Ярилцлага: Ардчиллын үлгэр жишээ Америкт Шүдний тусламж үйлчилгээний салбар яагаад Анагаах ухааны салбараас өрх тусгаарласан бэ?
2017.08.30 0.0 0

Доторын эмч бол эмч, шүдний эмч бол шүдний эмч. Таны эрүүл мэндийн даатгал бол биеийг бүхэлд нь хамарсан эрүүл мэндийн даатгал. Гэтэл амны хөндийг хариуцсан шүдний эрүүл мэндийн даатгал түүнээс тусдаа. Таны өрхийн эмч хэзээ ч танаас шүдээ завсрын утсаар цэвэрлэдэг эсэхийг асуухгүй, түүнтэй адил шүдний эмч тань танаас хэзээ ч биеийн хөдөлгөөн дасгал сургуулилт хийдэг эсэхийг асуухгүй. Ардчилал, хүний эрхийн үлгэр жишээ болсон Америкт ийм л байдаг.

АНУ-д амны хөндийг биеийн бусад эрүүл мэндээс тусад нь авч үздэг хачирхалтай нөхцөл байдлын талаар Mary Otto хэмээх зохиолч өөрийн Teeth: The Story of Beauty, Inequality, and the Struggle for Oral Health in America номондоо хөндөж гарган тавьсан байдаг. Тэгвэл ​The Atlantic веб сайтын сурвалжлагч Mary Otto-той уулзан яагаад шүдний салбар анагаах ухааны салбараас ийнхүү өрх тусгаарлах болсон шалтгаан болон түүнээс гарсан үр дагаварын талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг орчуулан та бүхэнд толилуулж байна.

 

Julie Beck: Хоёулаа шүдний салбар яагаад анагаах ухааны салбараас өрх тусгаарлан гарсан үйл явдлын бүр эх сурвалжаас яриагаа эхлэе. Энэ асуудал өөрөө маш ойлгохын аргагүй хачирхалтай зүйл юм. Шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ анагаах ухааны салбартай нэгдэж байсан цаг үе бий юу?

 Mary Otto: Энэ хоёр тусламж үйлчилгээ өнөөг хүртэл бие биенээсээ тусгаар оршиж байна. Шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх нь анагаах ухаан гэхээсээ бараг ямар нэгэн худалдаа арилжааны хэлбэртэй илүү төстэй гэмээр зүйл болсон байна. Дундад зууны үед буюу үсчид, гар урчууд мэс ажилбар гүйцэтгэдэг байх цаг үед шүдний тусламж үйлчилгээг ихэнхдээ үсчин, гар урчууд гүйцэтгэж шүдийг гадуур нь бүрэх, шүд авах зэрэг ажилбарыг огт эмнэлгийнбус нөхцөлд хийдэг байсан. Тэд шүдийг зүгээр л амьгүй механик асуудал мэт үзэж эмчлэх биш түүнийг засаж сэлбэх, авах ажилбар хийдэг байлаа. АНУ-ын нэн эртний түүхэнд анагаах ухаан бол нэг талаасаа эдгээр мэс ажилбар гүйцэтгэдэг үсчин, гар урчуудын үйл ажиллагаатай нягт уялдаатай байсан байдаг. Америкийн түүхэнд нэрээ үлдээсэн эх оронч Paul Revere гэхэд шүдний эмч биш ердөө “шүдчин” гэсэн мэргэжилтэй байсан бөгөөд гоёл чимэглэлийн зүйл урлахын зэрэгцээгээр хиймэл шүд бас хийдэг байсан байна.

Харин шүдний эмч хэмээх мэргэжил жинхэнэ мэргэжил гэдэг утгаараа 1840 онд Балтиморт мэндэлсэн юм. Энэ бол дэлхийн хамгийн анхны шүдний мэргэжилтэн бэлтгэх коллеж байгуулагдсан явдал бөгөөд энэ үйл явдалд өөрсдийнхөө хүчин чармайлтаар энэ мэргэжлийг олж авсан хоёр шүдний эмч чухал үүрэг гүйцэтгэсэн байдгийг би олж илрүүлсэн. Тэд бол Chapin Harris  ба Horace Hayden нар байлаа. Тэд Балтиморийн Мэрилэнд Их Сургуулийн Анагаах ухааны коллежийн мэргэжилтнүүдтэй ойртохыг оролдож анагаах ухааны ангид шүдний эмчилгээний ажилбаруудын талаар зааварчилгаа өгөх санааг дэвшүүлсэн байна. Учир нь тэд шүдний эмчилгээний асуудал нь амьгүй механик асуудалаас хол өөр гэдэгт итгэлтэй байсан тул энэ салбарт ажиллаж буй хүмүүсийг анагаах ухааны мэргэжилтэн гэж үзэх, тусгай сургалт явуулах, лиценз зөвшөөрөлд хамруулах, шүдний эмчилгээний асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэх гэсэн санааг агуулж байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд тэдний дээрх саналуудад татгалзсан хариу өгсөн бөгөөд шалтгаан нь шүдний эмчилгээ нь ач холбогдолоор маш бага зүйл гэж үзсэнд оршино.

