Хүүхдийн шүдийг эмчлэхэд унтуулга мэдээ алдуулалт (sedation) хэрэглэх нь аюултай юу?
2017.03.09 3.0 0

Хэрэв хүүхэд нь шүдний эмчилгээ хийлгэх үедээ унтуулга мэдээ алдуулалт (sedation) авч байгаа тохиолдолд мэдээ алдуулалтын аюулгүй байдал гэдэг гэр бүлийн хэн бүхний санааг зовоодог асуудал юм. Шүдний эмч нар унтуулга мэдээ алдуулалтыг ихэнхдээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн зэрэг хэт өндөр бага насны хүүхдүүдэд удаан хугацаатай, иж бүрдэл эмчилгээ хийхдээ ашигладаг. Унтуулга мэдээ алдуулалтаас ихэнх хүмүүс ихэд болгоомжилдог ч мэргэжлийн үүднээс шүдний салбарын унтуулга мэдээ алдуулалт нь хүүүхдийн биед ямар ч хор хөнөөлгүй, стандарт ажилбарт тооцогддог. Унтуулга мэдээ алдуулалт (Sedation) нь ерөнхий мэдээ алдуулалт буюу хүмүүсийн наркоз гэж нэрлэдэг мэдээ алдуулалтаас өөр бөгөөд хүүхдийн сэтгэл санааг тайвшруулж, гүн бус зүүрмэглэх төдий өнгөц байдалтай унтуулдаг.

 

Унтуулга мэдээ алдуулалтын төрөлүүд

Шүдний салбарт амаар буюу амьсгалын замаар мэдээ алдуулах ба сувсанд тарих замаар унтуулах аргачлалуудыг илүү өргөн хүрээнд ашигладаг. Children's Hospital of Pittsburgh of UPMC-ын мэдээллээс харвал амаар болон хамраар унтуулах аргачлал нь илүү хурдан хугацаанд үйлчлэх бөгөөд унтуулга өгсөнөөс 5 мин хүрэхгүй хугацаанд үйлчилдэг. Амаар өгөх унтуулга мэдээ алдуулалт нь өвчтөнийг бүрэн унтуулахгүй боловч сэтгэл санааг нь тайвшруулах, айдсыг арилгах үйлчилгээтэй. Унтуулгын хошуувчаар азотын дутуу исэл ба хүчилтөрөгч бүхий холимог хий өгөх бөгөөд шүдний эмчилгээ дууссаны дараа цэвэр хүчилтөрөгчийг дангаар нь хошуувчаар шахаж тайвшруулах үйлчилгээтэй азотын дутуу ислийг хөөн гаргаж өвчтөнг сэрээн хэвийн байдалд оруулна.

Судсаар хийх унтуулга мэдээ алдуулалтыг хүүхдийн венийн судсанд мэдээ алдуулагч бодис тарьж мэдээ алдуулна.

 

Унтуулга мэдээ алдуулалт хийхийн өмнө

Америкийн Хүүхдийн Шүдний эмч нарын Академийн зөвлөмжийн дагуу унтуулга мэдээ алдуулалт хийхийн өмнө гэр бүлийн хүмүүс, асран хамгаалагч нар нь мэдээ алдуулалтын үед юу болдог талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг өгсөн байх нь чухал. Унтуулга мэдээ алдуулалтын удирдамжийн дагуу унтуулганд орох хүүхэд мэдээ алдуулалтын өмнө юм идэх, уухыг хатуу хориглоно. Учир нь үүний улмаас мэдээ алдуулалтын үед дотор нь муухайрч бөөлжиж, бөөлжисний зүйлс өвчтөний амьсгалаар уушигруу орж хүндрэл үүсгэж болзошгүй. Хүүхдэд биеэ бариагүй сул чөлөөтэй хувцас өмсгөх нь амьсгалын замыг чөлөөтэй байхад нөлөөлөх төдийгүй шүдний сувилагчид мэдээ алдуулалтын хяналтын мониторыг эвтэйхэн байршуулахад тустай. Хүүхдийн эцэг эх ба асран хамгаалагч хүн нь эмчид хүүхдийн эрүүл мэндийн болон өвчний түүхийн мэдээллийг, ууж хэрэглэж байгаа эм байгаа бол тухайн мэдээллийг дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй.

