Шүдний эмч нарын ажил мэргэжлээс шалтгаалсан стресс: Шалтгаан, үр дагавар, хор хөнөөл
2018.05.21 0.0 0

Эмнэлзүйн салбарт хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар шүдний эмч, мэргэжилтнүүд нь стрессээс шалтгаалсан маш олон төрлийн бие эрхтэн ба сэтгэлзүйн таагүй нөхцөл байдлуудад байнга өртөж байдаг нь тодорхой болоод байна.

Бие эрхтэн тогтолцоонд нөлөөлж буй стрессийн шалтгаант асуудлуудад зүрх судасны өвчин эмгэг, ходоодны шарх, бүдүүн гэдэсний үрэвсэл, артерийн аралт ихсэх өвчин, нуруу хүзүүгээр хөших өвдөлт, нүдний хараа муудах, бэлгийн амьдралын асуудал, архинд орох, хар тамхи хэрэглэх, сэтгэл гутрал болон амиа хорлолт зэргийг хамааруулж болно.

Судалгаагаар тодорхой болсон баримтууд

  • Шүдний эмч нарын дундах амиа хорлолт ердийн хүн амаас хоёр дахин их байдаг бол ижил түвшний оффис ажилтай цагаан захтнуудтай харьцуулахад гурав дахин өндөр байдаг байна
  • Шүдний эмч нарын эрүүл мэндийн асуудал үүсгэх шалтгаанууд дотор сэтгэлзүйн асуудал гуравдугаар байранд ордог бол ердийн хүн амын дунд сэтгэлзүйн асуудал нь бие эрхтний өвчлөл үүсгэх аравдугаар шалтгаан байдаг.
  • Титэм судасны өвчлөл, артерийн даралт ихсэх өвчин эмч нарын 25 дээш хувьд тохиолддог
  • Шүдний эмч нар сэтгэл мэдрэлийн эмгэг өөрчлөлтөнд өртөх нь бусад төрлийн эмч нараас 2,5 дахин өндөр байдаг
  • Шүдний эмч нарын амь насыг авч оддог №1 шалтгаан нь зүрх судасны өвчлөл юм.
  • Хойд Америкийн хэмжээнд шүдний эмч болох хүмүүсийн тоо жилээс жилд багассаар байна

Стрессийн шалтгаан

Шүдний эмч нар стрессийн шалтгаант биеийн, сэтгэлзүйн, нийгмийн асуудлуудад бусад мэргэжлүүдээс, хүмүүсээс яагаад илүү их өртөмтгий байдаг вэ? Хэдийгээр бидний дийлэнх нь одоо мэргэжлээ сольж стресст илүү бага өртөмтгий мэргэжил сонгоход нэгэнт оройтсон нь тодорхой ч стрессийн шалтгаан болж буй зарим нэг хүчин зүйлсийг таньж мэдэж, олж илрүүлж түүнээс зайлсхийх нь бусдаас арай илүү урт удаан, илүү баяр баясгалантай амьдрахад туслаж магадгүй.

Шоронд хоригдсон мэт мэдрэмж

Ихэнх шүдний эмч нар амьдралынхаа дийлэнх цаг хугацааг 2–3 м.кв орон зайд заримдаа цонхгүй ч байж болох өрөөнд өнгөрөөдөг. Энэ нь хууль шүүхийн байгууллагад байдаг гэмт хэрэгтнийг тусгаарлах өрөөнөөс ч бага орон зай гэсэн үг. Бас шүдний эмч нарын ажилладаг ажил нь ихэнхдээ умгар, орон зайн хувьд хязгаарлагдмал амны хөндий юм. Энэхүү орон зай талбайнаас шалтгаалсан хязгаарлагдмал байдал нь он удаан жил үргэлжлэхийн хэрээр эмчийн сэтгэлзүйд дарамт болж амархан сульдаж ядрах, сэтгэлзүйн хувьд тавгүйрхэх, стресстэх шалтгаан болно.

