Шүд яагаад шарладаг вэ? Шүдний өнгөний өөрчлөлтийн дотоод ба гадаад шалтгаант хүчин зүйлсийн тухай
2017.04.13 5.0 0

Шүд нь анатомын бүтцийн хувьд гадуураа хатуу эдээр хучигдсан хөндий дотор зөөлц (pulp) хэмээх зөөлөн эд агуулдаг. Зөөлцийн оршин буй хөндийн эргэн тойронд нүх сүвэрхэг бүтэц бүхий тугалмай (dentin) эд оршино. Тугалмайн эдийн гадуур шүдний цөгцөн хэсгийг хучиж хүний биеийн хамгийн хатуу эд буюу шүдний паалан (enamel) байрлана. Шүдний паалан нь хагас тунгалаг байдалтай учир паалангийн дор байрлах тугалмай эдийн өнгө паалангийн гаднаас нэвт харагдах боломжтой.

Тэгвэл шүдэнд үүсэх өнгөний өөрчлөлт нь паалангийн гадна талаар будагч бодисууд хуримтлагдсанаас эсвэл шүдний дотор байрлах эдүүдийн бүтцийн өөрчилөлтөөс шалтгаалдаг. Иймд шүд цайруулах эмчилгээ хийхийн тулд шүдний өнгө өөрчлөгдсөн шалтгааныг эхлээд сайтар тодруулах шаардлагатай.

 

Шүдний өнгөний өөрчлөлтийн гурван төрөл

Шүдний өнгөний өөрчлөлтийг эмч нар дараах байдлаар ангилдаг

  • Паалангийн гадна давхаргад хуримтлагдсан будагч бодисуудаас шалтгаалсан гадаад шалтгаант өнгөний өөрчлөлт
  • Шүдний дотоод бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалсан дотоод шалтгаант өнгөний өөрчлөлт
  • Насжилтаас шалтгаалсан дотоод ба гадаад шалтгаан хавсарсан өнгөний өөрчлөлт

 

Шүдний өнгө өөрчлөгдөх 11 шалтгаан

1.Будагч бодисуудаас шалтгаалсан өнгөний өөрчлөлт. Ундаа болон хоол хүнсэнд агуулагдах будагч бодисууд нь шүдний гадаад шалтгаант өнгөний өөрчлөлтийн шалтгаан болно. Энэ төрлийн өнгөний өөрчлөлт нь өөртөө маш их хэмжээний нөсөөт бодис агуулдаг кофе болон улаан вино зэргээс үүсдэг. Мөн тамхи таталт болон тамхи зажлах зуршил нь өнгөний өөрчлөлтийн шалтгаан бөгөөд тамхины бохь нь шүдийг бараан хар өнгөтэй болгодог тул түүнийг зөвхөн шүдний эмчийн мэргэжлийн үйлчилгээн дор цайруулах боломжтой.

2.Цоорсон шүд. Шүдийг хангалттай сайн цэвэрлэж угаахгүй бол шүдэн дээр өнгөр тогтож хуримтлагддаг. Шүдний өнгөр нь өөртөө нян бактери агуулдаг ба нян бактерийн ялгаруулах хор нь шүдний паалангийн гадаргууг гэмтээж шүд цоорох шалтгаан болно. Шүд цоорлын эрт үеийн шинж тэмдэг нь шүдэн дээр бараан болон шаргал өнгөтэй толбо үүсэх явдал юм. Улмаар байдал муудвал тэр хэсэг бараан саарал өнгөтэй болж цоорлын хөндий үүснэ.

3. Шүдний сувгийн эмчилгээний дараа өнгө хувирах. Сувгийн эмчилгээ хийсэн шүд нь ердийн шүднээс илүү бараан болох хандлагатай байдаг. Энэ нь сувгийг ломбодсон бараан өнгийн материал нь шүдний тугалмай эдээр дамжин шүдний өнгөнд нөлөөлсөнөөс болно. Энэ нь шүдний тугалмайн эдийн өнгийг өөрчилж байгаа тул эргэлт буцалтгүй сэргээхэд хэцүү байнгын байдалтай өнгөний өөрчлөлт болно. Шүд шарлаж бараан болохын зэрэгцээгээр шүдний паалан дээр ягаавтар туяа татна.

4. Шүдний гэмтэл. Шүдний сувгийн эмчилгээ хийсэн шүдтэй адил шүдний гэмтэл нь шүдний мэдрэлийг гэмтээснээр өнгө өөрчлөгдөх шалтгаан болно. Гэмтлийн дараа төмрийн нэгдэл их хэмжээгээр агуулсан гемоглобулин бүхий цусны улаан эс ихээр ялгардаг. Энэ цусны эсүүд нь гэмтлийн дараа шүдний хөндийд хуримтлагдан үлдэж тугалмайн эдийн сувгуудруу нэвчсэнээр шүдний өнгийг бараан болгох шалтгаан болно.

