FDI тандалт судалгааны хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн зарим нэг буруу ойлголт, дадал хэвшил байгааг илрүүлж зөвлөмж гаргалаа
2017.03.21 0.0 0

GENEVA, Switzerland: Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI World Dental Federation) олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой буруу ойлголтуудыг тодруулах зорилгоор нийт 12 улсын 12849 хүнийг хамруулсан онлайн тандалт судалгаа явуулсан бөгөөд онлайн судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөө ба хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийн талаарх ойлголтын хооронд томоохон зөрөө байгааг олж илрүүлсэн байна.

Найман улсад явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсадын бараг талаас илүү хувь нь хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах нь амны хөндийн эрүүл мэндэд тустай гэж ойлгож байлаа. Ялангуяа ийм буруу ойлголт Бразил (84%), Мексик (81%), Египт (62%), Польш (60%) улсуудад өндөр байжээ. Энэ асуудалтай холбоотойгоор FDI хоол идсэний дараа хамгийн багадаа л 30 минут хүлээж байж шүдээ угаах нь пааланг сойзоор гэмтээхгүй байхад тустай гэж зөвлөж байна.

“Энэхүү судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдлэг мэдээлэл ба бодит байдалд арчилгаа хийх хооронд маш том ялгаа байгааг олж илрүүллээ” гэж FDI-ын Ерөнхийлөгч Dr Patrick Hescot хэлж байна. “Бид Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдрөөр хүн бүр амны хөндийн эрүүл мэндийн байдалдаа анхаарлаа хандуулж амны хөндийн арчилгааны зөв дадал хэвшилтэй болох, эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, шүдний эмчид байнга очиж хяналтанд байх зэрэг нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад чухал зүйл юмаа гэдгийг ойлгож аваасай гэж хүсэж байна. Эрүүл шүд ба амны хөндий нь бидэнд ярих, инээмсэглэх, үнэрлэх, амтлах, мэдрэх, зажлах, залгих зэрэг үйлдлүүдийг өвчин эмзэглэлгүйгээр гүйцэтгэх боломж олгодог. Амны хөндийн эрүүл мэнд сайн байна гэдэг нь тухайн хүний амьдралын чанарын үзүүлэлт өндөр байгааг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм” гэж хэллээ.

Ихэнх улс орнуудын судалгаанд хамрагдагсад шүдээ угаасны дараа амаа усаар зайлах нь чухал гэсэн буруу ойлголттой байлаа. Энэ буруу ойлголт нь мөн Бразил (77%), Өмнөд Африк (75%), Мексик (73%), Энэтхэг (67%), Канад (67%) улсуудад өндөр байна. Тэгвэл FDI энэ асуудал дээр шүдээ угаасны дараа амны хөндий дэх фторыг зайлуулахгүйн тулд амаа усаар зайлах хэрэггүй гэж зөвлөж байна. Фтор нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой бодис юм.

Энэтхэг (52%), Өмнөд Африк (49%), Бразил (48%), Польш (42%) улсуудын судалгаанд хамрагдагсадын бараг тал хувь нь жимсний шүүс уух нь газтай ундаанаас дээр гэсэн ойлголттой байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ жимсний шүүс нь ч их хэмжээний сахар агуулдаг тул шүд цоорох өвчний шалтгаан болдог. Иймд энэ асуудал дээр FDI сахар агуулсан ундааны хэрэглээн дээрээ хяналт тавьж аль болох бага хэрэглэж эрүүл, орц найрлагыг нь тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр аргар хэмжээний зохион байгуулах хорооны дарга  Dr Edoardo Cavalle “Амны хөндийн эрүүл мэндийн талаар аль болох эрт ойлголт, дадал хэвшилтэй болох нь амны хөндийгөөс шалтгаалах өвчин эмгэгийг мэдрэхгүйгээр урт удаан наслах боломж олгоно” гэж үзэж байна.

Онлайн судалгаагаар олж илрүүлсэн бусад чухал зүйлүүдэд:

Судалгаанд хамрагдагсадын 77 хувь нь жилд хамгийн багадаа нэг удаа шүдний эмч дээр очих нь амны хөндийн эрүүл мэндэд тустай гэдэгтэй санал нийлж байсан ч ердөө 52 хувь нь л шүдний эмч дээр очдог байна.

Судалгаанд хамрагдагсадын 28 хувь нь спирт агуулсан ундаа хэрэглэх нь амны хөндийн эрүүл мэндэд тустай гэж үзэж байсан байна.

 

Энэхүү судалгааг YouGov судалгааны байгууллага FDI-ийн захиалгаар гүйцэтгэсэн бөгөөд судалгааны санал асуулга 2017 оны 1-р сарын 20-31 хооронд явагдсан байна.

 

 

 

 

 

 

 

 


Tag:FDI, амны эрүүл ахуй, шүдний эрүүл мэн
Бусад
avatar