Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт ба амны хөндийн эрүүл мэнд: Эмчилгээний төлөвлөгөөнд үүнийг хэрхэн тусгаж өгөх вэ?
2018.09.13 0.0 0
Эм хүйсийн хүмүүс эрэгтэйчүүдийг бодвол биед явагдах дааврын өөрчлөлтөөс шалтгаалж амны хөндийн элдэв хүндрэл бэрршээлтэй тулгарах нь их байдаг. Энэ асуудлаар АНУ-г Сан-Франциско хотод болсон Калифорний Шүдний Эмч нарын Холбооны чуулган дээр шүдний тулгуур эдийн эмч Jacqueline Plemons, DDS илтгэл хэлэлцүүллээ. 
Энэхүү илтгэлдээ Jacqueline Plemons эмч эмэгтэйчүүдийн биед явах дааврын өөрчлөлт нь шүдний тулгуур эдэд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлаад шүдний эмч нар энэ асуудлын хүрээнд тухайн өвчтөнийг шүд буйлаа эрүүлээр авч үлдэхэд хэрхэн туслах тухай зөвлөгөө өглөө. 
 
“Танд хэдийгээр байнга үзүүлдэг ч гэсэн яг тэр өвчтөн яг тэр хэвээрээ байнга байна гэж байдаггүй. Хэдхэн жилийн дараа гэхэд л түүний амны хөндийн нөхцөл байдал болон хийгдэх эмчилгээний шаардлага шал өөр болсон байж болзошгүй” гэж Jacqueline Plemons эмч сануулж байна. “Амьдралын нийт хугацааны турш авч үзвэл эмэгтэйчүүдийн биед гарах дааврын үе шаттай хэд хэдэн өөрчлөлтүүд амны хөндийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймд ийм өөрчлөлт гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч эмчилгээний төлөвлөгөөндөө энэ асуудлыг урьдчилан тусгаж өгч чадвал тухайн хүнийг насан туршид нь шүд, буйлыг эрүүлээр авч үлдэх туйлын зорилго биелэлээ олно” гэж тэрээр үзэж байна. 
 
Jacqueline Plemons эмч нь Даллас хотод шүдний тулгуур эдийн чиглэлээр дагнан ажилладаг хувийн эмнэлэгтэй төдийгүй Texas A&M College of Dentistry-н шүдний тулгуур эдийн тэнхимд профессороор, тус их сургуулийн Шүд эрүү нүүрний төвийн даргаар ажилладаг. 
 
Дааврын өөрчлөлт ба шүдний тулгуур эдийн эрүүл мэнд
 
Шүдний тулгуур эдийн эрүүл мэндэд дааврын өөрчлөлт нөлөөлдөг гэдэг нь маш тодорхой болсон зүйл бөгөөд шүдний тулгуур эд нь өөртөө эстроген ба прогестрон даавруудын рецептор агуулдаг гэж Jacqueline Plemons эмч тайлбарлалаа. 
“Дааврын өөрчлөлт нь шүдний тулгуур эдэд бичил судасны ялгаран хөгжилд сөргөөр нөлөөлөх замаар, коллаген эдийн нөхөн төлжилтийг дарангуйлах байдлаар, буйлны шингэний төлөв байдлыг өөрчилж, амны хөндийн микробиомийн орчныг өөрчилөх замаар өнгөр тогтолтыг нэмэгдүүлэх зэргээр олон янзаар сөрөг нөлөө учруулж байдаг. Энэхүү нөлөөлөл нь эдийн дотоод эмгэг өөрчлөлтийг үүсгэснээр улайх, цус шүүрэх, буйлны ховил гүн болох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгээр илэрдэг” гэлээ. 
 
Тухайлбал эмэгтэйчүүдэд бэлгийн бойжилтийн ид үед шилжилтийн насан дээр дааврын түвшин ихэссэнээр шүд буйлан дээр анхны сөрөг нөлөө илэрч буйл улайж, цус шүүрэмтгий болдог. Мөн дааврын шалтгаант ийм шинж тэмдэг сарын тэмдгийн мөчлөгийн үед, жирэмсэнээс хамгаалах эм хэрэглэх үед болон жирэмсэн үед илэрдэг.
 
“Жирэмсэн эмэгтэйчүүд, эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж байгаа хэн бүхэн шүдний эмчид хандаж шүдний тулгуур эдийн өвчний хяналтанд орох нь зөвхөн шүдний тулгуур эдийн өвчин үүсэхээс сэргийлээд зогсохгүй шүдний өвчнөөс шалтгаалан төрөлтөнд сөргөөр нөлөөлж болох аюул ослоос сэргийлж буй хэрэг юм” гэж тэрээр анхааруулж байна. 
 
Цэвэршилтийн насан дээр байгаа эмэгтэйчүүдийн хувьд ч дааврын өөрчлөлт бас л асуудал дагуулах бөгөөд эстроген, прогестрон, тестостерон даавруудын хэмжээ багасах нь амны хөндийд сөрөг нөлөөтэй байдаг байна. 
“Цэвэршилтийн насан дээр эсроген дааврын хэмжээ багасах нь эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт өвчин үүсэх эрсдэлт байдлыг нөхцөлдүүлэх бөгөөд үүнээс шалтгаалсан түүшин ясны хатингаршил ба шүд унах нь их болдог” гэнэ. 
Шүдний эмч нар эмэгтэйчүүдийн даавраас шалтгаалсан өөрчлөлтийн талаар өвчтөн үйлчлүүлэгчиддээ мэдээ мэдээлэл сайтар өгч байх нь шилжилтийн насан дээрээ байгаа охидууд, цэвэршилтийн насанд байгаа эмэгтэйчүүд хэн бүхэнд шүдний өвчнөөс сэргийлэх маш чухал зүйл болно гэж Jacqueline Plemons эмч үзэж байна. 
 
Эцэст нь дүгнэж хэлэхэд эмчилгээний төлөвлөгөө гэдэг бол яг одоо өвчтөний нөхцөл байдлыг үнэлж дүгнээд боловсруулж байгаа төлөвлөгөө болохоос энэ өвчтөн өмнө нь ийм байсан гэж өмнөх нөхцөл байлдалд тулгуурлаж хийгдэх зүйл биш юм. "Ялангуяа эмэгтэйчүүдийн насны онцлог, дааврын өөрчлөлтөөс шалтгаалан амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байдаг тул эмэгтэйчүүдийн хувьд эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа энэ асуудалд онцгойлон анхаарлаа хандуулан авч үзэх нь чухал” гэлээ. 
 
 

Tag:тулгуур эдийн өвчин, менежемент, эмэгтэйчүүд
Бусад






avatar