Шүдний рентген зураг (X-rays) гэж юу вэ? Шүдний рентген зураг авхуулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?
2017.04.14 0.0 0

Хэрэв та шүдний эмнэлэгээр байнга тогтмол үйлчлүүлдэг бол үе үе шүдний рентген зураг аваад байгааг анзаарсан байх. Энэхүү рентген зураг гэдэг нь шүдний эмчийн хувьд маш чухал зүйл бөгөөд буйлан дор ясны гүнд байх шүдний дотоод бүтцэд юу болоод байгааг илрүүлж оношлоход зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ та ийнхүү байн байн рентген зураг аваад байгаад жаахан эргэлзэж рентген зураг авхуулах нь аюултай эсэх ингэж байн байн аваад байх нь зөв эсэх талаар бодож байж болох юм. Энэ асуултанд хариулт өгөхийн тулд дараах мэдээллийг бэлтгэлээ.

 

Шүдний рентген (X-rays) гэж юу вэ?

Шүдний рентген гэдэг нь буйлны дор ясны гүнд байрласан шүдний дотоод бүтэц, түүшин яс, паалангийн дор хучигдсан эдүүдийн бүтцийг оношлох зорилгоор ашигладаг 2 хэмжээст зурган дүрслэл юм. Өнөө үед хоёр төрлийн рентгенийг шүдний эмчилгээний салбарт ашиглаж байгаа нь хальсны рентген ба дижитал рентген юм. Сүүлийн жилүүдэд дижитал рентген зургийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь түүний хальсны рентген зурагтай харьцуулбал ялгарах цацрагийн хэмжээ 80%-аар буурсан үзүүлэлт, зургийг маш түргэн хугацаанд боловсруулдаг чадвар, зүргийн хадгалалтын сайжруулсан нөхцөл байдал зэрэгтэй холбоотой юм.

Шүдний рентген зураг нь интраорал буюу рентген хальсыг аман дотор байршуулж зураг авах, экстраорал буюу амны гадна рентген хальсыг байрлуулж зураг авах гэсэн хоёр үндсэн төрөлд ангилагдна.

Интраорал шүдний рентген зураг нь шүд ба түүний орчны ясны эдийн дүрслэлийг маш тодорхой бодит байдлаар, бодит хэмжээтэй илүү ойр дүрслэн гаргах тул шүдний эмч энэ төрлийн рентген зургийг шүдний цоорлыг тодорхойлох, шүдний хөгжлийг хянах, сурвалж болон орчны эдийн нөхцөл байдлыг оношлоход ашиглана.

Экстраорал рентген зураг нь эрүү нүүрний эдүүдийг нэлэнхүйд нь багтаасан илүү том хэмжээтэй зургийг авахад ашигладаг. Ийм төрлийн рентген зургийн хамгийн их ашиглагддаг төрөл нь дэлгэмэл рентген зураг бөгөөд эмч нар энэ зургийг эрүү хоншоорын хөгжлийг тодорхойлох, эрүү хоншоорын хугарал, гэмтлийг илрүүлэх, саатсан агт арааны байршлыг тогтоох зэрэгт мөн шүдний гажиг заслын эмчилгээ ба имплант эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад ашиглана.

 

Шүдний рентген зургийг хэр хугацаанд авхуулах нь зохимжтой вэ?

Шүдний рентген зургийг зөвхөн оношлогооны зорилгоор ашигладгийг дээр дурдсан. Хэрэв таны амны хөндийн нөхцөл байдал эрүүл, асуудалгүй бол эмч заавал байн байн рентген зураг аваад байх шаардлагагүй бөгөөд зөвхөн хяналтын зорилгоор 24-36 сарын дотор нэг удаа авч үзэж болно. Харин таны амны хөндийд шүдний цоорол, шүдний ёзоорын асуудал, буйлны үрэвсэл илрэх юм бол шүдний эмч зайлшгүй рентген зураг авч нөхцөл байдлыг тодруулан онош тавина.

 

Хэрэв та тогтмол хугацаанд рентген зургийн хяналт хийлгэхээс татгалзвал юу болох вэ?

Шүдний рентген зураг нь эмчийн хувьд гаднаас харж илрүүлэх боломжгүй буйлан дор ясны эдийн гүнд байгаа шүдний эмгэгийг олж илрүүлэхэд тусладаг маш чухал оношлогооны хэрэгсэл юм. Рентген зураггүйгээр эдгээр эмгэгийг ихэнх тохиолдолд мэдэх боломжгүй бөгөөд эмгэгийг буруу оношилж, буруу эмчилгээ хийх эрсдэлтэй. Эмгэг өөрчлөлтийг буруу оношилж буруу эмчилгээ хийснээс гарах үр дагавар нь зөвхөн шүд төдийгүй таны биеийн ерөнхий эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй.

 

Шүдний рентген зураг авах үед хэр хэмжээний цацраг ялгардаг вэ?

Шүдний дижитал рентген зураг авах нь маш бага хэмжээний цацраг ялгаруулдаг болох нь судалгаагаар батлагдсан. Техникийн хэмжилтээр дижитал рентген аппарат нь ойролцоогоор 0.005 mSv хэмжээний рентген туяа ялгаруулдаг нь маш бага үзүүлэлт юм. Дижитал рентген зураг авхуулах үед ялгардаг рентген цацраг нь нэг өдөрт нарны гэрлээс ирэх болон бусад техникээс ялгарах рентген цацрагаас маш бага байдаг нь баримтаар нотлогддог. Үүний зэрэгцээгээр олон давтамжтайгаар авсан рентген цацрагийн хуримтлал ч хүний биеийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнээс бага байдаг.

 

Хэрэв танд рентген зургийн талаар илүү мэдээлэл шаардлагатай бол өөрийн үзүүлдэг шүдний эмчтэйгээ энэ талаар асууж зөвлөгөө аваарай

 

 

 

 

 

 


Tag:шүдний өвчин, Шүдний рентген, шүд цоорох өвчин
Бусад
avatar