Энэхүү үйл явдал нь “Түүхэн татгалзал” гэдгээр дурсагддаг. Энэ үйл явдлын талаар өнөөдөр хаяахан ярьдаг ч анагаах ухаан ба шүдний салбарын боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ яагаад  өнөөг хүртэл ийм сонин замаар явах болсоныг илэрхийлэх тэмдлэглэлт үйл явдал гэж үзэж болно. Энэ цагаас хойш шүдний эмч зөвхөн шүдээ өрөмдөөд дотрын эмч гүйлсэн булчирхайнаас эхлээд бусдыг нь үзсээр л үлдсэн. Өнөөдөр анагаах ухаан болон шүдний салбарын боловсролын байгууллагууд АНУ-ын өнцөг булан бүрт бие биенээсээ тусдаа үйл ажиллагаа явуулж, тусламж үйлчилгээ ч тэр хэрээр бие биенээсээ хараат бусаар оршин тогтносоор байна. Энэ салбаруудын хөгжил ч бие биенээсээ бараг хамааралгүй тус тусдаа өөр өөрийн замаар явсаар.

 

 Julie Beck:  Эндээс дүгнэлт хийхэд Түүхэн татгалзал”-аас хойш шүдний эмч нар үнэндээ анагаахын салбараас тусдаа байхаар шийдсэн нь харагдаж байна. Яагаад ингэхээр шийдсэн гэж та үзэж байна вэ?

Otto: Ард иргэдийн хувьд жилээс жилд системийн энэхүү хуваагдалаас шалтгаалсан бэрхшээлтэй асуудлууд ундарч үүнийг өөрчилж, шинэчилэлт хийхийг үе үе шаардаж байлаа. Одоогоос яг зуун жилийн өмнө 1920 оны үед William Gies хэмээх биохимич Карнегийн сангийн дэмжлэгтэйгээр АНУ болон Канадын олон Шүдний сургуулиудаар айлчлал хийсний дараа гаргасан томоохон илтгэлдээ шүдний тусламж үйлчилгээний салбар бол анагаах ухааны нэгэн салшгүй чухал хэсэг болохыг дурдсан байдаг. Тэрээр шүдний салбар нь ашиглаж буй технологиосоо болоод удаан хугацааны турш анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй болохыг дурдсан ба амны хөндийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийн нэгэн хэсэг тул нэг системийн дор нэгтгэх ёстой гэсэн санааг гаргасан ч шүдний салбарын мэргэжлийн байгууллагууд үүнийг үл зөвшөөрөн шүдний сургуулиудыг анагаахын сургуулиудаас тусдаа байлгахаар тэмцэл өрнүүлжээ. Шүдний эмч нар мэргэжлийн тусгаар тогтнол, хувийн салбарын бие даасан байдлын төлөө тэмцсэний улмаас бид өнөөгийн энэ байдалд хүрсэн юм. АНУ-ын Ерөнхий мэс засалч (surgeon general) David Satcher 2000 онд гаргасан “Oral Health in America” илтгэлдээ мөн энэ санааг тусгаж өгсөн ба амны хөндийн эрүүл мэнд нь биеийн ерөнхий эрүүл мэндийн нэгэн хэсэг тул түүнийг тусад нь авч үзэхгүй байхыг сануулсан. Үүний дараа бас л нэгэн адил өнөөх л бэрхшээл сорилтуудтай нүүр тулсан. Хэдийгээр өнөөдөр энэ асуудал нааштайгаар өөрчлөгдөж байгаа ч маш удаан явагдаж байна.

 

 

Beck: Ингэж тусдаа байх гээд байгаагийн шалтгаан нь ердөө л мэргэжлийн бие даасан байдлын төлөөх тэмцэл гэж та үзэж байна уу?

