Их Британи улсын Шүдний Мэргэжлийн Ерөнхий Зөвлөл (GDC) хуурамч бүтээгдэхүүний худалдааны талаар анхааруулга өглөө
2017.08.09 0.0 0

LONDON, UK: Их Британи улсын Шүдний Мэргэжлийн Ерөнхий Зөвлөл (General Dental Council) байгууллагын зүгээс Их Британ улсад үйл ажиллагаа явуулж буй шүдний салбарын мэргэжилтнүүдэд тус улсыг хууль тогтоомж ба стандартад нийцээгүй газраас бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг хатуу анхаарууллаа. Энэхүү анхааруулга нь тус улсын North West England-д үйл ажиллагаа явуулж буй шүдний эмч нь олон удаагийн үйлдлээр онлайн худалдаанаас хуурамч өрмийн бариул худалдан авч байсан нь тогтоогдсоны дараа ийнхүү гарч байгаа юм.

Их Британи улсын хууль тогтоох байгууллагын мэдэгдэж байгаагаар 32 настай шүдний эмч нь интернэт дуудлага худалдаанаас хамгийн багадаа 3 удаа эрсдэл бүхий бүтээгдэхүүн худалдан авч байсан нь тогтоогджээ. Энэхүү хуурамч бүтээгдэхүүнүүд нь энэ оны эхээр Их Британи улсын Эм, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний Хяналтын Агентлагийн шалгалтаар илэрч хураагдсан байна. Өнгөрсөн долдугаар сард уг эмчийн асуудлыг Мэргэжлийн Ерөнхий Зөвлөлөөр авч хэлэлцээд эмчлэх эрхийг нь 3 сар хассан гэж GDC-ын мэдэгдэлд дурджээ.

“Энэхүү тохиолдол нь шүдний эмч нар болон шүдний салбарын мэргэжилтнүүд зүй зохистой багаж тоног төхөөрөмжийн стандартыг мөрдөхийн чухлыг сануулж байна” гэж Мэргэжлийн Ерөнхий Зөвлөлийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн захирал Jonathan Green хэлж байна. “Шаардлага хангаагүй багаж тоног төхөөрөмж нь өвчтөн болон түүнийг ашиглаж байгаа эмч нарын эрүүл мэндэд хор хөнөөлтэй тул шүдний салбарт ашиглаж байгаа бүх зүйл аюулгүй байдлын шаардлагад нийцэх нь маш чухал” гэж тэрээр анхаарууллаа.

“Шүдний салбарын мэргэжилтнүүдийн стандартад заасны дагуу шүдний эмчилгээний багт хамаарах бүх гишүүд энэ чухал салбарын хүрээнд хэрэгжиж буй хууль тогтоомж дүрэм журмуудыг мөрдөх нь өвчтөнийг аюул эрсдэлээс хамгаалах амин чухал асуудал юм. Тэд өвчтөний хүсэл сонирхол ямагт нэг номерт байх ёстой гэдгийг санах ёстой” гэж хэллээ.

Их Британи улсын Эм, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний Хяналтын Агентлагийн мэдээллээр бол шүдний салбарт жил бүр стандартын шаардлагад нийцээгүй хуурамч тоног төхөөрөмж 10 000-аас дээш тоогоор хураагддаг байна. Энэ асуудал нь тус байгууллагын санааг зовоосон асуудал болсон тул 2014 оноос Их Британи Улсын Шүдний Эмч Нарын Холбоотой хамтран энэ талаар мэдлэг мэдээлэл олгох компанит ажил өрнүүлсээр байна.

“Шүдний салбарын өвчтөнүүд шүдний эмч, мэргэжилтнүүдийн ашиглаж буй багаж тоног төхөөрөмжийн стандартаас авхуулаад чанартай тусламж үйлчилгээ авах эрхтэй. Үүний тулд шүдний эмч ба эмнэлгийн мэргэжилтнүүд нь багаж тоног төхөөрөмжөө баталгаатай ханган нийлүүлэгчээс авч шаардлага хангахгүй болон хуурамч бүтээгдхүүнүүдээс зайлсхийж байх нь маш чухал. Би шүдний салбарын бүх мэргэжилтнүүдээс хямд үнэтэй бүтээгдэхүүнээс болгоомжлохыг шаардаж байна. Хямд бүтээгдэхүүнүүд нь эмчийн болон өвчтөний хүсэл зорилгод нийцэхгүй байхын зэрэгцээгээр өвчтөн болон түүнийг ашиглаж буй эмнэлгийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй” гэж  Эм, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний Хяналтын Агентлагийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Alastair Jeffrey хэллээ.

 

 

 


Tag:гадаад үйл явдал, менежемент, хуурамч бүтээгдэхүүн
Бусад






avatar