Шүдний эмнэлэгт ирж байгаа өвчтөнд тохиолдох 4 төрлийн айдас
2018.04.10 0.0 0

Манай эмнэлгийн үйл ажиллагааны зорилго нь шүдний тусламж үйлчилгээнээс хол, хангалттай үйлчилгээ авч чаддаггүй хүн амын бүлэгт хүрч үйлчлэх юм. Хүн амын энэ бүлэгт шүдний эмнэлгээс айх айдас болон жигшил түгээмэл байдаг. Эдгээр шүдний эмнэлгээс айдастай өвчтөнүүд бол энэ чиглэлээр тусгайлан бэлтгэгдээгүй эмч нарт бол томоохон асуудал юм. Иймд би өөрийн хамтрагч эмч нараасаа эмчлэхэд бэрхшээлтэй өвчтөнүүдээ илгээхийг зөвлөдөг.

Шүдний эмнэлгээс айх айдас гэдэг нь хувь хүний нас, хүйс, шашин соёл, нийгмийн гарал үүсэл, яс үндэс хамаарахгүй хил хязгааргүй түгээмэл зүйл юм.

Өвчтөнд тохиолдох айдас түгшүүр нь бага зэрэг сэтгэлийн зовиураас шүдний үзлэгийн креслыг харж чадахгүй хүртлээ хүндрэлийн хувьд харилцан ялгаатай байдаг. Шүдний эмнэлгээс айх айдас бүхий өвчтөнүүдтэй удаан хугацаанд ажилласны үр дүнд олж авсан туршлагаас харахад ихэнх өвчтөнүүд 4 төрлийн зүйлсээс айдаг. Үүнд: өвдөлт, зүү, зөвлөгөө, хяналтаа алдах

Өвдөлтөөс айх айдас

Бид өдөр тутамдаа өвчтөнүүдээсээ “Энэ өвтгөх үү?” гэдэг асуултыг байнга сонсож байдаг. Өвчтөний ингэж асуудаг нь хэд хэдэн шалтгаантай.

Юуны урьдаар мэдээ алдуулагч хэрхэн хэрэглэх асуудал. Өвчтөнд мэдээ алдуулагч хийсний дараа бүрэн мэдээ алдсаныг нь шалгасны үндсэн дээр handpiece-ээ гартаа авах нь зүйтэй. Хэрэв бүрэн мэдээ алдаагүй байхад нь ажилбараа эхэлсэн бол өвчтөний таниас хүлээж байсан итгэлийг нэгэнт алдах бөгөөд тийм өвчтөн хэзээ ч ахиж тань дээр ирэхгүй.

Мэдээ алдуулагч хэрэглэхийн өмнө тухайн өвчтөний амны хөндийн анатомийн онцлог, өвчний төлөв байдал, өвчтөн хэр их айдас түгшүүртэй байгаад үндэслэн мэдээ алдуулагчийн ямар техник хэрэглэхээ шийдвэрлэнэ. Шүдний эмнэлгээс их хэмжээгээр айдаг өвчтөнүүдэд эхлээд nitrous oxide ашиглан тайвшруулалт хийхийг би зөвлөдөг. Ингэх нь өвчтөнтэй ажиллахад илүү таатай боломж бүрдүүлнэ.

Үүний дараа мэдээ алдуулах зүү хатгахаас минутын өмнө зүү хатгах хэсэгтээ түрхлэг мэдээ алдуулагч хэрэглэнэ. Өвчтөндөө хэсгийн мэдээ алдуулагч хамгийн багадаа 10 минутын дараагаас үйлчилж эхэлнэ гэдгийг хэлэх нь чухал. Ингэх нь өвчтөн яарч давчдахгүй байх боломжийг олгох бөгөөд энэ хугацаанд мэдээ алдулагч үйлчилж эхэлнэ. Энэ хооронд сувилагч өвчтөнтэй бусад зүйлсийн талаар ярилцаж байх ба 10 минутын дараа би буцаж ирээд мэдээ алдуулагчийг шалгана. Ингэж өвчтөндөө анхаарал хандуулах нь харилцан итгэлцэл үүсэхэд чухал зүйл юм.

