Авагддаг шүдэлбэрийн өнгөрсөн, өнөө ба ирээдүй
2018.07.04 0.0 0

Өнөө үед авагддаг шүдэлбэрийг уян шүдэлбэрээс имплант тулгууртай зохиомж хүртэл төрөл бүрийн хэлбэрээр ашиглаж байна. Ийнхүү олон төрлийн шүдэлбэрийн зохиомж ашиглаж байгаа ч тухайн шүдэлбэрийг хэрхэн бэлтгэх нь материал ба технологиосоо шууд хамааралтай хэвээр байна.


Түүх
Хиймэл шүд хийх технологи нь бүр эртний түүхтэй буюу МЭӨ 700 оны үеэс хүмүүс амьтны шүд ашиглан байхгүй болсон шүдээ орлуулах болсон байна. Ийнхүү хиймэл шүд хийх аргачлал нь 1700 оныг хүртэл оршин тогтнож байсан боловч энэ цаг үеэс зааны соёог зорж хиймэл шүд болгон урлах болсоноор технологийн дэвшил гарсан байна. Тэгвэл 1770 оны үед анхны шаазан хиймэл шүд бүтээгдсэнээр хиймэл шүдэлбэрийн технологид хувьсгал гарсан байна. 1850 оны үеэс хатуу резин ба металыг шүдэлбэрийн сууриар ашиглах болсон бол 20-р зуун гарсанаар шүдэлбэрийн суриар акрилын хуванцар материал ашиглаж эхэлжээ.
Өнөө үед эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн технологиуд нэвтэрч байгаа ч RPD-ийн технологи өнгөрсөн зууны 50-аад оны үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй байна. Анхны метал суурьтай шүдэлбэр ашиглаж эхэлсэнээс хойш бараг 100 гаад жил өнгөрч байгаа ч RPD-ийн инноваци өнөө үед зогсонги хандлагатай болсон байна.
Иймдээ ч 2017 онд Journal of Prosthetic Dentistry сэтгүүлд гарсан тойм өгүүлэлд метал RPD-н эрүүл мэндэд учруулах таагүй зүйлсийн талаар дурдаад материал болон технологийн хувьд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан байдаг.


Өнөө үе
Хэдийгээр авагддаг шүдэлбэрийн технологи, инноваци зогсонги байдалд ороод байгаа ч авагддаг шүдэлбэрийн эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэх хандлагатай байна. 2050 он гэхэд хүн амын наслалт 76.2 болох бөгөөд 65 дээш настай шүдэлбэр зүүх насны хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. АНУ-ын National Institute on Aging-н тооцоолж байгаагаар 2050 он гэхэд 65-аас дээш настнууд одоогийн байгаа 48 саяаас 88 сая болтлоо нэмэгдэх гэнэ.
Үүний зэрэгцээгээр хэсгийн шүдгүйдэл бүхий хүн амын тоо ч өсөн нэмэгдсээр байгаа тул авагддаг шүдэлбэрийн технологийг илүү сайжруулах эрэлт хэрэгцээ байсаар байна.

Өнөө үед ашиглаж байгаа авагддаг шүдэлбэрийн технологиуд нь:
Метал- Авагддаг шүдэлбэрийн суурь хийцийг металаар цутгаж бэлтгэсэн. Хэдийгээр энэ төрлийн шүдэлбэрийг өргөн хүрээнд ашигладаг ч шүдэлбэрийн метал хийц нь таарамж, үйл зүй, өвчтөнд таатай байх, гоо зүй, эрүүл ахуй арчилгааны талаар учир дутагдалтай байдаг.
Уян хуванцар- Энэ төрлийн шүдэлбэр нь метал хийцээс таарамж, ая тухтай байдал, гоо зүйн шинж чанаруудаараа давуу талтай боловч шүдэлбэрийн материал уян шинж чанартай тул зажлалтын ачааллыг хувиарлахдаа муу, өнгөлгөө авах нь бэрхшээлтэй, нян бактери үржих таатай орчин болдог зэрэг сөрөг талуудтай.
Акрилын хуванцар- Авагддаг шүдэлбэрийг акрилын хуванцараар хийх нь шүдэлбэрийн үнэ өртөгийг хямдруулах сайн талтай. Гэсэн хэдий ч хуванцарын шинж чанараас шалтгаалан амны хөндийд харшил үүсгэдэг, зажлалтын ачаалалд тэсвэр муутай амархан хугардаг, хэврэг зэрэг сөрөг талууд нь энэ төрлийн шүдэлбэрийг хэрэглэхэд таагүй нөлөө учруулах шалтгаан болно.
High-performance polymer- Авагддаг шүдэлбэрт ашиглаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хуванцар материал. Энэ материал нь бат бөх чанар, эзэлхүүнээ хадгалах чадвар, гадаргуугийн тогтвортой байдал, химийн нэгдлүүдийн тэсвэрт чанараараа дээд зэргийн үзүүлэлттэй. Энэ ч утгаараа өнөө үед авагддаг шүдэлбэрийн салбарт тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэж чадаж байна. Тухайлбал Solvay Dental 360-ын бүтээгдэхүүн Ultaire AKP-ээр хийсэн шүдэлбэр нь уламжлалт метал шүдэлбэрээс 60% хөнгөн тул хэдийгээр метал RPD тэй ижил технологийн үзүүлэлттэй ч өчтөнд зүүж хэрэглэхэд илүү таатай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. Энэ материал нь өөрөө бионийцэл сайтай, салстыг цочроодоггүй сайн талтай.