5. Шүдний паалангийн хэлэржилтийн үед хэрэглэсэн эмийн бодис. Шүдний паалан хэлбэржиж байх үед хүүхэд насанд хэрэглэсэн зарим төрлийн эмийн бодис нь шүдний өнгийг насан туршид засрахааргүй болгож өөрчилдөг. Хамгийн сайн мэдэх эмийн бодис нь тетрациклин бөгөөд шүдийг шар бараан, саарал өнгөтэй болгодог. Мөн зарим нэгэн ам зайлагч уусмалд агуулагдах хлоргексадин болон цетилперидин хлорид зэрэг бодис нь шүдний өнгийг өөрчилдаг тул болгоомжилох хэрэгтэй.

6. Флюроз буюу шүд толботох эмгэг. Шүдний өсөлт хөгжилтийн үе шатанд хүүхдийн биед гаднаас авах фторын хэмжээ ихсэх нь шүд толботох эмгэг үүсэх шалтгаан болно. Толботох эмгэгийн хүндрэлийн зэргээс хамааран шүд шар ба бараан хүрэн толбо эсвэл тэр хэсэгт паалангийн дутмагшил үүсэж эмтэрсэн байна.

7. Цаг хугацаа өнгөрх тусам шүдний өнгө хувирах. Энэ нь физиологийн хэвийн үйл явц бөгөөд хүний нас ахих тусам шүдний тугалмай эдийн өнгө бараан болж шүдний өнгө өөрчлөгддөг.

8. Амальгаман ломбоноос шалтгаалж шүдний өнгө хувирах. Мөнгөлөг амальгам ломбоны материал нь өөртөө хэд хэдэн төрлийн металл агуулдаг. Эдгээр металлуудын бараан өнгө нь амальгаман ломбоны том дутагдалтай тал юм. Бүх металлын нэгэн адил амальгаман ломбонд агуулагдах металлууд ч зэврэлд өртөнө. Эдгээр зэвэрсэн бичил хэсгүүд нь тугалмайн сувгуудад болон шүдний паалангийн талст бүтцүүдийн дундуур нэвчсэнээр шүдний өнгө өөрчлөх шалтгаан болно.

9. Цагаан өнгөтэй ломбоны өнгө шар болж хувирах. Шүдийг нөхөн сэргээх ломбоны материалууд нэн ялангуяа цагаан өнгөтэй композит материал нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнгөө алдаж бараан болдог. Энэ нь тухайн материалын шинж чанараас шалтгаалсан өнгөний өөрчлөлт бөгөөд шүдний гоо сайханд сөргөөр нөлөөлж шүдний өнгийг гутаадаг. Иймд ломбоны материал өнгөө алдсан бол түүнийг солиулах нь зүйтэй.

10. Ломбоны эргэн тойрон дахь нэвчилт. Зарим үед эмчийн алдаанаас шалтгаалан шүдний ломбо ба шүдний хооронд өчүүхэн зай үлдээчихсэн байж болно. Тэгвэл энэ хэсэг нь будагч бодис хуримтлагдах үүр болох бөгөөд будагч бодисууд тугалмайн сувгуудруу нэвчсэнээр шүдний өнгийг дотроос нь өөрчлөх шалтгаан болно. Энэ тохиолдолд ломбыг тэр чигээр нь дахин солих нь хамгийн зөв арга зам юм.

11. Шүдний чулуу хуримтлагдсанаас шалтгаалсан өнгөний өөрчлөлт. Хүн бүр болж өгвөл 6 сар тутам шүдний эмчид очиж шүдээ цэвэрлүүлж өнгөлүүлж байх нь чухал. Шүдийг дутуу цэвэрлэсний улмаас шүдний өнгөр хатуурч шар бараан өнгийн хатуу зүйл болсоныг шүдний чулуу гэж нэрлэдэг. Шүдний чулуу хуримтлагдах нь шүдний өнгө өөрчлөх томоохон шалтгаан болно.

 

Шүдний өнгөний өөрчлөлтийн тавилан ба эмчилгээ

Гадаад шалтгаантай ихэнх өнгөний өөрчлөлтийг гэрийн нөхцөлд шүдээ сайн цэвэрлэх ба зориулалтын шүд цайруулагч ашиглан эмчилж болно. Хэрэв илүү хүнд хэлбэрийн өнгөний өөрчлөлт бол шүдний эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах эмчилгээ хийж өнгийг буцаан сэргээнэ. Гэвч шүд цайруулах эмчилгээ нь шүдний дотоод шалтгаантай өнгөний өөрчлөлтийн үед үр нөлөө багатай. Иймд дотоод шалтгаантай хүнд хэлбэрийн өнгөний өөрчлөлтийн үед шүдийг гадуур нь бүрээс хийх (crown) болон нүүрэвч хийх (veneer) зэрэг гоо сайхны эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Tag:шүдний гоо сайхан, шүд цайруулах
Бусад
avatar