Хэрэв хүүхдийн шүд гэмтлийн улмаас булгарч унасан бол ямар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
2017.03.15 0.0 0

Хүүхэд нас бол элдэв осол гэмтэлд өртөхдөө амархан дэгэж дэрвэж байдаг үе. Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо (American Dental Association)-ны мэдээллээс харвал бага сургуулийн насны эрэгтэй гурван хүүхэд тутмын нэг нь, эмэгтэй 4 хүүхэд тутмын нэг нь ахуйн гаралтай осол гэмтэлд өртөж шүдээ гэмтээдэг байна. Балчир насны хүүхдэд шүдний нүдэнд харагдах цөгцөн хэсэг нь буйланд суусан сурвалж хэсгээсээ илүү урт байдаг. Иймд хүүхдийн сүүн шүд нь гэмтэлд өртвөл илүү амархан оромноосоо мултарч сугарч гарч ирдэг. Хэрэв хүүхэд тань амаараа дүүрэн цус болчихсон сүүн шүдээ оромноос нь булгалчихаад ороод ирвэл та үүнд бүү самгардаарай. Хэрэв самгардаад анхаарал болгоомжгүй ямар нэг үйлдэл өөрийн дураар хийвэл хүүхдийн шүдийг бүр илүү гэмтээх ноцтой байдалд хүргэж болзошгүй. Иймд аль болох тайван байж дараах зааварын дагуу гүйцэтгээрэй.


  1. Юуны урьдаар цэвэр хөвөн болон марлиар шүдний ормыг чимхэн дарж цусыг тогтоогоорой
  2. Булгарч унасан шүдний зөвхөн цөгцөн хэсгээс барьж цэвэр сальфеткан дээр байршуул (Шүдийг буцааж ормонд суулгах шаардлага гарч болзошгүй тул)
  3. Дараа нь ямар нэгэн тагтай сав (пенициллины шил ч юмуу) олж түүндээ аптекид зардаг тарианы уусмал (0.9% натри) боломжгүй бол ариутгасан сүү дүүргээд булгарч унасан шүдээ түүнд хийж таглаж битүүмжил
  4. Шүдийг буцааж ормонд нь суулгах гэж өөрөө оролдож ОГТ БОЛОХГҮЙ
  5. Шүдийг угааж цэвэрлэх гэж яарч ОГТ ХЭРЭГГҮЙ тэр чигт нь саванд хий
  6. Үүний дараа аль болох түргэн хамгийн ойр байх шүдний эмнэлэгт хандагтун (Шүд булгарч унасны дараах хугацаанаас хамаарч эмчилгээний төрөл өөрчлөгднө)
  7. Энэ үед хүүхдэд хэт их зовиуртай байгаа бол өвчин намдаах эм уулгаж болно

Сүүн шүдийг солигдчих юм чинь гэсэн хайнга байдлаар хандаж болохгүй. Сүүн шүдний гэмтлийн гол асуудал нь түүний доор шүдлэж байгаа байнгын шүдний эх үүсвэрт нөлөөлсөн эсэх асуудал юм. Үүнийг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж тодорхойлж чадна. Судалгаанаас харахад 5 наснаас дээш настай хүүхдэд тохиолдсон сүүн шүдний гэмтлийн 18% нь байнгын шүдний хөгжилд нөлөөлөх боломжтой бол 2 наснаас өмнө тохиолдсон гэмтлийн 95% нь байнгын шүдний эх үүсвэрийг гэмтээж хөгжлийг алдагдуулах аюултай байдаг. Иймд булгарсан шүдний эмчилгээ нь тухайн хүүхдийн нас ба шүдлэлтийн төлөв байдлаас хамаарч янз бүр байна. Хүүхдийн шүдийг буцаан суулгах эсэх нь тухайн шүдний байршил болон хүүхдийн наснаас хамаарна. Хэрэв хүүхэд 3 наснаас бага үүдэн шүд нь булгарч унасан бол байнгын шүд шүдлэхэд нэлээд хугацаа байгаа тул байнгын шүдний шүдлэх зайг хадгалах үүднээс шүдийг буцаан ормонд нь суулгана. Гэхдээ булгарсан шүд болгоныг буцаан суулгах боломжгүй бөгөөд тухайн хүүхдэд учирсан эмнэлзүйн төлөв байдал болон шүдлэлтийн олон хүчин зүйлсийг эмч тооцож үзэж байж шүдийг буцаан суулгах эсэх шийдвэрийг гаргана. Сүүн шүдийг ийнхүү буцаан суулгах үед мэс ажилбарын дараа халлдар орвол байнгын шүдний эх үүсвэрийг гэмтээх эрсдэлтэй байдаг тул эмч бүх нөхцөл байдлыг зөв үнэлж шийдвэр гаргах нь зүйтэй.

Хүүхдийн шүд гэмтэлд өртсөний дараа булгарсан шүдийг олохгүй байгаа бол эмнэлэгт хандах яаралтай шалтгаан нь хүүхэд булгарсан шүдээ залгих юмуу амьсгалын замд оруулах асуудал юм. Энэ төрлийн хүндрэл тийм ч ховор бус тохиолддог тул яаралтай эмнэлэгт хандан рентген зураг авхуулж шалгуулах хэрэгтэй.  

 

 

 


Tag:шүдний гэмтэл, хүүхдийн шүд, шүд булгарах
Бусад
avatar