Шүдний гажиг заслын оношлогоо хийх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад рентген зураг авах шаардлагагүй болно
2017.08.08 0.0 0

HEIDELBERG, Germany: Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэх өвчтөний хувьд шүдний гажигийн нөхцөл байдлын талаар мэдэхийн тулд заавал рентген оношлогоо хийлгэх шаардлагатай байдаг. Тэгвэл саяхан Германы Хейдэлберг Их Сургуулийн эмнэлгийн судлаачид рентген цацраг туяанд өртөхгүйгээр шүдний гажиг заслын оношлогоо хийлгэх альтернатив аргачлалын талаар судалгааны өгүүлэл нийтлүүлсэн байна. Энэхүү судалгаанд magnetic resonance imaging (MRI) технологийг гавал тархины бүтцийн оношлогоонд хэрхэн ашиглах талаар дэлгэн үзүүлсэн байлаа.

Судлаачид хоншоор болон эрүүний бүтцийг хэмжих онцгой ач холбогдол бүхий байршлын тулгуур цэгүүдийг хажуугийн телерентген зураг шиг MRI ашиглан хэмжиж болох эсэх талаар судалж үзсэн байна. “Рентген зурагтай харьцуулахад бид маш бага ялгаа байгааг тогтоосон. Ялгааны хувьд стандарт хазайлтын хэмжээнээс халилгүй маш бага байлаа. Гэвч зарчмын хувьд нэг том давуу тал нь MRI-н хувьд рентген цацраг ялгардаггүй байдал юм. Хэдийгээр шүдний салбарт рентген цацрагийн хэмжээ бага ялгардаг гэж үздэг ч бага насны болон өсвөр насны хүүхдийг туяанаас аль болох хол байлгах нь дээр” гэж уг технолгийг өргөн хүрээнд нэвтрүүлэхээр бэлтгэж буй судалгааы багийн ахлагч Prof. Martin Bendszus хэлж байна. MRI-г хэрэглэхийн бас нэг давуу тал нь хүнд хэлбэрийн шүдний гажигийн үед зургийг 3 хэмжээст байдлаар харах боломж юм.

Судалгаанд 8-26 насны 20 хүнийг хамруулсан ба MRI оношлогоо ба хажуугийн телерентген зураг авсан байна. Судалгаанд хамааралгүй бие даасан хоёр шинжээч эрүү хоншоор дээр 18 тулгуур цэгийг тодорхойлж, тусгай компьютерийн программд үндэслэн гажиг заслын оношлогоо хийхэд чухал 14 өнцөг болон зайг тооцоолон гаргасан байна. Рентген зураг болон MRI оношлогоог харьцуулахад өнцгийн хазайлт дээд тал нь 30, зай хоорондын ялгаа дээд тал нь 3 мм байсан байна. Энэ нь судлаачдын үзэж байгаагаар шийдвэрлэж болох хэмжээний ялгаа гэнэ. Үүнээс гадна ялангуяа бага насны хүүхдэд зураг авах хугацаа богино 10 минутаас бага байгаа нь давуу тал болж байна.

Судлаачид энэхүү аргачлалыг маш ирээдүйтэй аргачлал гэж үзэж байна. “Бид оношлогооны аргачлалаа ойрын ирээдүйд илүү сайжруулахын зэрэгцээгээр 3D анализд үндэслэсэн энэ аргачлалаас илүү өндөр нарийвчлалтай эмнэлзүйн судалгаа хийхээр төлөвлөж байна” гэж профессор Martin Bendszus ирээдүйн төлөвлөгөөгөө тайлбарлалаа. Тэрээр MRI технологийг зөвхөн хүүхдийн практикт биш насанд хүрэгчдийн шүдний эмчилгээний салбарт ч мөн ашиглахаар төлвөлөж байгаа гэнэ. Тухайлбал шүдний тулгуур эдийн эмгэгийн үед MRI технологи нь шүдний зөөлөн эдийн өөрчлөлтөд үндэслэн оношлогоо хийх боломжтой гэнэ. Харин рентген оношлогооны хувьд зөвхөн ясны эдийн өөрчлөлтийг л оношлох боломжтой.

Энэхүү судалгаа нь “Lateral cephalometric analysis for treatment planning in orthodontics based on MRI compared with radiographs: A feasibility study in children and adolescents,” гарчигтайгаар PLOS ONE journal-ын 3-р сарын 23 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

 

 

 


Tag:технологийн мэдээлэл, Research, шүдний гажиг засал
Бусад






avatar