Шүдний рентген зураг ашиглан витамин Д-ийн дутагдлыг эрт олж илрүүлэх арга замыг нээлээ
2018.07.08 0.0 0

HAMILTON, Ontario, Canada: Хүний шүд нь витамин Д-ийн дутагдалын талаар амьд мэдээллийг дамжуулах боломжтойг Канадын антропологи мэргэжилтнүүд нээж илрүүлээд байгаа ба хүний биед маш хор хөнөөлтэй боловч ихэвчлэн мэдэгдэлгүй чимээгүй явагддаг энэхүү витамины дутмагшлыг ердийн рентген зураг ашиглан тодорхойлох арга замыг нээгээд байна. Витамин Д-ийн дутагдалд орсон хүмүүсийг ийнхүү эрт олж илрүүлэх нь тухайн хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах хүчин зүйлсийг эрт таниж мэдэхэд маш чухал ач холбогдолтой зүйл юм.

Зураг: Зүүн талын зураг дээр эрүүл шүдний зөөлцийн хөндийн хэлбэр, баруун талын зурган дээр витамины дутагдал бүхий хүний түшлэгтэй сандал хэлбэрийн зөөлцийн хөндийн хэлбэр харагдаж байна

Энэхүү шинжлэх ухааны нээлтийг McMaster University-н судлаачид профессор Megan Brickley, Lori D’Ortenzio нарын баг хийгээд байна. Хүний шүд нь Витамин Д-ын дутагдлыг өөртөө маш тодорхой арилашгүй тэмдэглэж үлдээдэг бөгөөд энэ нь тугалмай эдийн бичил түвшинд гарах өөрчлөлт байдлаар илэрдэг. Энэхүү өөрчлөлт нь тухайн хүн 100 жилийн өмнө амьдарч байсан ч шүдэн дээр нь витамин Д-ын дутмагшилд өртөж байсан нь тэмдэглэгдэж үлдэнэ гэсэн үг юм.

Витамин Д-ийн дутмагшил шүдний паалан дээр ч илрэх боловч пааланд гарсан өөрчлөлтийг олж илрүүлэхийн тулд шүдийг заавал зүсч нээх шаардлагатай болдог. Судлаачдын хувьд цогцсоноос авсан шүдний дээж хязгаарлагдмал нөөцтэй байсан тул Витамин Д-ийн өөрчлөлтийг тодорхойлоход рентген зургийн аргыг туршиж үзэсэн байна. Рентген зураг дээр эвэр хэлбэртэй зөөлцийн хөндийн хэлбэр тодорхой харагдах бөгөөд энэ хэлбэр дүрсийн өөрчлөлтөөр судалгаанд ашиглаж буй археологийн олдвор шүд болон витамин Д-ийн дутмагшилд орсоноо мэдэхгүй байгаа хүмүүсийг илрүүлэх боломжтойг тогтоосноороо энэхүү судалгааны ажлын онцлог оршино.

Эрүүл хүний зөөлцийн хөндий нь хоёр талдаа тэгш хэмтэй, жигд нумаар холбогдсон эвэр хэлбэрийн дүрс үүсгэдэг бол витамин Д-ийн дутагдалд орсон хүний зөөлцийн хөндий тэгш хэмт дүрс нь алдагдсан, нарийн хавчиг байдалтай, түшлэгтэй сандал мэт хэлбэртэй харагддаг.

“Энэ бол Эврика гэж хэлж болох гайхамшигтай нээлт. Энэ бол зөвхөн харагдах байдлаасаа өөр гэхээр биш. Энэ бол үнэхээр өөр байсан” гэж Bioarchaeology of Human Disease-ын Канадын салбарын судалгааны багийн ахлагч Megan Brickley хэлж байна. “Миний бодлоор энэ нээлт бол маш чухал нээлт боллоо. Энэхүү судалгааны ажил нь өнгөрсөн үеийн хүнийг судлах зорилготой том судалгааны нэгээхэн хэсэг байсан ч орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд маш том хувь нэмэр оруулах зүйлийг нээж илрүүллээ” гэж тэрээр нэмж хэллээ.

Витамин Д-ын дутагдал нь мэдэгдэлгүй явсаар хүндэрсэн үед нь буюу ясны эдэд гарсан өөрчлөлтөөр витамины дутагдалд орсоныг мэддэг боловч энэхүү нөхцөл байдлыг эрт олж илрүүлэх нь дараа дараагийн хүндрэл үүсэхээ сэргийлэх чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна. Хэрэв ердийн рентген зурган дээр асуудал байгаа нь харагдах юм бол цааш нь цусны шинжилгээ хийж үзэх замаар витамины дутагдалд орсон эсэхийг тодруулах боломжтой гэнэ.

Энэхүү судалгаа нь “The rachitic tooth: The use of radiographs as a screening technique,” гарчигтайгаар International Journal of Paleopathology-ын 11-р сарын 7-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:витамин Д, судалгааны тойм
Бусад






avatar