Шүд цоорох өвчин гэж юу вэ?
2017.02.22 5.0 0

Шүд цоорох өвчин гэдэг нь нянгийн гаралтай хүчлийн улмаас шүдний хатуу эдийн бүтэц алдагдан, зөөлөрч, хөндий үүсгэн цоорох эмгэгийг хэлнэ. Шүд цоорох өвчний шинж тэмдэг нь шүдэн дээр толбо үүсэх үе шатаар эхлэх ба цагаанаас бараан хар хүртэл төрөл бүрийн өнгөтэй толбо үүсдэг.

 

Эмнэлзүйн шинж тэмдэг

Шүд цоорох өвчний эмнэлзүйн эрт үеийн шинж тэмдэг нь шүдний паалан дээр шохой шиг цагаан өнгийн толбо үүсэх явдал бөгөөд энэ нь тэр хэсэгт шүд эрдсээ алдаж буйг илэрхийлнэ. Эрдсийн алдагдлыг энэ үед зогсоохгүй бол толбоны өнгө аажимдаа бараан болон хувирсаар эцэс сүүлдээ шүдний гадаргууд цоорол үүснэ. Шүдний цоорол үүсэхээс өмнөх үе шатанд дахин эрдэсжүүлэх замаар шүдний бүтцийг нөхөн сэргээх боломжтой бол шүдний гадаргууд нэгэнт цооролын хөндий үүссэн бол шүд өөрийгөө нөхөн сэргээх чадвараа алдана. Шүд цоорох өвчин шүдний хамгийн гадуур бүрхсэн паалангийн давхаргаас эхлэх ба аажимаар тэлж түүний доод давхар тугалмайн эдэд нэвтэрсэнээр явц нь түргэсч улмаар шүдний хөндийд байрлах зөөлөн эд, мэдрэлийг цочроож өвдөлт үүсгэнэ. Энэ үед халуун ба хүйтэн хоол хүнс, чихэрлэг зүйлсээс шүд цочирч өвдөх шинж тэмдэг илрэнэ. Харин шүдний цоорол даамжирч шүдний хөдийд байрлах зөөлөн эд, мэдрэлийн багцруу дамжсанаар шүдний өвдөлт илүү удаан хугацаанд үргэлжилсэн, байнгын байдалтай болно. Эцэс сүүлд нь шүдний дотор байрлах зөөлөн эд үхжих ба халуун хүйтэн зүйлээс цочирч өвдөх нь багасч илүү лугшсан хүчтэй өвдөлт өгнө. Энэ үед амнаас өмхий үнэр үнэртэж, муухай амт амтагдна.

 

Шалтгаан

Шүд цоорох өвчин нь дараах дөрвөн хүчин зүйлсийн харилцан үйлчлэл дор үүснэ.

  1. Шүдний хатуу эд
  2. Шүд цоорох өвчин үүсгэгч нян
  3. Чихэр
  4. Цаг хугацаа

Шүд цоорох өвчин үүсэх процесс нь шүдний гадаргууд хоол хүнсний зүйлс наалдахаас эхлэж энэ нь нян бактериуд хуримтлагдах шалтгаан болно. Эдгээр нянгууд нь шүдний гадаргууд их хэмжээгээр хуримтлагдан шүдний өнгөр үүсгэнэ. Өнгөрт байрлах зарим төрлийн нянгууд нь сахар, фруктоз, глюкоз зэрэг нүүрс усыг задлан хүчил үүсгэнэ. Нянгийн ялгаруулсан эдгээр хүчлүүд нь шүдний паалангийн гадаргууг түлж гэмтээснээр бүтцийг нь алдагдуулна. Бүтэц нь алдагдсан паалан нь хоол хүнс наалдах, нян үржих илүү таатай орчин болж өгөх бөгөөд хэрэв тэр хэсгийг хангалттай цэвэрлэхгүй бол эрдсээ алдан улмаар хөндий үүсгэн цоордог.

 

Шүд цорох өвчинд мөн шалтгаалах хөндлөнгийн хүчин зүйлсийн нөлөөлөл байна. Эдгээрт шүлсний хэмжээ, найрлага өөрчлөгдөхөд хүргэдэг өвчнүүд Шёгрений синдром, чихрийн шижин зэрэг хамаарна. Мөн тамхи татах нь шүд цооролд өртөх томоохон шалтгаан болж өгнө.

 

Ангилал

Шүд цоорох өвчнийг эмнэлзүйн практикт байршил, шалтгаан, хүндрэлийн зэрэг, ямар хатуу эдийг хамарсан зэргээр нь ангилдаг.

Шүд цоорох өвчнийг байршилаар нь ангилсан G.V. Black-ын ангилал дараах байдалтай байна.

Class I – араа бүлгийн шүднүүдийн хорших гадаргуугийн цоорол

Class II – араа шүднүүдийн түшилцэх гадаргуугийн цоорол

Class III – үүдэн шүднүүдийн тасдах ирмэгийг хамраагүй түшилцэх гадаргуугийн цоорол

Class IV – үүдэн шүднүүдийн тасдах ирмэгийг хамарсан түшилцэх гадаргуугийн цоорол

Class V – шүдний хүзүүвчийн хэсэгт үүссэн цоорол

 

Тархалт

Өнөөгийн байдлаар дэлхийн нийт хүн амын 36% (2.43 тэрбум) нь байнгын шүдний цооролд өртөөд байгаа мэдээлэл байна. Сүүн шүдний цооролд нийт 620 сая хүүхэд өртөөд байгаа нь хүн амын 9%-д хүрээд байна.


Tag:world oral health day, шүд цоорох өвчин
Бусад
avatar