Otto: Тиймээ. Үүний зэрэгцээгээр бас зах зээлийн асуудал байна. Үүний цаана их хэмжээний мөнгөний асуудал байгаа тул энэ бол даван туулахад тийм ч амар асуудал биш.

 

Beck:  Нэгэн цагт энэ тусгаар болсон энэ асуудлыг буцаан мөшгөөд үзэхээр сонирхол татам. Учир нь энэ хуваагдал өөрөө эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний хүртээмж гээд олон зүйлийг тус тусад нь бий болгосон байдаг. Анагаах ухаанаас шүдний салбарыг ийнхүү тусд нь аваад хаячихсан асуудал ямар үр дагавар учруулж байна гэж та хардаг вэ?

Otto: Энэ асуудлын маш том тусгал бол жилд сая гаран хүн яаралтай тусламжийн тасагт зөвхөн шүдний асуудлаас болж хандаж байгаа явдал юм. Энэ бол автомашины ослоос тусдаа асуудал. Шүд болон шүднээс шалтгаалах асуудлыг уг нь бол шүдний эмнэлэгт эмчилж болно шүү дээ. Гэтэл зөвхөн шүдний асуудлаас шалтгаалсан яаралтай тусламжийн үйлчилгээнд жилд хэдэн тэрбум доллар зарлагадаж байна. Мөн яаралтай тусламжийн төвд хандаж байгаа хүмүүст хүндрэлийн шалтгаан болж байгаа шүдний асуудал байлаа гэхэд шүдний тусмламж үйлчилгээ авах нь маш ховор. Учир нь яаралтай тусламжийн төвүүдэд шүдний эмч байхгүй байх нь элбэг. Ирсэн өвчтөнд антибиотик болон өвчин намдаах эм голдуу бичиж өгөөд шүдний эмчид очихыг зөвлөдөг. Гэтэл тэр олон хүмүүсийн дийлэнх нь шүдний эмчид очдоггүй. Уг нь бол шүдний эрүүл мэнд биеийн эрүүл мэндийн нэгэн хэсэг гэдэг үүднээс та яаралтай тусламжийн төвд хандсан байдаг. Гэтэл тэнд энэхүү хуваагдмал байдлаас шалтгаалаад үйлчилгээ авч чаддаггүй.

Бас эмнэлгүүд өвчтөний түүх болон шүдний картыг тус тусд нь хадгалдаг нь нууц биш. Шүдний  салбарт хэдийгээр өвчний код ашигладаг ч энэ нь анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн оношлогооны кодчилолтой таардаггүй. Үүнээс шалтгаалаад өвчтөний карт болон шүдний эмчийн картыг нэгтгэхэд бэрхшээлтэй байдаг төдийгүй биеийн эрүүл мэнд ба амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг хамарсан судалгаа хийхэд хүртэл бэрхшээл үүсдэг.  

Миний оролцож байсан нэг их хурал дээр шүдний салбарын судлаач “Анагаах ухааны салбар дээр үеийн хар тахлын үеийнх шигээ өнөөдрийг хүртэл хүн яагаад “үхэж” байгааг л бүртгэж авахаас шүд яагаад “үхэж” байгааг огт тоодоггүй” гэж хэлж байсан юм. Энэ утгаараа анагаах ухаанд шүдний өвчнийг зөвхөн “шүдний цоорол” гэж л ойлгодог. Түүнийг урьдчилан сэргийлж эмчилж болдог өвчин гэж харахаас илүү шийдэж болон багаахан хэмжээний мэс заслын асуудал гэж үздэг. Шүдний цоорлыг бид өвчин гэхээс илүү бараг хувь хүний ёс зүй, соёлын хэмжүүрээр хэмжих гээд байдаг тал бий. Иймд шүдний өвчтэй хүнийг бид өвчнөөр өвчилсөн хүн гэж үзэхээсээ илүү ёс зүйгүй бүдүүлэг нөхөр гэж хардаг.

 

Beck: Шүдний даатгалын асуудал мөн биеийн эрүүл мэндээс тусдаа бөгөөд он удаан жилийн турш албан журмын биш зөвхөн сайн дурын даатгал байдалтай байсаар байна. Яагаад бодлогын хувьд ч шүдний тусламж үйлчилгээ ийнхүү сайн дурын буюу хүн өөрөө хүсвэл сонгох байдалтай болчиховоо?

