Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо
2019.01.04 0.0 0
Энэ 1-р сарын 3-ы өдөр (Өчигдөр) Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр амны салбар зөвлөлийн гишүүд, МШМХ бусад төрийн бус байгууллага ба хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч нарын төлөөллийг Эрүүл Мэндийн Яаман дээр хүлээн авч Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 
 
Уг уулзалтад төрийн захиргааны байгууллага ЭМЯ-ыг төлөөлж сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга н.Баттүвшин, мэргэжилтэн н.Энхмаа, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэргэжилтэн н.Есүй, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийг төлөөлж захирал АУ доктор, проф Л.Хэнтий, дэд захирал Б.Өнөрбилэг, Ц.Байгалаа, АШУҮИС-ийн захирал АУ доктор, проф Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал АУ доктор Д.Зориг, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Учрал, яамны мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Энхтайван нар, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг төлөөлж Энэрэл дент шүдний эмнэлгийн захирал М.Ичинхорлоо, Их Зайсан Эмнэлгийн захирал н.Лхагва, Бүрэн дент шүдний эмнэлгийн захирал н.Бат-Өлзий, Эмпайр Шүдний эмнэлгийн захирал Б.Энхбаатар, Индранил эмнэлгийн захирал бөгөөд Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэлийн Холбооны тэргүүн н.Адьяа-Төмөр нарын зэрэг хүмүүс байлцлаа. 
 
Улсын болон хувийн хэвшийн эмнэлгүүдийн төлөөлөлд ЭМЯ-ы зүгээс Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн танилцуулга хийж хөтөлбөрийн хүрээнд авах арга хэмжээ, нэг хүүхдэд ноогдох эмчилгээний зардлын төсөл, хэрэгжүүлэх арга замын талаар боловсруулсан төлөвлөгөөний талаар тайлбар хийлээ. 
 
ЭМЯ-ы танилцуулгын дараа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл хөтөлбөрийн хүрээнд авах арга хэмжээ, эмчилгээний зардал, хэрэгжүүлэх арга замын талаар тус тусын санал бодлыг сайд Д.Сарангэрэлд танилцуулж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл бэрхшээлтэй асуудлуудад мэргэжлийн зүгээс анхаарах зүйлсийн талаар зөвлөлдөж ярилцлаа. 
 
ЭМ-н сайд Д.Сарангэрэл Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа нэгэнт эхэлсэнийг сануулаад хөтөлбөрийг улсын нийслэл болон хөдөө орон нутаг гэж ялгалгүй жигд эхлүүлэх саналтай байгаагаа хэллээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ жилд төсөвлөгдсөн 4.6 тэрбум төгрөг хэдийгээр эмчилгээ үйлчилгээнд хангалтгүй байгаа ч ЭМЯ болон бусад эх үүсвэрүүдээс нэмэлтээр санхүүжилт хийх боломж байж болох талаар цохон тэмдэглэлээ. Хөтөлбөрийн нийт үргэлжлэх хугацаа 5 жил учир жилээс жилд төсвөөс санхүүжилтийг нэмэж тусгах талаар хичээн ажиллахаа мөн амлалаа. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нийгмийн хариуцлагын зүгээс идэвхтэй оролцохыг уриалаад шүдний эмнэлгүүдийн зүгээс ЭМЯ-нд хандан тухайлан дэмжүүлэх асуудал байгаа бол түүнийгээ бэлтгэн өгч уламжлах замаар харилцан бие биеэ дэмжин хамтран ажиллахыг мэргэжлийн хамт олонд уриаллаа. 
 
Хөтөлбөрийн санхүүжилт ЭМЯ, Эрүүл Мэндийн Даатгалын сангийн хяналтан дор явагдах бөгөөд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн гүйцэтгэл дээр үндэслэн санхүүжилтийг шуурхай хийх бөгөөд даатгалын хяналтанд шаардлагатай программ хангамжийг мөдхөн бэлэн болгох талаар ажлууд эхлээд хэрэгжих шатандаа байгааг дуулгалаа. 
 
Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн талаарх цаг үеийн мэдээллийг Шүд.мн сайт салбарын мэргэжилтнүүдэд шуурхай дамжуулахаар ажиллаж байна.  Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй нийтлэх болно. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Tag:ЭМЯ, мэдээ, эрүүл шүд эрүүл хүүхэд
Бусад






avatar