Шүдэнд өнгөр тогтохоос сэргийлэх энгийн арга замууд
2017.03.14 0.0 0

Амны хөндий бол маш олон төрлийн нян микробуудын амьдрах таатай орчин юм. Та амны хөндийн эрүүл ахуйн зарчмыг дээд зэргээр сахиж сайн арчиж цэвэрлэж байсан ч тэнд маш олон нян микробууд байж л байдаг. Эдгээр нян микробууд нь боломж л гарвал шүдний гадаргууд болон ховил хонхорт бөөгнөрөн хуримтлагдаж улмаар шүдний өнгөрийг үүсгэдэг. Буйлны ховил хонхор зэрэг угаах цэвэрлэхэд хэцүү газар шүдний өнгөр удаан хугацаанд хуримтлагдвал хоол хүнсний хамт ирэх эрдэс давсуудыг өөртөө хуримтлуулан хатуурч шүдний чулуу болдог. Шүдний өнгөрийг шүдний гадаргуугаас цэвэрлэлгүй удаавал өнгөрт агуулагдах нян бактерийн ялгаруулах хүчиллэг бүтээгдэхүүнүүд шүдний пааланг түлж гэмтээн шүдний цоорол үүсэх шалтгаан болно. Шүдний өнгөрийг шүдний гадаргуугаас цаг тухайд нь цэвэрлэж чадлаа гэж үзэхэд энэ нь мөн буйлны ховилд хуримтлагдвал буйлыг гэмтээх үрэвсүүлэх шалтгаан болно. Буйлны үрэвсэлийг цаг тухайд нь эмчлэхгүй бол өвчин хүндэрч шүдийг эрүүний ясанд бэхлэж байдаг шүдний тулгуур бүтцүүдийг хамарсан тулгуур эдийн өвчин үүснэ. Иймд шүдний өнгөр гэдэг бол шүдний өвчин үүсэх хамгийн гол шалтгаан юм.

Гэвч шүдэнд өнгөр үүсгэхгүй байх шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг нь хэн бүхэн хийх боломжтой тийм ч хэцүү зүйл биш бөгөөд хамгийн энгийн 4 арга замын талаар дурдъя.

 

Өдөр бүр шүдээ угааж шүдний завсараа цэвэрлэж сурах

Өдөр тутам шүдээ хамгийн багадаа хоёр удаа угааж ядаж ганц удаа шүдний завсараа завсарын утсаар цэвэрлэж сурах нь шүдний өнгөр үүсэхийн эсрэг урьдчилан сэргийлэх маш чухал зүйл юм. Шүд угаахдаа өөрийнхөө амны хэмжээнд тохирсон хэмжээтэй толгой бүхий шүдний сойз ашиглах хэрэгтэй. Сойзны үс уян налархай зөөлөн байвал шүд хоорондын орон зайд нэвтэрч цэвэрлэх нь илүү байдаг. Шүдээ угаасны дараа зориулалтын шүд завсарын утсаар шүд хоорондын завсараа нэг удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Энэ нь шүдний сойз нэвтэрч цэвэрлэх боломжгүй шүд хоорондын завсар тогтсон өнгөр болон хоол хүнсний үлдэгдэл зүйлсийг цэвэрлэх боломж олгоно.

 

Болж өгвөл шүдний өнгөрийн эсрэг фтортой шүдний оо хэрэглэх

Фтор нь зөвхөн шүдний пааланг гэмтэхээс хамгаалах биш мөн шүдний өнгөр үүсэх, өнгөр хатуурч шүдний чулуу болохоос сэргийлэх чухал ач холбогдолтой бодис юм. Мөн найрлагандаа триклозан зэрэг нянгийн эсрэг бодис агуулсан шүдний оог хэрэглэх нь илүү үр дүнтэй.

 

Идэж буй хоол хүнсэндээ анхаарах

Зарим төрлийн хоол хүнс нэн ялангуяа найрлагандаа цардуул ба сахар агуулсан хүнс нь амны хөндийд нян бактери үржихэд дэмжлэг үзүүлдэг. Хэрэв цардуулаар баялаг гурилан бүтээгдхүүн болон амттан хэрэглэсэн бол дараа нь шүдээ угааж хэвших, хэрэв шүдээ угаах боломжгүй бол цэвэр усаар зайлж сурах нь шүдний гадаргуу дээр өнгөр тогтохоос сэргийлэх боломж олгоно. Ялангуяа хүүхдийн шүд ургаж, шүд солигдож буй үед эцэг эхчүүд идэж, ууж буй зүйлд нь анхаарлаа хандуулж шүдэнд халгаатай хоол хүнсний хэрэглээний давтамжийг хянаж шүдээ угааж цэвэрлэхийг байнга шаардаж, сануулж байх, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгаж өгөх нь зүйтэй.

 

Шүдний сойзоо зөв сонгох

Шүдний сойзоо өөртөө тааруулж зөв сонгох нь маш чухал зүйл юм. Зөөлөн үстэй, жижиг толгойтой шүдний сайз нь шүдний гадаргууг сайтар цэвэрлэхэд хамгийн үр дүнтэй сонголт байх болно. Мөн механик аргаар цэвэрлэх энгийн сойзны зэрэгцээ өөрөө эргэлдэн шүдийг цэвэрлэдэг цахилгаан сойз ашиглах нь илүү үр дүнтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд цахилгаан сойз нь энгийн сойзоос илүү сонирхолтой байдаг тул шүдээ тогтмол цагт угааж сурах зөв дадал хэвшил суулгахад чухал нөлөөтэй.

 

  


Tag:шүдний өнгөр, шүд цоорох өвчин, world oral health day
Бусад
avatar