Otto: Энэ асуудлыг өнгөрсөн 20-р зууны турш ярьсан. Шүдний салбарын нэгдсэн тусламж үйлчилгээ анагаах ухааны салбарын үйлчилгээ шиг үндэсний хэмжээний үйлчилгээ болохоор олон фронтод тэдэнтэй тэмцэлдсэн. Анагаах ухааны салбарт хэрэгжсэн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн дүнд үндэсний хэмжээнд ямар нэг хэмжээгээр ахиц дэвшилд хүрсэн байдаг бол амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ орхигдож сайн дурын шинж чанартай, хүн хүсвэл сонгодог нэмэлт үйлчилгээ гэсэн статустай болсон байдаг. Хувийн даатгалын тогтолцоо ч яг ийм байдлаар шүдний салбарт ханддаг.

 

Beck: Нэг талаас шүдний тусламж үйлчилгээ нь хүмүүсийг “сайн дурын” байдлаар хандаж эмчилгээ явуулж байхад нөгөө талаас таны номондоо дурдсан шиг нэн ялангуяа Америкийн нөхцөлд, баян хүмүүсийн дунд хүмүүсийг төгс шүдтэй байхыг нийгмийн зүгээс шаардаж дарамт учруулж байна. Энэ дээр тулгуурлан шүдний гоо сайхны эмчилгээний салбар нэлээдгүй их хэмжээний мөнгө хийж байна. Таны хувьд нийгмийн зүгээс учруулж буй энэ төгс шүдтэй байх гэсэн дарамт чанарын тэгш бус байгаа өнөөгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж үзэж байна уу?

Otto: Миний үзэж байгаагаар, зарим талаараа бол ийм байх нь зайлшгүй. Бид сайхан инээмсэглэлийн тал дээр хүмүүсийн анхаарлыг хандуулах, дэмжих маш их зүйл хийж байгаагийн хувьд энэ салбараас нэлээд их мөнгө хийж чадаж байна. Яг ийм төсөл дээр надтай хамт ажиллаж байсан нэг эмч “Хэн ч доод түвшний орлого багатай зүйл дээр дахин ажиллаж өөрийгөө зовоохыг хүсэхгүй” гэж хэлж байсан. Мэдээж тэр хангалттай орлого сайтай ажилбар гүйцэтгэж их хэмжээний мөнгө хийж байгаа болохоор. Гэтэл нөгөө талаар олон нийтийн дийлэнхийнх нь хувьд зөвхөн анхан шатны тусламж үйлчилгээ хэрэгтэй байдаг. Гурав дахь асуудал нь хүмүүсийг эрүүл байлгахад шаардлагатай өдөр тутмын урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх ажилбаруудыг гүйцэтгэхэд Америкийн нэгдсэн улсын хэмжээнд саад тотгортой тулгараад байна.  

 

Beck: Маш олон хүн шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй шүдний асуудалтай байгаа нь хүмүүсийн үнэт зүйлд төгс гоо сайхан Hollywood smile шүдтэй болох гэсэн зүйл шингээсэн байна уу гэж би боддог. Үүнээс болоод төгс шүд бол хөрөнгө чинээтэй хүн гэдгээ илэрхийлэх маш тодорхой үзүүлэлт болчихлоо. Хэрэв хүн бүр шүдний сайн тусламж үйлчилгээ авч байсан бол даруухаан энгийн шүдтэй байх боломжтой байж. Тийм үү

Otto: Тийм байж болно. Нөгөө талаар яагаад Hollywood Smile гэх ойлголт гарсан нь сонирхолтой зүйл. “Төгс Америк инээмсэглэл” гэх зүйл нь  Hollywood-ын хөгжлийн нэгэн үе болох Depression-era-д хамааралтай. Хальсан кино гэдэг тэр үед маш шинэлэг зүйл байлаа. Энэ үед Charles Pincus гэгч эмч өөрийн эмнэлгийг Hollywood-д нээсэн байдаг. Тэрээр кино жүжигчидийн шүд муу байгааг анзаарч эмнэлгээ нээж л дээ.  Тухайлбал жүжигчин James Dean, бага насаа ферм дээр өнгөрөөсөн хиймэл шүдтэй, Judy Garland, Shirley Temple нар ч мөн адил. Иймд тэрээр кино студиудтай хамтран ажилласан байна. Тэрээр Shirley Temple-д жижигхэн тогтоогууртай нүүрэвч шүдэнд нь хийж өгсөнөөр бид түүнийг өсөж томрох явцдаа сүүн шүдээ байнгын шүдээр солих үеийг дэлгэцэн дээр харж чадаагүй байх жишээтэй. Бүхий л цаг үеийн турш түүнд цасан цагаан төгс шүдний иж бүрдэл байжээ. Дээд үүдэн зургаан шүдийг “The Social Six” гэж нэрлэдэг бөгөөд энэ зургаан шүдэндээ нүүрэвч хийлгэх нь зөвхөн Америкт төдийгүй дэлхийн бусад орнуудад ч өргөн тархсан гоо сайхан, амжилтын бэлгэдэл болсон ойлголт, ухагдахуун юм. Иймд зөвхөн Америкт л ийм байдаг гэж төсөөлөх нь буруу.    

