Халдвар хамгаалал: Эмчийн үзлэгийн маскны таарамж, битүүмжлэл зүй зохистой байхын ач тус
2018.08.21 5.0 0
Үзлэгт орох бүртээ эмч бүрийн анхаарах гол зүйл нь халдвар хамгаалал бол түүн дотроо хамгаалалтын зориулттай маскыг хэрхэн сонгох вэ гэдэг нь чухал асуудал юм. Эмчийн үзлэгийн хамгаалах маск нь олон давхарласан синтетик материал ба хамгаалах давхаргаас бүрддэг. Хамгаалах давхарга нь өөртөө гадны биетэд хориг үүсгэх зориулалттай бичил уян харимхай нүхэнцэрүүд бүхий шүүлтүүр агуулсан байдаг нь маск гэдэг бол зүгээр энгийн механик хоригоос тэс өөр зүйл болохыг илтгэнэ. Эмчилгээний явцад ялгарах шүрших, цацах хэлбэрийн агаар дуслын халдвар тараах зүйлс, эмчилгээ удаан хугацаанд үргэлжлэх зэрэг асуудлууд нь маскны материал заавал шингэн зүйлд тэсвэртэй, шүүлтүүртэй байхыг шаарддаг. 
 
Үүний зэрэгцээгээр зайлшгүй бодолцож үзэх ёстой асуудал нь таны нүүрний хэлбэрт маск хэр таарч сууж өгч байгаа явдал юм. Маск нүүрэнд зөв таарч сууж өгсөнөөр дээр дурдсан хамгаалах, ба шүүх ажилбараа сайн гүйцэтгэх боломжтой болдог. 
 
Шүдний эмчилгээний салбарт дамжин халдварладаг өвчнүүдийн тархах гол зам нь халдвар тараах өндөр чадамжтай нян бичил биетнүүд бүхий агаараар амьсгалах явдал гэдгийг судалгааны олон баримтаар сайтар нотлогдсон байдаг. 1 
 
1985 онд хийгдсэн судалгаагаар шүдний эрүүл ахуйч нарын дунд амсьгалын замын өвчлөл, ханиад томуу тусах нь эмнэлгийн салбарын өөр мэргэжилтнүүдээс даруй 60%-аар их байсан байна. Судалгаагаар агаар дуслын халдвар тараагч хамгийн эрсдэлтэй багаж тоног төхөөрөмж нь ultrasonic scaler байсан бол түүний дараах байранд өнгөлгөө, ус агаарын air-water syringe орж байна. 2
 
Шүдний эмчийн үзлэгийн явцад хамгийн их бохирддог хэсэг нь нүүрний хэсэг бол тэр дундаа хамар, нүд хамрын хоорондох хэсэг илүү их халдвар агуулдаг байна. 3
 
Indiana University School of Dentistry-н хүндэт профессор Chris Miller, MS, PhD үзлэг болгоныхоо дараа маскаа заавал сольж байхыг зөвлөдөг бөгөөд учир нь маскны гадна гадаргуу агаарт тархсан бохир зүйлсээр бохирлогдсон байдаг. Мөн үзлэгийн явцад маск амны амьсгалаар норох бөгөөд норсон маск нь агаар нэвтрүүлэлт муу болдог. Үүний улмаас амьсгалсан агаар маскаар дамжиж гарах биш маскны бусад зах ирмэг хэсгүүдээр нэвтэрч гарсанаар маскны битүүмжлэл алдагдана. 4
 
Хэрэв өрөөний агаарт шүрших цацах зүйл ихтэй ажилбар хийж байгаа бол 20 минут тутамд маскаа солих ба хэвийн агаартай нөхцөлд агаарт шүрших цацрах зүйл бага бол 60 минут тутамд мэдээж өвчтөн бүрийнхээ хооронд солих ёстойг зөвлөдөг. 5
 
Маскыг хэлбэр, хэмжээний хувьд нүүрэндээ тохируулж эрүүнийхээ ооч хэсгийг давуулан зүүж битүүмжлэл үүсгэх нь маш чухал. Дээд зэргийн сайн хамгаалалт үүсгэхийн тулд маск нүүрний зах хэсгүүдийг нэлэнхүйд нь бүрж битүүмжлэх ёстой. 
 
Stony Brook University-н Aerosol Mechanics Laboratory-н судалгаагаар Crosstex SECURE FIT® technology буюу хамар болон оочин дор хөнгөн цагаан тууз бүхий маскууд нь бусад төрлийн маскаас 3 дахин илүү сайн битүүмжлэл үүсгэж байсан байна. 
 
Хувийн халдвар хамгааллын хэрэгсэл буюу нүдний шил, маск, бээлий зэргийг тайлах үед нүүрний арьс болон хувцас бохирдох нь өвчин дамжин халдварлах бас нэгэн эх сурвалж болдог. Судалгаагаар хувийн халдвар хамгааллын хэрэгсэл санамсар болгоомжгүйгээр тайлах үед нүүр хувцсан дээрх бохирдолт 46% хүрч байсан тул маск нүдний шилээ хэрхэн зөв, зүй зохистой тайлах, зүүх аргачлал нь бас чухал зүйл юм. 
Хувийн хамгаалалтын хэрэгсэл тайлах зөв дараалал нь эхлээд бээлийгээ тайлаад дараа нь хамгаалах нүдний шилээ авч, халатаа тайлаад хамгийн сүүлд маскаа авах явдал юм. Маскаа авсаны дараа гараа ариутгах байдлаар халдвар хамгааллын арга хэмжээ авна. 
 
Хүний амны хөндий нь нян бактери бичил биетнээр маш баялаг орчин бөгөөд одоогийн байдлаар 600 гаран төрлийн бичил биетнүүдийг олж илрүүлээд байна. Хүн дунджаар минутанд 16 удаа амьсгалдаг бол шүдний эмч ажлын 8 цагийн хугацаанд нийт 7680 удаа амьсгалж төдий хэмжээгээр эрсдэлд өртөх боломжтой. Иймд өөрийн нүүрний хэлбэрт тохирсон хамгийн сайн маскыг сонгон хэрэглэх нь тэр хэмжээгээр өөрийгөө аюул эрсдэлээс хамгаалж байгаа чухал зүйл юм. 
 
 
Ном зүй:
 
1. Rosen S, Schmakel D, Schoener M. Incidence of respiratory disease in dental hygienists and dietitians. Clin Prevent Dent. 1985; 7: 24-25.
2. Harrel, S, Molinari J. Aerosols and splatter in dentistry: a brief review of the literature and infection control implications. JADA 2004;135:429-437
3. Nejatidanesh et al. Risk of contamination of different areas of dentist’s face during dental practices. Int J Prev Med 2013 May;4(5): 611-615
4. Miller, C.(2014). Infection Control and Management of Hazardous Materials for the Dental Team.5th edition. St. Louis, Missouri: Elsevier
5. Jorgenson G, Palenik C. Selection and use of personal protective equipment. The Dental Assistant 2004; 73;16-19
6. Myreen et al. Contamination of Health Care Personnel During Removal of Personal Protective Equipment. JAMA Intern Med. 2015;175(12):1904-1910.doi

Tag:менежемент, маск, халдвар хамгаалал
Бусад






avatar