabetes Enhances IL-17 Expression and Alters the Oral Microbiome to Increase Its Pathogenicity,” гарчигтайгаар Cell Host & Microbe сэтгүүлд нийтлэгдсэн байна

Tag:чихрийн шижин, судалгааны тойм, тулгуур эдийн өвчин, Research
Бусад






avatar