 

Beck: Би гоо сайхны эмчилгээний зах зээлийг хараад шүдний эмч нар ерөнхийдөө баян хүмүүс амьдардаг газруудад ажиллахыг эрмэлздэг юм байна гэсэн таамаглал төрж байна. Гэтэл хөдөө газруудаар ядуусын хорооллуудад шүдний тусламж үйлчилгээ дутагдалтай хэвээр байна. Үүнтэй зэрэгцээд таны номонд дурдсанчлан шүдний эмч нар шүдний урьдчилан сэргийлэлт болон бусад ажилбаруудыг тухайлбал нүүр амны эрүүл ахуйчаар гүйцэтгүүлэхийг хүчтэй эсэргүүцэж байгаа нь тодорхой байна. Яагаад ийм зөрчилдөөн үүсээд байна вэ?

Otto: Энэ талаар ярьвал их урт түүх болох бөгөөд Өмнөд Каролина мужийн нүүр амны эрүүл ахуйч Tammi Byrd-д тохиолдсон явдлын адил олон зүйлийг өгүүлж болно. Өмнөд Каролина мужид эмзэг бүлгийн 250 мянган хүүхэд амьдардаг бөгөөд шүдний эрүүл мэндийн тусламж авч чаддаггүй. Иймд Tammi Byrd болон түүний хамтрагч эрүүл ахуйчид эрүүл мэндийн хуулинд өөрчлөлт оруулах замаар заавал эмчийн үзлэг шаардлагагүйгээр тэдгээр хүүхдүүдэд үзлэг явуулахын төлөө тэмцэл өрнүүлсэн байдаг. Гэвч Каролинагийн Шүдний эмч нарын холбоо түүний эсрэг тэмцэлд орж хуулинд оруулсан яаралтай хэлбэрийн өөрчлөлтийг таслан зогсоож улмаар энэ үйл ажиллагаанд Холбооны Улсын Үйлдвэр Худалдааны Комисс татагдан орсоноор шийдвэр Tammi Byrd-ын талд гарч тэдгээр хүүхдүүдэд үнэ өртөг хямд урьдчилан сэргийлэх тусамж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон байдаг.

Гэвч энд бас л нөгөө зах зээлийн асуудал өрнөж байна. Хувийн салбарын зохион байгуулалтанд орсон шүдний эмч нар өөрсдийн зах зээлийг хамгаалж шүдний тусламж үйлчилгээг зөвхөн шүдний мэргэжилтнүүд үзүүлэх ёстой гэж байгаа ч олон олон хүмүүс тэдний тусламж үйлчилгээний гадна үлдсээр байна. Өмнөд Каролина мужид хийсэн эрүүл ахуйч нарын тэмцлээс харсан ч бусад мужуудад өрнөж байгаа эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн хийж буй тэмлээс харвал эдгээр нутаг дэвсгэрүүд, зах зээл ямар зэрлэг догшин хамгаалалтан дор байдаг нь хялбархаан төсөөлөгдөж байгаа биз.

Шүдний салбарын мэргэжлийн байгууллагууд өнөөгийн шүдний эмч нарын нийлүүлэлтийг зах зээлийн нөхцөлд тохирч байна гэж үздэг бөгөөд хэрэв улсаас илүү их мөнгө төлөх юм бол шүдний туламж үйлчилгээ дутагдалтай хөдөө орон нутгуудад илүү олон эмч нарыг байршуулах боломжтой гэдгийг амладаг. Гэхдээ бодит байдал дээр ингэж чадахгүй байгаа нь тодорхой

 

Beck: Хэрэв нүүр амны эрүүл ахуйч болон дентал терапист гэх мэргэжилтнээр энэ үйл ажиллагааг гүйцэтгүүлэхгүй гэж байгаа бол шүдний тусламж үйлчилгээний энэ хоосон орон зайг нөхөхөд чиглэгдсэн шүдний эмч нарын зөвшөөрөхүйц өөр хувилбар төлөвлөгөө байгаа болов уу?

