Гажиг заслын брекетийн ормонд үүсдэг шүдний цоорлоос сэргийлэх адгезив материал хөгжүүлж байна
2018.11.05 0.0 0
Их Британий Queen Mary University-н судлаачид шүдний гажиг заслын брекетийн бонд хийх зориулалттай шүдний гадаргууг цоорлоос сэргийлэх шинэ төрлийн адгезив материал хөгжүүлж байгаагаа зарлалаа. 2015 оны мета анализ судалгаагаар нийт гажиг заслын эмчилгээ хийлгэсэн шүдний 70%-д шүдний цоорол үүсдэг болохыг тогтоосон байдаг. 
 
Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээл нь гажиг заслын брекет зэмсгийн цэвэрлэгээ юм. Брекет наалгасан өдрөөс хойш түүний ирмэг хүрээний орчмыг цэвэрлэхэд бэрхшээлтэй байдгаас брекетээ авхуулсаны дараа ихэнх өвчтөнүүдэд цоорлын цагаан толбо үүссэн байдаг. Шүдний паалангийн сийрэгжилт бүхий цагаан толбо нь удалгүй өнгөө өөрчилж өдрөөс өдөрт шарлаж өөрчлөгдсөнөөр гоо сайханд сөргөөр нөлөөлөх болно. 
 
Тэгвэл шинэ төрлийн адгезив материал нь өөрөөсөө фтор, кальци, фосфат тасралтгүй ялгаруулах тул шүдний эрдсийн алдагдлаас сэргийлж, өнгөр хуримтлалыг таслан зогсооно. Сүүлийн жилүүдэд гажиг заслын авагддаггүй зэмсгийн эмчилгээний хүрээ байнга өсөн нэмэгдэж байгаа ба өнгөрсөн жил Их Британи улсын хэмжээнд 200 000 гаран хүүхэд энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн бол Америкт 4 сая гаран хүүхэд ийм эмчилгээг сонгосон нь энэ төрлийн адгезив материалын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. 
 
Энэхүү материалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан  “Fluoride containing bioactive glass composite for orthodontic adhesives—Apatite formation properties” өгүүлэл Dental Materials сэтгүүлд нийтлэгджээ. 
 
 
 
 
 

Tag:шүдний гажиг засал, адгезив, шүд цоорох өвчин
Бусад






avatar