TMD Эрүүний үений эмгэгийн имплант суулгац эмчилгээ хөгжүүлж байна
2018.08.22 0.0 0
Америкийн University of California Irvine (UCI), University of California Davis (UCD), ба  University of Texas School of Dentistry at Houston гурван Их сургуулийн хамтарсан судалгааны баг Эрүүний үений эмгэгийн эмчилгээнд зориулсан мөгөөрсөн эдийн суулгац имплант хөгжүүлж, амьтан дээр хийсэн туршилт нь амжилттай болсоноо зарлалаа. 
 
“Эрүүний үений эмгэгтэй хүмүүст үений мөгөөрсөн эдийн задрал үүсдэг. Үений мөгөөрсөн эдийн задралыг өмнө нь мөгөөрс орлуулах мэс заслын аргаар эмчлэхийг оролддог байсан ч суулгасан мөгөөрс хүний өөрийн мөгөөрс эд дунд тэсч үлдэж өөрөө эдгэрч чаддаггүй нь томоохон асуудал байлаа” гэж Техасын Их Сургуулийн Эрүү Нүүрний Мэс Заслын тэнхмийн эрхлэгч судалгааны төслийг санаачлагчдын нэг Mark E. Wong, DDS хэлж байна. 
 
“Бид бүхний туршилтын амьтан дээр хөгжүүлсэн эдийн инженерчлэлийн аргаар гарган авсан имплант суулгац мөгөөрсөн эдийн задралыг амжилттай нөхөн сэргээж чадлаа” гэж тэрээр хэлж байна. 
“Имплант суулгацыг суулгаснаас 8 долоо хоногийн дараа эрүүний үений мөгөөрсөн эд гайхамшигтайгаар нөхөн сэргэж байгааг тогтоосон” гэж судалгааны үр дүнгийн талаар University of California Irvine Их Сургуулийн Эдийн биоинженерчлэлийн салбарын профессор Kyriacos Athanasiou, PhD, PhM, MS хэллээ. 
 
Дэлхий даяар нийт насанд хүрсэн хүмүүсийн 25%, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн бараг 90%-д эрүүний үений мөгөөрсөн эдийн эмгэг өөрчлөлтийн улмаас юм идэх, ярихад бэрхшээлтэй болох, эрүүний үеэр өвдөх зэрэг асуудал тохиолддог. 
 
“Эрүүний үений мөгөөрсөн эд нь машины амортизатортай адил үүргийг эрүүний үенд гүйцэтгэдэг. Иймд мөгөөрсөн эд задарч элэгдсэний улмаас хүний ердийн хоол идэх, ярих үед эрүүний үенд учруулах даралтыг ч тэсвэрлэх чадваргүй болдог. Энэ нь тухайн хүнд маш таагүй байдал үүсгэх бөгөөд байнгын өвчин эмзэглэлийн улмаас амьдралын чанарын үзүүлэлт эрс муудах шалтгаан болдог” гэж Mark E. Wong эмч тайлбарлаж байна. 
Амьтан дээр туршилтын аргаар үений мөгөөрсийг нөхөн сэргээхдээ мөгөөрсөн эдээс тусгаарласан бага зэрэг хавирганы эд ялган авч түүнийгээ биоинженерчлэлийн аргаар боловсруулсан мөгөөрсөн эдэд судлаачдын өөрсдийн хөгжүүлсэн “self-assembling” аргачлалаар суулгадаг байна. 
 
Үүний дараа мөгөөрсийг эрүүний үенд суулгана. Энэ төрлийн аргачлал нь  allogenic төрлийн аргачлалд хамаардаг нь хавирганы эдийг өөр амьтнаас аваад бэлэн болсон мөгөөрсийг өөр амьтанд суулгадагтай холбоотой. Ийнхүү мөгөөрсийг суулгаснаас 2 сарын дараа үений эмгэг бүрэн эдгэрч нөхөн төлждөг байна. 
Судалгааны багийн дараагийн төлөвлөгөө нь энэхүү хиймэл мөгөөрсийг туршилтын амьтан дээр хэр удаан хугацаанд амжилттай байж чадахыг турших ба үүний дараа хүн дээр хийгдэх эмнэлзүйн туршилт судалгаа clinical trial эхлэх гэнэ. 
 
“Одоогийн байдлаар TMD эмгэгийн үед үений мөгөөрсийг нөхөн сэргээх эмчилгээ бүрэн утгаараа эмчилгээ болоогүй түр хугацаанд гал унтраах байдлаар ашиглагдаж байна. Мэс заслын эмчилгээний дараа тодорхой хугацааны дараа өвчтөнд асуудал гараад буцаж ирэхэд үений диск болон үе дахин засах боломжгүйгээр эвдэрсэн байдаг. Иймд тухайн үеийг протезоор орлуулахаас аргагүй болдог. Бид энэ асуудлыг эрт үед нь шийдвэрлэж чадах нөхөн сэргээх эмчилгээний шинэ аргачлал хөгжүүлж байгаа нь энэ юм” гэж нөхөн сэргээх мэс заслыг гардан гүйцэтгэсэн Natalia Vapniarsky, DVM эмч тайлбарлалаа.
 
Энэхүү судалгааны өгүүлэл нь “Tissue Engineering Toward Temporomandibular Joint Disc Regeneration,” гарчигтайгаар Science Translational Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байна. 
 
 
 
 

Tag:эрүүний үений эмгэг, судалгааны тойм, TMD
Бусад






avatar