Бусдаас тусгаарлагдсан гадуурхагдсан мэт мэдрэмж

Ихэнх шүдний эмч нар ганцаараа ажилладаг. Үүнээс шалтгаалан өөрт тулгамдаж буй асуудлуудаа бусадтай хуваалцаж чадахгүй, мэргэжил нэгт хамт олноосоо дэмжлэг авч чадахгүй мэт мэдрэмж нь стрессийн шалтгаан болно. Бусдаас тусгаарлагдах, гадуурхагдах шалтгааны үндэс нь шүдний эмч бүр өөр хоорондоо ажил мэргэжлээрээ өрсөлдөж байнгын өрсөлдөөн дунд байдагт оршино. Шүдний сургууль, шүдний эмч мэргэжлээр суралцах хүмүүсийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр оюутан цагаас энэ өрсөлдөөн эхлэж, төгссөний дараа ажил мэргэжил, ажлын байраа алдахгүйн төлөө өрсөлдөөн томоохон хот суурин газруудад хүчтэй илэрдэг нь бие биедээ таагүй хандах, гадуурхах шалтгаан болсоор байна.

Төгс төгөлдөр байхын стресс

Амны хөндийн таагүй орчинд хийсэн ажилбараа төгс төгөлдөр байлгахын төлөөх хичээл зүтгэл нь стрессийн шалтгаан. Төгс төгөлдөр байхын стрессийн гол эх үүсвэр нь оюутан байх явцад тавигдана. Харамсалтай нь шүдний эмч нар яаж ч хичээл зүтгэл гаргаад тэдний хичээл зүтгэлээс шалтгаалахгүйгээр бусад олон хүчин зүйлс хийж буй ажилбарыг нь төгс төгөлдөр байх боломжгүй болгох нь урам хугарах, сэтгэл гутралд орох шалтгаан болдог.

Цаг хугацааны дарамт

Шүдний эмнэлэг, шүдний эмчийн үйл ажиллагаа ямагт цагт баригдан үргэлж яарч сандарч байдаг нь эмчид өөрийн мэдэлгүй архаг хэлбэрийн стресст өртөх шалтгаан болно. Шүдний салбарт бичигдээгүй ч биелэж байдаг нэг гол хууль нь Мерфийн хууль бөгөөд энэ нь “Хэрэв ямар нэг золгүй явдал тохиолдох ёстой бол хамгийн таагүй цаг хугацаанд заавал тохиолдоно” гэсэн үг. Золгүй байдлаар үүссэн алдаагаа залруулах гэж нухсаар нийт ажлын цагийн 90%-г алддаг бол үлдсэн 10% даа бусад 90% эмчилгээгээ амжуулах шаардлагатай болдог. Гэтэл эмчилгээний бүх дараалал цагийн хуваарьт орсон бол тэр болгон өөрийн дураар цагаа өөрчлөөд байх боломж хомс.

Эмчилгээний үр дүнд урам хугарах

Шүдний эмч нар оюутан байхдаа сургалтын нийт хугацааны турш хичээл дээр ч ном сурах бичиг дээр ч зөвхөн гайхамшигтай төгс төгөлдөр эмнэлзүйн тохиолдлуудтай танилцаж, суралцсаар төгсдөг. Гэтэл яг бодит амьдрал дээр гарахад ихэнх өвчтөнүүд амны хөндийн эрүүл ахуйдаа анхаардаггүйн улмаас, төлбөрийн болон бусад шалтгаанаар шүдний эмнэлэгт очдоггүйн улмаас өвчин эмгэгээ хүндрүүлэн эмнэлзүйн тохиолдлууд хичээл дээр үздэгээс шал өөр байх нь элбэг. Үүнээс шалтгаалан ном сурах бичиг дээр үзсэнээр эмчилгээг хийсэн ч байнга шахуу эмчилгээний дараах алдаа хүндрэл тохиолдох нь тухайн эмчийн төгс төгөлдөр эмчилгээ хийх гэсэн зорилгыг мохоож, эмчилгээндээ урам хугарахад хүргэнэ.

