Шүдний эмчилгээ ба хүүхдийн сэтгэл түгшлийн хамаарлыг харуулсан судалгааны шинэ үр дүн хэвлэгдэн гарлаа
2019.04.11 0.0 0
Хүмүүсийн шүдний эмнэлэгт очихоос зайлсхийдэг гол шалтгаан нь хүүхэд насанд шүдний эмчилгээнээс авсан таагүй сэтгэгдэл юм. Тэгвэл шүдний эмчилгээ ба сэтгэл түгшлийн чиглэлээр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн энэхүү судалгаанд 3-5 насны хүүхдүүдийн зан төлөвийн онцлог болон сэтгэл түгшлийн хамаарлыг судлаж энэ нь шүдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна. Судалгааг 3 удаагийн ирэлтээр хүүхдийн сэтгэлзүйн эмчилгээний үр нөлөөг хянах байдлаар хэлэх-харуулах-хийлгэх, үлгэрлэн үзүүлэх аргачлалуудыг ашиглан гүйцэтгэсэн байна. 
 
Энэхүү судалгааг Энэтхэгийн Manipal College of Dental Sciences-н Хүүхдийн нүүр амны өвчин, урьдчилан сэргийлэлтийн тэнхмийн проф Baranya Shrikrishna Suprabha удирдаж 3-5 насны 100 хүүхдийг хамруулжээ. 
Багийн ахлагч Shrikrishna Suprabha “Бид судалгааны өгүүллүүдээс шүүж үзэхэд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шүдний анх удаагийн үзлэгийн үед хийгдэх сэтгэлзүйн эмчилгээний үр нөлөө тодорхой бус байсан. Өмнөх судалгаанууд илүү том хүүхдүүдийг хамруулсан байсан бөгөөд шүдний эмнэлэгт анх удаа үзүүлж байгаа нөхцөл байдлыг тусгаж өгөөгүй дутагдалтай байлаа. Хүүхдийн зан төлөвийн онцлог ба шүдний эмнэлгээс айх айдас нь өөр хоорондоо хамааралтай бөгөөд эмчилгээний нөхцөл байдалд маш чухал нөлөө үзүүлдэг. Иймд бид энэ асуудлыг судалгаандаа хамруулсан “ гэж Dental Tribune International сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 
 
Шүдний анх удаагийн үзлэгийн явцад хүүхдийн зан төлөвийн онцлогийг Франклийн зан төлөвийн үнэлгээний шалгуур (Frankl’s behaviour rating scale)-аар шалгасан бөгөөд сэтгэлзүйн төлөв байдлыг Сэтгэл хөдлөл, Идэвхи, Shyness-н зан чанарын шалгуурыг баримтлан тодорхойлсон байна. Нүүрний төлөв байдлыг фото зурагт буулган хүүхдийн сэтгэл түгшлийг баримтжуулж сэтгэл хөдлөл нь баталгаатай үнэн зөв болохыг тусгаж өгчээ. Хүүхдийн сэгэл хөдлөл үнэн зөв байгаа эсэхийг бид дахин дахин шалгаагүй ба энэ асуудал дээр хүүхдүүд хэзээ ч бусдыг хуурах асуудал байхгүй гэж Shrikrishna Suprabha хэллээ. 
 
Судалгааны үр дүнгээс харахад хэлэх-харуулах-хийлгэх, үлгэрлэн үзүүлэх аргачлал нь эмчилгээний явцад хүүхдийн сэтгэлзүйг удирдахад маш чухал нөлөөтэй болох нь тогтоогдсон байна. Энэ аргачлалын үр нөлөөгөөр дараа дараагийн ирэлтээр хүүхдийн эмчилгээнд хандах байдал илүү сайжирч байгааг ч судалгаа харуулж байна. Судлаачид эмчилгээ эхлэхийн өмнө хүүхдийн зан төлөвийн онцлогийг маш сайн нягталж шинжлэх нь шаардлагатай эмчилгээг таатай байдлаар гүйцэтгэхэд маш чухал гэдгийг онцлон анхааруулсан байна. 
 
Энэхүү судалгаа нь “Association of temperament with dental anxiety and behaviour of the preschool child during the initial dental visit” гарчигтайгаар  European Journal of Oral Sciences сэтгүүлийн 2019 оны 2-р сарын 6 дугаарт нийтлэгдсэн байна. 

Tag:хүүхдийн шүд, судалгааны тойм
Бусад






avatar