Ирээдүй
Сүүлийн жилүүдэд шүдний эмчилгээний салбарт гарч буй трэнд шинж чанартай өөрчлөлтөөс харахад шүдэлбэрийн технологийн салбар цаашид улам ихээр тоон технологид шилжих нь тодорхой харагдаж байна. Энэ ч утгаараа сүүлийн үед авагддаг шүдэлбэрийн салбарт high-performance polymer-ийг CAD/CAM системтэй хослуулан өвчтөний эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн маш сайн зохимжлогдсон шүдэлбэрийг бэлтгэх боломжтой болоод байна. Хөгжингүй орнуудын авагддаг шүдэлбэрийн технологийн салбар аажимдаа дижитал технологируу шилжиж байгаа нь ирээдүйн шүдэлбэрийн технологийн чиг хандлагыг харуулж байгаа хэрэг юм.

High-performance polymer-ын хамгийн гол давуу тал нь хөнгөн жинтэй, бат бөх, эдэлгээ сайн даадаг чадвар юм. Шүдэлбэрийн салбарт ийнхүү high-performance polymer ашиглаж эхэлсэн нь түүний араас урган гарах технологийн инновациудын зөвхөн эхлэл нь бөгөөд олон арван жил зогсонги байдалд орсон авагддаг шүдэлбэрийн салбар дараагийн томоохон инновциудыг хүлээн авах их хөгжлийн гараан дээр ирээд байна гэж салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд дүгнэж байна.


Ном зүй
1. Donaldson JA. The use of gold in dentistry: an historical overview. Part I. Gold Bulletin.1980;13:117–124.
2. Waterloos and its dental legacy. Br Dent J. 2015; 218(12).
3. Moriyama N, Hasegawa M. The history of the characteristic Japanese wooden denture. Bull Hist Dent. 1987;35:9–16.
4. Wynbrandt J. The Excruciating History of Dentistry: Toothsome Tales & Oral Oddities from Babylon to Braces. New York, NY: St. Martin’s Griffin; 2000.
5. Eden SE, Kerr WJ, Brown J. A clinical trial of light cure acrylic resin for orthodontic use. J Orthod. 2002;29:51–55.
6. Becker CM, Kaiser DA, Goldfogel MH. Evolution of removable partial denture design. J Prosthodont. 1994;3:158–166.
7. Campbell SD, Cooper L, Craddock H, et al. Removable partial dentures: the clinical need for innovation. J Prosthet Dent. 2017;118:273–280.
8. He W, Goodkind D, Kowal P; US Census Bureau. An Aging World: 2015. International Population Reports. Washington, DC: US Government Publishing Office; 2016.
9. Levin L. Dealing with dental implant failures. J Appl Oral Sci. 2008;16:171–175.
10. Dula LJ, Ahmedi EF, Lila-Krasniqi ZD, et al. Clinical evaluation of removable partial dentures on the periodontal health of abutment teeth: a retrospective study. Open Dent J.2015;9:132–139.
11. Vojdani M, Giti R. Polyamide as a denture base material: a literature review. J Dent (Shiraz). 2015;16(suppl 1):1–9
12. Wilson VJ. Acrylic partial dentures — interim or permanent prostheses? SADJ.2009;64:434–440.

 

 

 

 

 


Tag:авагддаг шүдэлбэр, хиймэл шүд, High-performance polymer, эмнэлзүйн практик
Бусад






avatar