Хятадын судлаачид шүд цайруулах шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлж байна
2018.08.11 0.0 0
Сүүлийн үед дэлхий дахинд сошиал медиа өргөн хүрээнд хүчээ авч байгаатай холбоотойгоор олны танил хүмүүс, оддын цасан цагаан шүд нь хүн амын дунд шүднийхээ өнгөнд анхаарах, санаа зовох, шүд цайруулах арга замыг эрэлхийлэхэд хүчтэй нөлөөлж байгаа нь тогтоогдоод байгаа. Өнөө үед шүд цайруулах аргачлал нь гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөл дахь цайруулалт гэсэн хоёр төрлийн сонголттой байгаа ч энэ хоёр нь хоёулаа шүдний бүтцэд тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй байдаг. Тэгвэл шүд цайруулах аргачлалын энэхүү таагүй асуудалтай тэмцэх зорилгоор БНХАУ-н судлаачид шүдний бүтцэд илүү сөрөг нөлөө багатай байж болох нэгэн шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлж байна. 
 
Хүн болгон шүдний өнгөний өөрчлөлт буюу шүд шарлалтыг өнгө будаг агуулсан хоол хүнсний хэрэглээтэй холбоотой болохыг мэдэж байгаа байх. Үүний улмаас хүмүүс шүдээ цайруулах арга замыг эрэлхийлдэг. Өнөө үед хамгийн түгээмэл ашиглаж байгаа шүд цайруулах материалын үндсэн гол найрлаганд ордог бодис нь устөрөгчийн хэт исэл (hydrogen peroxide) юм. Гэвч устөрөгчийн хэт ислийг заасан хэмжээнээс илүүгээр өндөр концентрацитайгаар хэрэглэвэл шүдний пааланг гэмтээх, шүдийг хэт мэдрэгшүүлэх болон зарим талаар амьд эсийг хөнөөх үйлчлэл үзүүлэх сөрөг нөлөөтэй байдаг. 
 
Тэгвэл БНХАУ-н Nanchang University-н судлаачид Xiaolei Wang, Lan Liao нар цэнхэр гэрлийн нөлөөгөөр идэвхждэг өөр төрлийн бодисыг шүд цайруулалтанд ашиглахаар хөгжүүлж байна. Судлаачдын хөгжүүлж буй энэхүү бодис нь polydopamine-ы агууламж бүхий титаны оксидын нано бичил нэгдэл  (nano-TiO2@PDA) бөгөөд энэхүү бодис нь цэнхэр гэрлийн нөлөөгөөр идэвхждэг онцлогтой. Туршилтын загварчлал дээр шүдний гадаргууг уг материалаар бүрээд цэнхэр гэрлээр үйлчилсэн байна.
 
4 цагийн дараах эмчилгээний үр нөлөөг харвал энэ төрлийн бодис нь үйлчлэлээрээ устөрөгчийн хэт исэл агуулсан бүтээгдэхүүнтэй төстэй байлаа. Гэсэн ч гол ялгаа нь шүдний гадаргуу дахь паалангийн гэмтэл устөрөгчийн хэт исэлтэй харьцуулахад харьцангуй бага байсан төдийгүй шүдэнд учруулах сөрөг нөлөө нь хангалттай хэмжээнд бага байгааг судлаачид тогтоожээ. Үүний зэрэгцээгээр  nano-TiO2@PDA нэгдэл нь зарим төрлийн нян бактерийн эсрэг үйлчлэлтэй байсан байна. 
 
Энэхүү судалгаа нь “Blue-light -activated nano-TiO2@PDA for highly effective and nondestructive tooth whitening” гарчигтайгаар ACS Biomaterials Science and Engineering сэтгүүлийн 6-р сарын 19-ы өдрийн дугаарт нийтлэгдлээ. 
 
 

Tag:шүд цайруулалт, судалгааны тойм
Бусад