Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах үе шатанд, шүдний тулгуур эдийн өвчин нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог
2017.08.04 0.0 0

BUFFALO, N.Y., USA: Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар цэвэршилтийн дараах үе шатанд байгаа эмэгтэй хүмүүс хэрэв шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой байсан л бол хавдарт илүү өртөмтгий байгааг тогтоогоод байна. 54-86 насны нийт 65869 өвчтөний мэдээллийг шүүж үзэхэд шүдний тулгуур эдийн эмгэгтэй гэсэн онош тавигдсан өвчтөнүүдэд бүх төрлийн хавдарт өртөх эрсдэл 14 хувиар илүү байсан байна.

Энэхүү судалгаа нь ахимаг насны хүмүүсийн тулгуур эдийн өвчнийг хавдрын эрсдэл гэдэг утгаар авч үзсэн анхны судалгаа юм байна. “Манай судалгаа нь хэмжээний хувьд том, хангалттай хэмжээний нарийвчилсан үзүүлэлтүүдийг тусгасан бөгөөд тулгуур эдийн өвчтэй ахимаг насны эмэгтэй хүмүүсийн хавдрын эрсдлийг тодорхойлохын зэрэгцээгээр хавдар үүсэх магадлалтай биеийн хэсгүүдийн талаар ашиг тустай мэдээллүүдийг өгч байгаагаараа онцлог” гэж  АНУ-ын Буфалло Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Jean Wactawski-Wende хэлж байна.

Судалгаагаар 7149 хорт хавдар илрүүлсэнээс хамгийн их тохиолдол нь хөхний хорт хавдар (2461 тохиолдол) байна. Өөр хоорондоо ялгаатай хавдрын төрлүүдийг харьцуулан үзэхэд шүдний тулгуур эдийн өвчинтэй хамааралтай хавдарууд нь уушгины хорт хавдар, цөсний хүүдийн хорт хавдар, арьсны меланома төрлийн хорт хавдар, хөхний хорт хавдар зэрэг байсан байна. Харин шүдний тулгуур эдийн өвчин ба ходоодны хорт хавдарын хооронд маш сул хамааралтай байлаа.

Шүдний тулгуур эдийн өвчинтэй хамгийн өндөр хамааралтай эрсдэлтэй хавдар нь залгиур орчмын хавдар байна. Шүдний тулгуур эдийн өвчин бүхий эмэгтэй хүмүүс уг өвчингүй эмэгтэй хүмүүсээс бараг гурав дахин өндөр эрсдэлтэйгээр уг хавдарт өртөх магадлалтай байна. Хэдийгээр одоогоор үүний цаад шалтгаан нь тодорхой бус байгаа ч Wactawski-Wende судлаач “Залгиур орчмын хэсэг нь амны хөндийтэй маш нягт хамааралтай тул шүдний тулгуур эдийн эмгэг үүсгэгч бичил биетнүүд залгиур орчимд маш хялбархан нэвтэрч улмаар хавдар үүсэх шалтгаан болж байна” гэж хэллээ.

Энэхүү судалгаагаар олж илрүүлсэн шинэ нээлт нь шүдний тулгуур эдийн өвчин ба цөсний хүүдийн хорт хавдарын хамаарал юм. Судалгааны багийн ахлагчдын нэг Буфалло Их Сургуулийн Шүдний сургуульд Амны хөндий, эрүү нүүрний эмгэг судлалын чиглэлээр резидентийн сургалт явцдаа тус судалгаан дээр ажиллаж байсан Dr. Ngozi Nwizu эмч “Цөсний хүүдийн хорт хавдар нь голдуу архаг хэлбэрийн үрэвсэлтэй холбоотой байдаг. Гэвч шүдний тулгуур эдийн өвчин болон цөсний хорт хавдарын талаар өнөөг хүртэл судалгааны баримт материал байхгүй байсан юм. Иймд манай судалгаа нь энэ талаар мэдээлсэн анхны судалгаа боллоо” гэж хэллээ.

Судлаачдын үзэж байгаагаар тэдний судалгааны үр дүн нь хүн амын насжилт уртсаж байгаатай холбоотойгоор өсөн нэмэгдэж буй энэ насны хүмүүсийн өвчлөлийн талаар шинэ гарц нээж өгч байна. “Ахимаг насны хүмүүс нь бусад насны хүмүүстэй харьцуулахад шүдний тулгуур эдийн өвчинд өртөх магадлал өндөр байдаг төдийгүй бусад төрлийн хорт хавдруудад өртөх нь ч элбэг. Учир нь хорт хавдар үүсэх үйл явц нь өөрөө он удаан жил зарцуулдаг” гэж Dr. Ngozi Nwizu хэллээ. “Иймд шүдний тулгуур эдийн өвчний хор нөлөө нь цэвэршилтийн дараах үе шатанд байгаа эмэгтэйчүүдэд голдуу ажиглагддаг” гэнэ.

Энэхүү судалгаа нь “Periodontal disease and incident cancer risk among postmenopausal women: Results from the women's health initiative observational cohort” гарчигтайгаар Cancer Epidemiology, Biomarkers & Prevention сэтгүүлийн 8-р сарын 1-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

 

 

 

 


Tag:тулгуур эдийн өвчин, судалгааны тойм, Research, хорт хавдар
Бусад






avatar