Эмгэнэл
2018.11.13 0.0 0
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхмийн Профессор, Монгол улсын Зөвлөх эмч,Анагаах ухааны доктор, профессор Лувсандорж овогтой Давааням нь 2018 оны 11 дүгээр  сарын 13-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж манай хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
 
Профессор Л.Даваанямын гэр бүл, үр хүүхэд, ээж, ах дүү, төрөл төрөгсдөд нь АШУҮИС болон НАСС-ийнхамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна.
 
Бидний дотны нөхөр профессор Л.Давааням нь Монголын анагаах ухаан, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн судлаач, эмч, багш сурган хүмүүжүүлэгч, тэргүүлэх профессоруудын нэг байлаа.
 
Л.Давааням нь Төв аймгийн Бүрэн суманд 1960 онд төрж, 1968-1972 онд Бүрэн сумын бага сургууль,1972-1976 онд Улаанбаатар хотын 47 дугаар дунд сургууль, 1976-1980 онд АУДуС-д тус тус суралцаж төгсөн, ЭХЯ-ны харьяа Хөдөлмөр эмчилгээний газарт дүн бүртгэлийн бага эмч, тасгийн эрхлэгч  зэрэг ажил эрхэлж байгаад, 1983 онд АУДэС-ийн шүдний эмчийн ангид элсэн орж суралцсан байна. Л.Давааням нь “Сүхбаатарын нэрэмжит” цалинт шилдэг оюутануудын нэг байлаа. 1988 онд АУДэС-ийг Улаан дипломтой төгсөж, УКТЭ-ийн /одоогийн УНТЭ/ хэвлийн хөндийн мэс заслын 1, 2 дугаар тасагт болон Эрүү нүүрний мэс заслын тасагт  их эмчээр ажиллаж байгаад 1990 оноос АУИС-ийн Нүүр ам судлалын тэнхимд мэс заслын багш, 1997 оноос 2006 он хүртэл АУИС-ийн НАМЗ-ын тэнхмийн эрхлэгч, 2006 оноос одоог хүртэл НАСС-ийн НАМЗ-ын тэнхмийн ахлах багш, дэд профессор, профессороор ажиллаж байлаа.
 
Мөн 1992-1995 онд ШЭНЭСТ-ийн  НАМЗ-ын тасгийн эрхлэгчээр, 1997-2007 онд УКТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын клиникт тасгийн эрхлэгч, Зөвлөх эмчээр, 1995 оноос одоог хүртэл НШЭНТ-ийн НАМЗ-ын тасгийн Зөвлөх эмчээр, 1994 оноос одоог хүртэл ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн Зөвлөх эмчээр тус тус хавсран ажиллаж байлаа.
Багш Л.Давааням нь 1996 онд АУИС-д “Шүдний гаралтай эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдолын шалтгаан, эмчилгээний асуудалд” сэдвээр АУ-ны магистрын зэрэг, 2004 онд ЭМШУИС-д “Эрүү нүүр орчмын нэвчээс, түүний шалтгаан, хүндрэл, хам эмчилгээний асуудалд” сэдвээр АУ-ны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.
1998 онд Монгол улсын Эрүү нүүрний мэс заслын эмчийн “Тэргүүлэх” зэрэг, 2012 онд “Зөвлөх” зэрэг, 2007 онд ЭМШУИС-ийн Клиникийн профессор, 2011 онд ЭМШУИС-ийн Дэд профессор, 2016 онд АШУҮИС-ийн Профессор цолыг тус тус  хүртжээ.
 
Л.Давааням нь нэг сэдэвт зохиол 2, гарын авлага 6, эрдэм шинжилгээ судалгааны  24 илтгэл, эрдэм шинжилгээний 17 өгүүлэл туурьваж, Эрдэм шинжилгээний төсөлт ажил удирдаж, Ашигтай загварын гэрчилгээ 5 -ийг авсан байна.
Эмч, оюутануудад зориулж Нүүр амны мэс заслын сурах I,II –ийг багш нарын хамт бичиж туурвисаны зэрэгцээ Нүүр ам судлалын нэр томьёоны толь, “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц оношлогоо,эмчилгээ” аргачилсан зөвлөмж, Уруулын төрөлхийн сэтэрхийн мэс заслын атлас, Нүүр ам судлалын их эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл, Нүүр амны эмгэгүүдийн үед хийгдэх физик эмчилгээний гарын авлага, Шүдний үүдэн эмнэлэгт хэрэглэгдэх хэсгийн мэдээ алдуулалт” товхимолыг хянан тохиолдуулсанбайна. Мөн Эрүү нүүр орчмын нэвчээс, түүний хүндрэл, Хүндрэлтэй шүд авах арга барил зэрэг товхимолуудын гар бичмэлүүдийг бичиж дуусгасан байна. Монгол улсад шүдний их эмч, нүүр амны мэс заслын эмч бэлтгэх төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулсан.
 
АУ-ны магистрын судалгааны 6 ажил, АУ-ны докторын 1 ажлыг амжилттай удирдаж хамгаалуулсаны зэрэгцээ магистрын ажлын шүүмж 5, докторын ажлын шүүмж 1-ийг бичжээ. Төгсөлтийн дараах сургалтад НАМЗ-ын  чиглэлийн шавилан сургалт, резиденсын сургалтаар 200 гаруй  Эрүү нүүрний мэс засалч эмч нарыг бэлтгэн гаргахад хүч хөдөлмөрөө зориулжээ.
 
Л.Давааням нь 2006 оноос НАСС-ийн Эрдэмтэдийн Зөвлөлийн гишүүн, орлогч дарга, гишүүнээр, 2007оноос Эрүүл мэндийн яамны нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, 1998 оноос Монголын Нүүр Амны Мэс Засалчдын Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байлаа.   2010 онд Олон улсын ICD (International College of Dentistry) байгууллагад гишүүнээр элсжээ.
Эмнэлэг үйлчилгээнд нийт 12 000 гаруй хүүхэд болон насанд хүрэгсдэд нүүр амны Мэс заслын эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлжээ.
 
Профессор Л.Даваанямын хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж, 2001 онд Эрүүлийг хамгаалахынтэргүүний ажилтан цол тэмдэг, 2010 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Жуух бичиг, 2011 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2015 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагджээ.
 
Профессор Л.Давааням нь шавь нар, үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл арвинтай, сурган хүмүүжүүлэгч,  эмч,  эрдэмтэн байлаа.
Профессор Л.Даваанямын шударга, ажилч хичээнгүй, хөдөлмөрч, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүнлэгсэтгэл, энгийн элэгсэг, зөөлөн зан чанар, нөхөрсөгинээмсэглэсэн гэгээн дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.                    
 
Ум сайн амгалан болтугай
 
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Нүүр Ам Судлалын Сургууль
ЭМЯ Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөл
МШМХ                    

Tag:мэдээ
Бусад






avatar