Шүдний эмнэлэг, эмчээс айх айдас (Dentophobia)–ын талаар та юу мэдэж байх нь зүйтэй вэ?
2017.03.27 0.0 0

Dentophobia буюу шүдний эмнэлэг, эмчээс айх айдас гэдэг нь аль ч насны хүмүүсийн дунд элбэг байдаг айдсын нэгэн төрөл юм. Энэ айдас нь нэг талаар iatrophobia буюу эмчээс айх айдас, trypanophobia буюу тариурын зүүнээс айх айдастай хамааралтай. Шүдний эмчээс айх айдсын зэрэг хүн бүрт харилцан адилгүй байх ба ямар ч хэлбэрээр тохиолдсон бай эцэс сүүлдээ амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл юм.

 

Айдсын төрлүүд

Шүдний эмчээс айх айдсыг дотор нь хэд хэдэн хамааралт зүйлүүдэд хуваан ангилж болно. Ихэнх хүмүүс эдгээр олон зүйлсийн нэг зүйлээс нь илүү ихээр айдаг бол хүнд хэлбэрийн айдастай хүн нэгэн зэрэг олон зүйлсээс айх айдастай байна.

  • Шүдний эмч: Шүдний эмчийн мэргэжил нь эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд дотор хүмүүсийн хамгийн их жихүүдэс хүргэдэг мэргэжлийн тоонд хамаардаг. Энэ нь шүдний эмчийг кино урлаг болон зарим бүтээлүүдэд жихүүдэс хүргэм сөрөг талаас дүрслэн үзүүлдэг нь багагүй тохиолддогтой холбоотой байж болзошгүй ба мөн өмнө нь хэн нэгэн шүдний эмчид очихдоо ямар нэгэн байдлаар эвгүй мэдрэмж, өвдөлт мэдэрсэн бол энэ нь хүмүүсийн доторх таагүй мэдрэмжийг илүү хурцалж өгдөг.
  • Өвдөлт: Саяхныг хүртэл шүдний эмчилгээ үйлчилгээ огт өвдөлтгүй байх гэдэг нь бараг боломжгүй зүйл байлаа. Өнөөдөр хэдийгээр шүдний эмчилгээ, үйлчилгээ өндөр түвшинд хүрээд байгаа ч зарим эмчилгээ үл мэдэг өвдөлт, зовиур дагуулдаг нь хэвээрээ л байна. Ихэнх хүмүүс шүдний болон амны хэсгийн өвдөлтөнд тэсвэр муутай байдаг бөгөөд өвдөлтөөс айх томоохон шалтгаан болдог.
  • Мэдээ алдах: Зарим хүмүүст шүдний мэдээ алдуулалтын улмаас амьсгал боогдох таагүй зүйл тохиолдож байсны улмаас мэдээ алдалтын мэдрэмжээс айдаг. Мэдээ алдуулалтын дараа амсьгалах юм залгихад хэцүү болох вий гэсэн айдас нь тэднийг шүдний эмчилгээнээс зайлсхийхэд хүргэдэг.  
  • Дуу авиа ба үнэр: Хүмүүсийн дийлэнх хэсэгт шүдний эмнэлэгтэй холбоотой таагүй мэдрэмж байдаг тул шүдний эмнэлгийн орчны үнэр болон шүдний өрмийн дуунаас айдаг.
  • Зүү: Хэрэв хэн нэгэн тариурын зүүнээс айдаг бол шүдний эмчилгээ үйлчилгээний үед мэдээ алдуулалтын тарианы зүү нь шүдний эмнэлгээс айх томоохон шалтгаан болно.

 

Шүдний эмнэлэг, эмчээс айх айдас түгшүүрээс шалтгаалсан хүндрэлүүд

Шүдний өвчин нь хүн болгонд харилцан адилгүй тохиолдно. Зарим хүмүүс шүдний эмчид очихгүй байгаад байсан ч шүдэнд нөлөөлөх нөлөөлөл нь бага эсвэл бараг байхгүй байдаг бол өөр бусад нэгэн нь шүд ба буйлны үрэвсэлд хэт мэдрэг, амархан өвчлөх хандлагатай байх нь бий. Хэрэв та хоёр дахь буюу хэт мэдрэг бүлэгт хамаардаг бол шүдний эмчээс айх айдас түгшүүр нь ноцтой үр дагавар учруулна.

Шүдний өвчин нэг л үүссэн бол цаашдаа даамжран улам мууддаг. Шүдний өвчнийг бага дээр нь эмчлүүлэх нь үнэ өртөг хямд төдийгүй өвдөлт ба таагүй зүйл учрах нь маш бага эрсдэлтэй. Хэрэв шүдний өвчнөө эмчлүүлэлгүй удаан хугацаанд зайлсхийвэл энэ нь таны бие дэх халдварын голомт болж биеийн бусад эрхтэн системийг өвчлүүлэх хүнд хэлбэрийн өвчин үүсгэж болзошгүй. Үүний зэрэгцээгээр та илүү их өвдөлт таагүй зүйлсийг өөр дээрээ мэдрэх болно.

 

Авах арга хэмжээ

Хэрэв шүдний эмнэлэг ба эмчээс айх айдас хэт хүнд хэлбэрт шилжсэн бол заавал сэтгэцийн эмчийн зөвлөгөө ба эмчилгээний дараа шүдний эмнэлэгт хандах шаардлагатай болно.

Харин айдас түгшүүрийн зэрэг хяналтанд авч болохуйц хэмжээтэй бол ийм төрлийн өвчтөнтэй харьцаж сурсан туршлагатай эмчид очих нь зүйтэй. Өнөө үед шүдний эмчилгээ үйлчилгээ 10, 20 жилийн өмнөхөөс маш өөр болсон. Шүдний эмнэлгээс айх айдас бүхий өвчтөнтэй ажилладаг туршлагатай эмч нар ч илүү олон болсон байгаа тул та бүхэн айдасаасаа шалтгаалан шүдний эмнэлгээс зайлсхийж шүдний өвчнөө хүндрүүлэх бус очиж зөвлөгөө авах, бага багаар өөрийгөө дасгах байдлаар эмчлүүлэх нь зүйтэй гэж зөвлөж байна.

Шүдний эмнэлэг, эмчээс айх айдас нь эмчилж болдог айдсын төрөл юм. Эмчлэхгүй яваа л байвал энэ нь нөхцөл байдлыг улам муутгах шалтгаан болно. Иймд сэтгэлзүйч болон сэтгэцийн эмчийн хяналтан дор шүдний эмчид хандах нь зүйтэй.

 

 

 

 

  


Tag:dentophobia, шүдний эмнэлгээс айх айдас, шүд өвдөх, шүдний өвчин
Бусад
avatar