Эцэстээ шүдний эмч нарын төгс төгөлдөрт тэмүүлэх ирмүүн хүсэл эрмэлзэл унтарч төлбөрийн асуудал дээрээ “унжиж” иж бүрэн эмчилгээ хийлгэхээс татгалзсан өвчтөнүүдэд зөвхөн “fix-and-repair” хийх бизнесрүү ордог. Энэ нь шүдний эмч нарт хийсэн ажилдаа сэтгэл ханамжгүй болж урам хугарах стрессийн шалтгаан болно.

Өвчтөний айдас түгшүүр

Эмчлэхэд хэцүү хэт их айдас түгшүүртэй өвчтөнүүдтэй байнга ажиллах нь эргээд эмчийг өөрийг нь стресст өртүүлэх шалтгаан болно. Эмчилгээний явцад өвчтөний давхийх айдас хөдөлгөөн нь эмчийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж стрессийн хариу урвал үзүүлнэ. Энэ болгонд эмчийн зүрхний цохилт түргэсч, цусны даралт ихсэх, хөлрөх байдал илрэнэ. Ийнхүү байнгын түшгүүр дор ажиллах нь шүдний эмчийг цагаасаа эрт зүрхний шигдээст өртөх шалтгаан болдог.

Шүдний эмчийн өөрийн хувийн зан чанар

Судалгаагаар шүдний эмчийн хувийн зан чанарын онцлогоос шалтгаалан стресст хэр зэрэг өртөх, архинд орох, амиа хорлоход хүрэх эсэхийг урьдчилан тодорхойлж болохыг тогтоосон байдаг. Стресст өртөхөд нөлөөлдөг зан чанарын онцлогт:

  • Жижиг зүйлд ч маш их анхаарлаа хандуулдаг хэт мэдрэмтгий
  • Дэндүү үнэнч шударга
  • Сэтгэлзүйн байдлаа хянах чадвар сул
  • Өөрийнхөө болон бусдын талаар хэт бодит бус төсөөлөлтэй
  • Өөрийнхөө ажлын чадвар болон нэр төрдөө халдахад маш эмзэг

Дасгал хөдөлгөөн хийх боломж хомс

Pankey Institute АНУ-ын Миами хотын 2400 шүдний эмч нарын дунд судалгаа хийж үзэхэд шүдний эмчийн мэргэжил нь Dormancy, Degeneration and Stress (DDS) төлөв байдал буюу Идэвхгүй, Доройшилт, Стрессийн шинж чанартай байсан байна. Шүдний эмчийн ажил мэргэжлээс шалтгаалж ихэнх эмч нар холбоос эд, цусны бичил судас, булчин, эд эрхтнийг нөхөн сэргээх хөдөлгөөн, дасгал хийх боломж хомс байдаг байна.

Ном зүй:

  • * ADA Bureau of Public Information News Release. Temple University School of Dentistry Study of dentist suicide rates, Jan. 31, 1997.
  • * Alexander RE. Stress-related suicide by dentists and other health care workers: fact or folklore? JADA 2001; 132:786–94.
  • * American Psychiatric Association. Diagnostic and statistical manual of mental disorders, fourth edition (DSM-IV). Washington: American Psychiatric Press; 1994.
  • * Atkinson JM, Millar K, Kay EJ, Blinkhorn AS. Stress in dental practice. Dent Update 1991; 18 (2):60–4
  • * Bourassa M, Baylard JF. Stress situations in dental practice. J Can Dent Assn 1994; 60:65–71.
  • * Blikhorn AS. Stress and the dental team: a qualitative investigation of the causes of stress in general dental practice. Dent Update 1992; 19:385–7.
  • * Bureau of Economic Research and Statistics. Mortality of dentists, 1968 to 1972. J.A.D.A., 90:195–198, 1975.
  • * Cooper, K.H., and Christen, A.G. Dentist, “Heal thysef”: Modification of life style. D.C.N.A., Vol 22, №3, July 1978.
  • * Cooper C, Watts J, Kelly M. Job satisfaction, mental health, and job stressors among general dental practitioners in the UK. Br Dent J 1987; 162:77–81.

Tag:стресс, менежемент
Бусад