Otto: Шүдний салбарын мэргэжлийн байгууллагууд өөрсдийн альтернатив хувилбарыг дэвшүүлсэн байдаг. Энэ нь ард иргэд болон шүдний эмч нарыг хооронд нь зуучилж өгөх эрүүл мэндийн туслах ажилтан хэлбэрийн загвар. Энэ эрүүл мэндийн туслах ажилтнууд хүмүүсийг шүдний эмнэлэгтэй холбож өгч тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, хүүхдүүдийг асран хамгаалах ёстой. Эдгээр хүмүүс нь шүдний салбарын мэргэжилтнүүдийн тоог нэмэхээс илүү одоо ажиллаж байгаа шүдний эмч нарт хүмүүсийг очиход хөтчийн үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн зарчим.

 

Beck: Гэтэл холбож өгөх ёстой хүмүүсийн зардлыг шүдний даатгалын системд тусгаж өгөхгүй бол энэ тийм том тусламж болж чадах уу?

Otto: Тиймээ. Олигтой тусламж болж чадахгүй. Тэдгээр эрүүл мэндийн зуучлагчдын ажлыг сайн дурын буяны зүйл гэж үзэхгүйгээр оролцогч аль нэг тал нь энэхүү үйлчилгээний төлөө мөнгө төлөх ёстой.

 

Beck: Анагаах ухаан ба Шүдний салбарын тусдаа байгаа асуудал яг энэ зүйл дээр тод илэрч байна. Та энэ байдал өөрөө шийдэгдэнэ, эсвэл шийдэх ёстой, энэ хоёр салбар одоогийн байгаагаасаа арай илүү өөр хоорондоо нэгдсэн үйл ажиллагаатай болох ёстой гэж үзэж байна уу?

Otto: АНУ-ын Эрүүл Мэндийн шинэ бодлого “Obamacare” хэлэлцэгдэж байхад анагаах ухааны салбарт “Гурвалсан зорилт” гэх асуудал яригдаж байсан. Үүнд эрүүл мэндийн зардлыг урьдчилан сэргийлэх чиглэлд ихэсгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү өргөн хүрээнд тэлж үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах. Яг энэ асуудлыг шүдний салбарт ч мөн адил ярих хэрэгтэй гэж үзэж байна. Энэ талаар илүү их хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй.

 

Beck: Таныхаар бол шүдний салбарт анагаах ухааны салбарын нэгэн адил реформыг зэрэг хийвэл энэ нь энэ хоёр салбарыг эргэн нэгдэхэд ямар нэгэн хэлбэрээр туслах юм байна, Тийм үү?

Otto: Байдлыг хөндлөнгөөс ажиглахад хоёуланд нь энэ реформ шинэчлэлт хийгдэж эхлээд байх шиг байна. Энэ чиглэлээр ажлууд хийгдэж байгаа бөгөөд нүүр амны эрүүл ахуйч нарыг улсын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулж нийгмийн эрүүл мэндийн том сүлжээний нэг хэсэг болгосноор тэдний хүчийг ядуу эмзэг бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна. Муж улсуудын хууль тогтоогчид, нийгмийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд бүх төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг бууруулахын тулд энэ асуудал дээр урьдынхаас илүү их анхаарлаа хандуулдаг болсон байгаа нь найдлага төрүүлж байх шиг байна. Тэдгээр эрх мэдэлтнүүд энэхүү урьдчилан сэргийлчихэж болох асуудлууд дээр бид яаралтай тусамж үйлчилгээнд л гэхэд их хэмжээний мөнгө, хэвтэн эмчлүүлэх эмнэлэгт мөн их мөнгө зарлагадаж байна, үүнийг хүмүүсийн шүдний эмнэлэгт хандах нөхцөл байдлыг сайжруулж урьдчилан сэргийлэлтийн зардлыг ихэсгэснээр шийдвэрлэх боломжтой гэж ярьдаг болсон байна.

 

Beck: Болдогсон бол “Түүхэн татгалзал”-аас бий болсон хор уршигийг дахин буцааж байранд нь аваачмаар л байна шүү.

Otto: Тиймээ, Инээдтэй асуудал байгаа биз?

 

 


Tag:dentistry, medicine, Ярилцлага
Бусад






avatar