 

Мэдээ алдуулалтын үед

Мэдээ улдуулалт хийхийн өмнө гэр бүлийн хүмүүс болон эцэг эхчүүд хүүхдээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийг нь арилгах талаар өөрийн гэсэн арга хэмжээг авч, тайтгаруулахыг хичээх хэрэгтэй. Мэдээ алдуулалтын үед өвчтөний аюулгүй байдал хамгийн чухал зүйл тул мэдээ алдуулалтын явцад цусны хүчилтөрөгчийн түвшин, цусны даралт, биеийн температур, зүрхний цохилт зэргийг тусгай зориулалтын дэлгэцэн дээр байнга хянана.

 

Мэдээ алдуулалтын дараа

Мэдээ алдуулалтын дараа хүүхэд хэрхэн сэргэх вэ? гэдэг нь эцэг эхчүүдийн байнга асуудаг асуултуудын нэг юм.  Children's Hospital of Pittsburgh мэдэгдэж байгаагаар бол хүүхэд нойрноос сэргэсний дараа хэсэг хугацаанд уймарч, будилж болзошгүй. Мөн дотор нь муухайрч болно. Хүүхдийг эмнэлгээс гэрлүү авч явахдаа болж өгвөл хоёр хүн байх нь зүйтэй. Нэг нь түүнийг хөтлөн явах зуур нөгөөх нь хүүхдийн амьсгалыг хянаж байх хэрэгтэй. Хүүхэд унтуулга мэдээ алдуулалтын дараа орчны баримжаагаа алдах, толгой эргэх, нойрмоглох шинж тэмдэг илэрч болох тул хүүхдийг эмчилгээ хийлгэсэн тэр өдөрт нь сургууль уруу нь шууд явуулчихаж болохгүй.

Унтуулга мэдээ алдуулалт гарсаны дараа 2-3 цаг болоод хүүхдэд эхлээд зөөлөн чанартай идэх юм өгөх хэрэгтэй. Хүүхэд бөөлжих, биеийн аль нэг хэсгээр хүчтэй өвдөх, цус алдах, халуурах шинж тэмдэг илрэх юм бол цаг алдалгүй яаралтай шүдний эмчтэй эргэн холбогдох хэрэгтэй. Мэдээ алдуулалт гарсанаас нэг, хоёр өдрийн дараа эмчилгээний шарх бүрэн эдгэрч хүүхэд хэвийн байдалдаа эргэн ормогц амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг ердийн байдлаар сахиж фторт оогоор өдөрт хоёроос дээш удаа шүдийг угаалгана.

 

Эцэст нь дүгнэж хэлэхэд хүүхдийн шүдний салбарт унтуулга эмчилгээ нь ердийн стандарт эмчилгээний төрөлд багтдаг бөгөөд айж сандраад, болгоомжлоод байх аюултай зүйл байхгүй. Гол нь унтуулга хийхийн өмнөх болон унтуулгын дараах хэсэг хугацааны хүүхдэд тавих анхаарал хяналтыг нь зааварчилгааны дагуу зүй зохистой мөрдөх нь зүйтэй. Хүүхдийнхээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийг дарж, тайван амгалан иж бүрэн эмчилгээ үйлчилгээ авах нь хүүхдийн биеийн ерөнхий эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд нэн чухал зүйл гэдгийг байнга санаж байх нь чухал юм шүү. 

 

Эх сурвалж: Colgate Oral Care Center

 

 


Tag:унтуулга мэдээ алдуулалт, мэдээ алдуулалт, хүүхдийн шүд, sedation
Бусад
avatar