Сүүн шүднээс ялгаж авсан үүдэл эсээр байнгын шүдийг дахин амьдруулах боломжтой нь тогтоогдлоо
2018.09.20 0.0 0

Өнөө үед үүдэл эсийн судалгаа анагаах ухааны бүхий л салбарт идэвхтэй хийгдэж байна. Үүний нэг болох хүний сүүн шүднээс ялган авсан үүдэл эсээр байнгын шүдийг дахин ургуулах боломжийн тухай судалгааны материал нийтлэгдлээ.
Энэхүү судалгааг АНУ-ын Пенсильваны Их Сургуулийн профессор Dr. Songtao Shi удирдаж БНХАУ-ын Шиан хотод байрлах батлан хамгаалах салбарын цэргийн эмч бэлтгэх 4-р анагаахын их сургуулийн судлаачид болох Yan Jin, Kun Xuan ба Bei Li нар гүйцэтгэсэн байна.

“Үүдэл эсийн энэ эмчилгээг хийсний дараа өвчтөний шүдний мэдрэл сэргэж мэдэрч эхэлсэн. Халуун хүйтний цочруул өгөхөд шүд түүнийг мэдэрч дахин амьдарсан” гэж судалгааны багийн ахлагч Dr. Songtao Shi нотолж байна. Эмчилгээний дараах 2-3 жилийн шинжилгээнд дүгнэлт хийж үзэхэд энэхүү эмчилгээний аргачлал нь аюул осолгүй бөгөөд үр дүнтэй аргачлал болох нь тогтоогдсон байна.

Профессор  Dr. Songtao Shi болон түүний баг сүүлийн арав гаран жилийн хугацаанд сүүн шүдний үүдэл эс (hDPSC)-ийг судлаж шүдний зөөлцийг дахин ургуулахад түүнийг хэрхэн ашиглах талаар туршилт судалгааг хийсээр ирсэн байна. Энэ удаагийн судалгаанд шүд солигдлын төрөл бүрийн үе шатанд байгаа 40 хүүхдийг хамруулсан бөгөөд тэдгээр хүүхдүүд нь байнгын үүдэн шүдээ гэмтээсэн оноштой эмнэлэгт хандсан хүүхдүүд юм.

Сонгон авсан хүүхдүүдийн 30 хүүхдэд үүдэл эсийн (hDPSC) эмчилгээ хийсэн. Ингэхдээ эрүүл сүүн шүднээс гаргаж авсан шүдний зөөлцөөс лабораторийн нөхцөлд үүдэл эсийг ялган аваад түүнийгээ гэмтсэн шүдэнд суулгажээ. Үлдсэн 10 хүүхдийг хяналтын бүлгээр аваад шүдний зөөлцийн apexification эмчилгээ хийсэн байна.

Судалгааны үр дүнгээс харахад үүдэл эс суулгасан хүүхдүүдийн шүдний зөөлцийн нөхөн төлжилт хяналтын бүлгээс илүү байсан ба тугалмайн эд зузаарч цусны бичил эргэлт нэмэгдсэн байна. Эмчлүүлсэн шүдээ дахин гэмтээж авахаас өөр аргагүй болсон нэг өвчтөний шүдийг авч эдийн шинжилгээнд оруулахад шүдний зөөлцөд суулгасан үүдэл эс нь шүдний өөрийн зөөлцөөс тусдаа шүдний зөөлцийн иж бүрдэл, эс, тугалмайн эд, холбогч эд, цусны судас үүсгэсэн байгаа нь тодорхой ажиглагджээ.

Хэдийгээр энэ удаагийн туршилт судалгаа маш амжилттай сайн болсон ч судлаачид энэ бол зөвхөн эхлэл гэж өөрсдийн судалгааг дүгнэж байна. Угтаа бол тухайн өвчтөний өөрийн үүдэл эсийг ашиглах нь дархлалын систем үүдэл эсийг устгаж эмчилгээг амжилтгүй болгохоос сэргийлэх сайн талтай ч насанд хүрсэн хүн бүр сүүн шүд нь солигдсон байх тул энэ нь боломжгүй зүйл юм. Иймд профессор Dr. Songtao Shi болон түүний баг шүдний зөөлцийг нөхөн сэргээхэд allogeneic stem cells буюу өөр гаралтай үүдэл эсийг ашиглахаар туршиж байна.

Энэ зорилгоор АНУ-н хэмжээнд  hDPSC-ийн эмнэлзүйн туршилт судалгааг явуулахын тулд АНУ-н Хүнс, Эмийн Хороо (Food and Drug Administration-FDA)-нд хүсэлтээ гаргаад байгаа гэнэ.

Энэхүү судалгаа нь  “Deciduous autologous tooth stem cells regenerate dental pulp after implantation into injured teeth,” гарчигтайгаар Science Translational Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

 

 

 

 


Tag:үүдэл эс, hDPSC, судалгааны тойм, Stem Cell
Бусад






avatar