Мэдээ алдуулалтын түвшнийг шалгахын тулд би Endo-Ice (Coltene)-ийг ашигладаг бөгөөд түүнийгээ хөвөнд шингээгээд шүдэнд хүргэж шүд мэдэрч байгаа эсэхийг үзнэ. Хэрэв өвчтөн шүдэн дээрээ янгинасан хүйтэн мэдэрч байгаа бол гараа өргөж дохио өгнө. Харин хүйтэн мэдрэмж огт мэдрэхгүй бол мэдээ алдуулалт бүрэн хийгдсэний шинж тэмдэг юм. Хүйтнийг мэдэрч байгаа бол мэдээ алдуулагчийг дахин хийгээд ахиад 10 минут хүлээнэ.

Зүүнээс айх айдас

Хүн болгон зүүгээр хатгуулахаас айдаг. Иймд мэдээ алдуулагчийн зүү хатгахын өмнө өвчтөний анхаарал сарниулах ямар нэгэн зүйл бодож олох ёстой. Мэдээж мэдээ алдуулалтын зөв техник ашиглах нь энэ байдлыг хөнгөвчилнө.

Мэдээ алдуулагч хийхийн өмнө би өвчтөндөө ямар нэгэн базах зүйл гарт нь бариулаад ихэнх хүний дуртай сэдвээр яриа өрнүүлэхийн зэрэгцээ хатгалтыг хийдэг.

Зөвлөгөөнөөс айх айдас

Хүн болгон ямар нэг зүйлийг олон дахин хэлүүлэх дургүй байдаг. Өвчтөнүүд ч шүдний эмнэлгээс айх айдсыг нь нэмэгдүүлж эмчилгээнийхээ хажуугаар эмчээс юм сонсох дургүй. Үнэндээ өвчтөн айдас түгшүүрийнхээ хажуугаар эмчийн хэлж буй мэргэжлийн нэр томьёог дийлэнхдээ ойлгодоггүй бөгөөд эмчид ойлгохгүй байгаагаа хэлдэг хүн ч цөөн. Иймд үзлэгийн сандал дээр эмчилгээний явцад өвчтөнд зөвлөгөө өгөх, мэдээлэл дамжуулах нь үр дүнгүй зүйл юм. Энэ нь өвчтөний сэтгэлийг улам түгшүүртэй таагүй болгох сөрөг нөлөөтэй.

Хяналтаа алдахаас айх айдас

Ихэнх өвчтөнүүд айдсаа тодорхой илэрхийлж чаддаггүй. Харин өвчтөнтэй илүү ойр дотно ярилцвал энэ нь тодорхой болно. Шүдний эмчилгээ бол өвчтөний нүдэн дээр хангалттай тусламж үйлчилгээ үзүүлж чадахуйц ойр зайд үйлчилдэг ч маш олон өвчтөнүүд өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол аврал тусламж үзүүлж чадахгүй мэт айдас мэдрэмжтэй байдаг. Өвчтөний бүх хяналтыг эмч өөртөө авах нь өвчтөнд бүр таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Иймд зарим зүйлсийг өвчтөнөөр өөрөөр нь хийлгэх нь илүү сэтгэлийг нь тайвшруулдаг. Тухайлбал өвчтөнд ямар нэгэн таагүй зүйл болвол гараа өргөөрэй, өргөсэн үед бид эмчилгээг шууд зогсооно гэж хэлэх. Өвчтөн үүнийг туршиж үзээд үнэхээр гараа өргөх үед нь эмчилгээ зогсож байвал таатай байна. Энэ нь өвчтөнд эмчилгээний явцыг өөрөө хянах боломж олгосоноор хяналтаа алдсан мэт мэдрэмжийг нь тайвшруулна. Эмчилгээний явцад түр завсарлга авч, эмчилгээний өмнө, дараа өвчтөний асуултанд хариулах нь тэдэнд эмчилгээний хяналтаа өөртөө авсан мэт мэдрэмж төрүүлнэ.

Ихэнх шүдний эмч нар айдас түгшүүрийн зэрэг өндэртэй өвчтөнийг үзэхээс зайлсхийдэг. Гэвч нэгэнт тэдэнтэй ажиллаад сурчих юм бол эмчилгээнээс авах сэтгэлийн таашаал гайхамшигтай. Хэрэв та өвчтөний айдас түгшүүрийг дарж гайхамшигтай үйлчилгээ үзүүлж чадсан бол тэр өвчтөнүүд таны чин үнэнч шүтэн бишрэгч үйлчлүүлэгчид чинь болно. Зах зээлийн ширүүн өрсөлдөөнт өнөө цаг үед чин үнэнч найдвартай үйлчлүүлэгчидтэй байх гэдэг нь таны амжилтын баталгаа юм шүү.


Tag:менежемент, айдас
Бусад