Шүдний гажиг заслын эмчилгээний шинэ трэнд технологи салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож байна
2018.11.12 5.0 0
Тун саяхан гажиг заслын эмчилгээний салбарт гэрийн нөхцөлд эмчилгээ хийх шинэ трэндийг нэвтрүүлэгч Америкийн SmileDirectClub старт-ап компани шинээр 380 сая ам.долларын санхүүжилт татаж нийт 3.2 тэрбум долларын өртөг бүхий компани болсоноо зарлалаа. Тус старт-апийн хувьцааны 19 хувийг clear aligner-ийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Align Technology корпораци эзэмшдэг байна. 
 
Яг энэ чиглэлийн бизнес старт-апууд өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж хүчээ авч байгаагийн жишээ нь Австралийн EZ Smile, Ирландын Your Smile Direct, Хонг Конгийн Easy Smile зэрэг старт-апууд юм. Эдгээр старт-ап компаниуд нь өвчтөнд онлайнаар энгийн асуумж бөглөхийг зөвлөдөг бөгөөд энэ асуумжийг бөглөж өгсөнөөр тухайн эмчилгээнд хамрагдах боломжтой эсэхээ тодорхойлдог. Шүдний гажиг заслын урьдчилсан шинжилгээний дараа тухайн үйлчлүүлэгчид хэвний материал зааврын хамт ирэх бөгөөд өвчтөн гэрийн нөхцөлд өөрөө шүдний хэвээ авч түүнийгээ лабораторид илгээснээр гажиг заслын эмчилгээний зэмсэг бэлэн болдог байна. 
 
SmileDirectClub старт-апийн хувьд эмчилгээний бүх үйл явц нь эхнээсээ төгсгөл хүртэл туршлагатай гажиг заслын эмчийн хяналтан дор явагддаг гэж батлаж байна. 
 
Энэхүү эмчилгээний шинэ трэнд хэлбэрийн өөрчлөлт нь шүдний эгнээний бага хэмжээний гажиг бүхий хүмүүсийг эмнэлгийн нөхцөлд заавал ирэх шаардлагагүй болгосноор эмчилгээний өртгийг 60 гаран хувиар буулгаж өгч байгаа сайн талтай гэнэ. 
 
Эмчилгээг санаачлагчдын зүгээс хэдийгээр эмчилгээний үр дүнд баталгаа өгч байгаа ч энэхүү шинэ төрлийн эмчилгээний аргачлал нь шүдний гажиг заслын мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байна. Australian Society of Orthodontists (ASO)-ын хувьд тухайлбал ямар нэгэн эмнэлзүйн урьдчилсан үзлэг, рентген зураг дүрс оношлогоо, эмчилгээний явцын хяналтгүйгээр шүдний гажиг заслын эмчилгээ хийх нь аюултай гэж анхааруулж байна. 
 
Australian Society of Orthodontists (ASO)-ын дэд Ерөнхийлөгч Dr Howard Holmes-ын Sydney Morning Herald сонинд өгсөн ярилцлагад “Хэрэв тухайн хүн буйлны үрэвсэлтэй, ямар нэгэн гэмтсэн эвдэрсэн ломботой шүдтэй байсан бол эмнэлзүйн үзлэг хийж уг эмгэгүүдийг эмчлэлгүйгээр шууд шүдийг хөдөлгөх нь эдгээр эмгэгийг улам хүндрүүлэх шалтгаан болно. Хэдийгээр шүдний гажиг заслын ийм төрлийн эмчилгээний анхдагч үр дүн сайн байж магадгүй боловч ийм төрлийн эмчилгээгээр шүдийг хэзээ ч тогтвортой байршилд аваачиж чадахгүй тул эмчилгээний дараа шүд ахиад анхны байрлалдаа очно“ гэсэн байна.
 
Үүний хариуд  Австралийн EZ Smile старт-апийн үүсгэн байгуулагч  Ed Ambrosius шүдний эмч нарыг тайван байхыг анхааруулаад “Бид эмчилгээний өвчтөнөөрөө ямар нэгэн хүнд хэлбэрийн техник шаардлагагүй маш бага хэмжээний гажигтай хүнийг сонгодог тул эмчилгээний эрсдэл маш бага” гэлээ. 
 
Dr Howard Holmes болон Америкийн Шүдний гажиг заслын эмч нарын холбооны Ерөнхий консул Kevin Dillard нар шүдний гажиг заслын салбарын үйлчлүүлэгчдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, энэ чиглэлийн хууль эрхзүйн зохицуулалтыг чангаруулахын тулд эдгээр старт-ап компаниудын эсрэг зарга үүсгээд байгаагаа зарлалаа. 
 
 
 
 
 
 
 

Tag:шүдний гажиг засал, clear aligner, invisalign, технологийн мэдээлэл
Бусад






avatar