Амны хөндийн бичил биетийн орчин нь хүүхдийн таргалалтад нөлөөлдөг
2018.10.31 0.0 0
Барууны улс орнуудад хүүхдийн дундах таргалалтын асуудал жилээс жилд улам бүр элбэг тохиолддог томоохон тулгамдсан асуудал болсоор байна. Тэгвэл АНУ-н Пенсильваны Их Сургуулийн судлаачдын судалгаа хоёр настай хүүхдийн амны хөндийн бичил биетнүүдийн нөхцөл байдлаар хүүхэд хожуу үедээ таргалалттай тулгарах эсэх талаар мэдэж болох талаар таамаглал дэвшүүлсэн байна. 
 
Пенсильваны Их Сургуулийн Биологийн тэнхмийн профессор Dr. Kateryna Makova Америкийн гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалтад өртсөн байгаа талаар хэлж байна. “Хэрэв таргалалтын эрт үеийн шинж тэмдгийг олж тогтоож чадвал энэ талаар гэр бүлийнхэн болон эмч нарт нь анхааруулж таргалалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болох юм” гэж тэрээр хэллээ. 
 
Хэдийгээр амны хөндийн бичил биетнүүд болон таргалалтын хооронд ямар нэгэн хамаарал байгаа нь насанд хүрсэн хүмүүс болон өсвөр насны хүүхдүүдэд тогтоогдсон ч гэсэн энэнхүү судалгааг хийх хүртэл бичил биетнүүд болон таргалалт үүсэх эрсдлийн хамаарлыг бага насны хүүхэд дээр тогтоосон судалгаа байхгүй байсан юм. 
“Амны хөндийн бичил биетнүүдийг ихэнхдээ шүдний тулгуур эдийн өвчинтэй хамааруулан судлах нь их байдаг бөгөөд шүдний тулгуур эдийн өвчин ба таргалалт хоёр зарим талаараа өөр хоорондоо хамааралтай байдаг” гэж судалгааны өгүүллийн нэгдүгээр автор Пенсильваны Их Сургуулийн биологийн салбарын постдоктор судлаач Dr. Sarah Craig хэллээ. 
 
“Энэхүү судалгааны өгүүлэлдээ бид амны хөндийн бичил биетэн ба хүүхдийн таргалалтын хоорондын нэлээд хүчтэй шууд хамраалыг олж тогтоон бичсэн байгаа. Хэдийгээр хүүхэд 2 настай байхдаа ямар нэгэн таргалалтын асуудал байхгүй байлаа ч бид төрсний дараах эхний хоёр жилийн өсөлтийн муруйг ашиглан хүүхдийн биеийн өсөлт хөгжлийн талаар илүү иж бүрэн дүрэлсэлийг гаргаж авах аргачлалыг нээсэн. Судалгааны энэхүү аргачлал нь яг энэ чиглэлийн судалгаанууд дотроо инноватив шинэ аргачлалд тооцогдож байгаа бөгөөд судалгааны үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг тогтооход статистикийн хүчийг дээд зэргээр гаргах боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм” гэж тэрээр хэллээ. 
 
Энэхүү судалгаа нь “Child weight gain trajectories linked to oral microbiota composition,” гарчигтайгаар Scientific Reports сэтгүүлийн 2018 оны 9-р сарын 19-ы дугаарт нийтлэгдсэн байна. 
 
 
 

Tag:хүүхдийн таргалалт, таргалалт, судалгааны тойм
Бусад